ИЦББХ: Хууль, тогтоолын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Хуучирсан мэдээ: 2020.08.19-нд нийтлэгдсэн

ИЦББХ: Хууль, тогтоолын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.08.19) хуралдаан 11 цаг 05 минутад 53.8 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.

“Ковид-19” цар тахал дэлхий нийтийг хамарч, улс орнуудын нийгэм, эдийн засагт урьдчилан тооцоолоогүй их хэмжээний хохирол учирч, улмаар 2020 оны дэлхийн эдийн засаг огцом буурч 4-6 хувиар агшихаар байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлт өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар, нийт экспорт 28 хувиар, уул уурхайн экспорт 25 хувиар, нийт импорт 15 хувиар буурч, улмаар төсвийн орлого төлөвлөснөөс 1.2 их наяд төгрөгөөр буураад байна. Гэнэтийн давагдашгүй цар тахал, хөл хорионоос үүдэлтэй эдийн засаг, төсөв санхүүгийн хүндрэл үргэлжилж байгаа хэдий ч Засгийн газар иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих мөчлөг сөрсөн бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Үүний зэрэгцээ төсвийн тэвчиж болохуйц зардлыг бууруулж, төрийн үйлчилгээний үр ашгийг сайжруулан, төсөв хэмнэхийн зэрэгцээ эдийн засгаа сэргээхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг шат дараатай авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Төсвийн орлого тасрах гол шалтгаан болж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас боломжтой бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байна гэлээ.

Дээр дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нэгдсэн төсвийн нийт орлого 10.7 их наяд төгрөг, нийт зарлага 14.6 их наяд төгрөг, төсвийн нийт алдагдал 3.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэх юм байна.

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг, Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин, Ц.Сэргэлэн нар асууж, хариулт авлаа.

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан төрийн байгууллагуудад цахим шилжилт хийх шаардлага үүссэн. Ялангуяа боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудын программ хөгжүүлэлт, технологийн шинэчлэл хийх, мэргэжилтнүүдийг чадваржуулах хэрэгцээ бий. Цахим засаглалыг хөгжүүлэхэд зарцуулах хөрөнгө оруулалт, төсвийг нэмэгдүүлэх ямар ажил хийгдэж байгааг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг асууж, тодруулав. Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нар төсвийн тодотголын гол зорилгын нэг нь цахим технологийг төрийн бүх шатны үйлчилгээнд нэвтрүүлж, цаасны хэрэглээг бууруулж төсөв хэмнэх, хяналтын тогтолцоог бүрдүүлэхэд чиглэх ёстойг хэлж байв. Цахим шилжилтийг хийхдээ дижитал эх үүсвэрийг төр, хувийн хэвшлийн аль ч байгууллагад баталгаа болгож ашигладаг шилжилтийг хийх хэрэгтэй гээд үүнд төсөв хуваарилсан эсэхийг тодруулав.

Цахим шилжилтийн тухайд “E Mongolia” үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 100 хоногт хийх ажлын хүрээнд багтаасан. Төсвийн тодотголоор 1.7 тэрбум төгрөгийн зардлыг нэмүүлэх хүсэлтийг оруулсан. Энэ үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр иргэд төрийн бүх үйлчилгээг нэг дороос авах цахим платформыг бий болгоно хэмээн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ хариулт өглөө. Цахим шилжилтийг хийхэд төсвийн тодотголд 2.0 тэрбум төгрөгийг нэмж тусгасан. Цахим шилжилт хийгдэж, үйл ажиллагаанд хэвшсэний дараа бүрэн үр дүн, хэмнэлт гарна. Тухайлбал, төрийн албан хаагчдын цалинг нэгдсэн нэг системээр өгч эхэлнэ. Ингэснээр төрийн албан хаагчдын бодит тоо тодорхой болно. Мөн төрийн байгууллага бүр чиг үүргийн дагуу иргэд, аж ахуйн нэгжид олгодог зөвшөөрлүүдийг цахим хэлбэрт шилжүүлбэл олон зардал чирэгдлийг арилгах боломжтой. Үүнийг нэмэлт төсөв шаардахгүйгээр дотоод нөөц бололцоондоо тохируулаад хийх бололцоотой.

