УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан чуулганы хуралдаан даргалах үеэрээ УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн бүрэн эрхэнд халдсан асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат Үндсэн Хуулийн Цэцэд гомдол гаргахаар боллоо.
Учир нь УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар 2020 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа энэ өдрүүдэд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газраас оруулж ирсэн төсөлд бичсэн зүйлийг уншиж, асуултдаа хариулт авах гэсэн үйлдлийг нь УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан бусдыг доромжлон гүтгэлээ гэж үзэж, Дэгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт заасны дагуу сануулах хариуцлага хүлээлгэн долоо хоног чуулганы хуралдаанд суулгахгүй хэмээн алх тогшсон юм.
УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханы энэ үйлдэл нь шинэчлэн баталсан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зүйл заалтыг гажуудуулж, Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргаж байна хэмээн үзэж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Үндсэн Хуулийн Цэцэд гомдол гаргахаар болжээ. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсэгт “… тухайн өдрийн хуралдаанд оролцох эрхийг хасаж, түүнийг хуралдааны танхимаас гаргана” гэж зохицуулсан байхад 2020 оны наймдугаар сарын 17-ны өдөр чуулганы хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан энэ үйлдлээрээ хуралдаан даргалах эрхээ хэтрүүлэн Б.Пүрэвдорж гишүүний чуулганы хуралдаанд оролцохыг 7 хоногоор үндэслэлгүй хассан нь цаашлаад Ховд аймгийн нийт иргэдийн төрд төлөөлөх эрхэд шууд халдсан үйлдэл болж байна.
Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.9 дэх хэсэгт заасны дагуу гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух, байр сууриа илэрхийлэх, санал гаргах, санал хураалгах эрхтэй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Гишүүн бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, гүтгэхээс бусад тохиолдолд бүрэн эрхийнхээ хүрээнд нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлж хэлсэн үг, дэвшүүлсэн санал, өөрийн санаачилсан хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл, УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулсан асуудлын төлөө бүрэн эрхийнхээ хугацаанд болон түүний дараа хуулийн хариуцлага хүлээхгүй” гэх тус тус заалт нь гишүүний бүрэн эрхийн баталгаа юм.
Эрх баригч намын удирдлагууд хэт бярдсан байдлаар сөрөг хүчний дуу хоолойг боомилж, төрд хяналт тавих эрхийг зөрчиж буйгаас гадна сонгогчдынх нь төлөөлүүлэх эрхэд ийнхүү халдаж байгаа энэ мэт үйлдлийг Үндсэн Хуулийн Цэц зайлшгүй анхаарах ёстой гэж үзжээ.
2020 оны наймдугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны энэ үйл явдлыг эргэн сануулахад:
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