Харин харилцаа холбооны салбарыг хөгжүүлэхэд БНХАУ, БНСУ, Дэлхийн банкны санхүүжилттэй төсөл, хөтөлбөрүүд болон улсын төсөвт суулгасан төслүүд гээд төсөв, санхүүгийн асуудлыг харьцангуй шийдсэн. Гол нь энэ төсвөө үр ашигтай, оновчтой зарцуулах хэрэгтэйг Сангийн сайд хариултдаа онцлов.

Ерөнхий боловсролын болон их, дээд сургууль төгссөн лавлагааг цахимаар өгч байна. Улсын төсвийн хөрөнгөөр боловсролын байгууллагуудын цахим шилжилтийг дэмжих зорилгоор энэ онд 8.7 тэрбум төгрөгийн компьютер, техник тоног төхөөрөмж, цахим системүүдийг худалдаж авсан. Өнгөрсөн долоо хоногт Байнгын хорооноос зохион байгуулсан “Боловсролын салбар дахь цахим шилжилт” хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийн дагуу хэд хэдэн ажлыг хийхээр төлөвлөсөн гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Үндэсний дата төвийн чадавх, иргэдийн мэдээллийн нууцлалыг сайжруулахад анхаарах, хууль эрх зүйн орчныг чангатгах хэрэгтэйг мэргэжлийн байгууллагуудад сануулав.

Ийнхүү Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг дуусгаж, Улсын Их  Хурлын гишүүн С.Ганбаатар хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар боллоо.

Үргэлжлүүлэн “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Энэ төслийг Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн юм. Үндэсний аудитын газраас хийсэн санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын талаар Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал Ц.Наранчимэг танилцууллаа.

Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд Инновац, цахим бодлогын байнгын хороонд харьяалагдах Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 121 санхүүгийн тайлан нэгтгэгдэж, 97 байгууллагад дүгнэлт гаргаж, 19 байгууллагыг түүвэрт хамруулжээ. 4 байгууллагын санхүүгийн тайланд итгэл үзүүлсэн бол 1 байгууллага аудитад хамрагдаагүй байна. Дүгнэлт гаргасан 97 байгууллагаас 81 байгууллага зөрчилгүй, 13 байгууллагад хязгаарлалттай, 2 байгууллагад сөрөг санал дүгнэлт өгсөн бол 1 байгууллагад санал дүгнэлт өгөхөөс татгалзсан байна. Аудитаар 131.3 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илрүүлснээс 50.7 тэрбум төгрөгийн алдааг аудитын явцад залруулж, 0.1 тэрбум төгрөгийн зөрчилд 46 төлбөрийн акт тогтоож, 46.2 тэрбум төгрөгийн зөрчилд 87 албан шаардлага хүргүүлсэн байна. 34.3 тэрбум төгрөгийн алдаа зөрчилд 261 зөвлөмж өгчээ.

Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2019 оны санхүүгийн тайланд аудитаар зөрчилгүй санал дүгнэлт өгсөн. 7.5 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илэрснээс 7.4 тэрбум төгрөгийн алдааг аудитын шалгалтын явцад залруулжээ. 113.3 сая төгрөгийн зөрчилд албан шаардлага, 66.1 сая төгрөгийн алдааг арилгах, давтан гаргахгүй байх талаарх 3 зөвлөмжийг өгчээ.

“Монгол шуудан” компанийн 2019 оны санхүүгийн тайланд аудитаар зөрчилгүй санал дүгнэлт өгсөн бөгөөд 458.9 сая төгрөгийн алдаа зөрчлийг илрүүлснээс 394 сая төгрөгийн алдааг аудитын явцад залруулсан байна. 43.1 сая төгрөгийн алдаа зөрчилд төлбөрийн акт тогтоож, 21.8 сая төгрөгийн зөрчилд албан шаардлага хүргүүлсэн байна. “Монголын цахилгаан холбоо” компанийн 2019 оны санхүүгийн тайланд аудитаар зөрчилгүй санал дүгнэлт өгсөн бөгөөд 184.1 сая төгрөгийн алдаа зөрчлийг илрүүлснээс 178.7 сая төгрөгийн алдааг аудитын явцад залруулсан байна. 5.4 сая төгрөгийн алдаа зөрчлийг давтан гаргахгүй байх 3 зөвлөмжийг өгсөн байна.

Мэдээлэл, технологийн үндэсний паркийн 2019 оны санхүүгийн тайланд аудитаар зөрчилгүй санал дүгнэлт өгсөн бөгөөд 43.2 сая төгрөгийн алдаа зөрчлийг илрүүлснээс 6.7 сая төгрөгийн зөрчилд албан шаардлага, 36.5 сая төгрөгийн алдаа зөрчлийг давтан гаргахгүй байх 2 зөвлөмжийг өгсөн. “Мэдээлэл, холбооны сүлжээ” ТӨХК-ийн 2019 оны санхүүгийн тайланд аудитаар зөрчилгүй санал дүгнэлт өгсөн бөгөөд 281.5 сая төгрөгийн алдаа зөрчлийг илрүүлснээс 22.8 сая төгрөгийн алдааг аудитын явцад залруулсан байна. 258.7 сая төгрөгийн алдаа зөрчлийг давтан гаргахгүй байх 7 зөвлөмжийг өгсөн байна.

“Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ-ын 2019 оны санхүүгийн тайланд аудитаар зөрчилгүй санал дүгнэлт өгсөн бөгөөд 46.8 сая төгрөгийн алдаа зөрчлийг илрүүлснээс 6.9 сая төгрөгийн зөрчлийг аудитын явцад залруулж, 20 сая төгрөгийн зөрчилд албан шаардлага, 19.9 сая төгрөгийн алдаа зөрчлийг давтан гаргахгүй байх 4 зөвлөмж өгсөн. “Үндэсний дата төв” УТҮГ-ын 2019 оны санхүүгийн тайланд аудитаар зөрчилгүй санал дүгнэлт өгсөн бөгөөд 35.9 сая төгрөгийн алдаа зөрчлийг илрүүлснээс 35.9 сая төгрөгийн зөрчилд албан шаардлага өгч, зөрчлийг давтан гаргахгүй байх 1 зөвлөмж өгчээ. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2019 оны санхүүгийн тайланд аудитаар түүвэрт хамруулсан буюу аудитаар 33.5 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илэрснээс 32.9 тэрбум төгрөгийн алдааг аудитын явцад залруулж, 100 сая төгрөгийн алдаа зөрчилд төлбөрийн акт тогтоож, 191.1 сая төгрөгийн зөрчилд албан шаардлага, 244.7 сая төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 2 зөвлөмж өгсөн гэв.

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн 2019 оны санхүүгийн тайланд аудитаар түүвэрт хамруулсан буюу 28.9 тэрбум төгрөгийн алдаа зөрчлийг илрүүлснээс аудитын явцад 28.6 тэрбум төгрөгийн алдаа зөрчлийг залруулж, 9.9 сая төгрөгийн зөрчилд 1 төлбөрийн акт тогтоож, 291 сая төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 2 албан шаардлага хүргүүлсэн гэлээ.

“Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх танилцуулгыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн хийлээ. Танилцуулгадаа, нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчийн нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 1 их наяд 784.8 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, урсгал зардалд 1 их наяд 178.8 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 559.0 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Улсын төсвөөс 1 их наяд 778.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 5.8 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны дарга Н.Учрал асуулт асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн юм.

Ингээд “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн  хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж