НББХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ | News.MN

НББХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

НББХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.08.18/ хуралдаан 09.10 цаг 10 минутад 17 гишүүний 14 нь хүрэлцэн ирснээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов.

Байнгын хорооны дарга М.Оюунчимэг гишүүдийн ирцийг танилцуулснаар хэлэлцэх асуудалдаа орж, эхлээд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслийн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийв.

Тэрбээр, “Ковид 19” цар тахал дэлхий нийтийг хамарч, улс орнуудын нийгэм, эдийн засагт урьдчилан тооцоолоогүй их хэмжээний хохирол учирч, улмаар 2020 оны дэлхийн эдийн засаг огцом буурч -4-6 хувьд хүрэхээр байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагас жилд -9.7 хувиар, нийт экспорт эхний хагас жилийн байдлаар 28 хувиар, уул уурхайн экспорт 25 хувиар, нийт импорт 15 хувиар, төсвийн орлого төлөвлөснөөс 1.2 их наяд төгрөгөөр тус тус буурсан. Иймд Засгийн газраас эдийн засгийг идэвхжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих, цар тахлын эрсдлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангах, экспортыг далайцтай нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг он дуустал үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

…Төсвийн орлого тасрах гол шалтгаан болж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас боломжтой бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Дээр дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нэгдсэн төсвийн нийт орлого 10.7 их наяд төгрөг, нийт зарлага 14.6 их наяд төгрөг, төсвийн нийт алдагдал 3.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэх юм” гэж танилцууллаа.

Байнгын хорооны дарга эрхлэх асуудлын хүрээнд буюу Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн гэсэн дөрвөн байгууллагын хүрээнд төсвийн тодотголыг хэлэлцэх ёстойг сануулснаар төсвийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Чинбүрэн, Д.Сандаг-Очир, Ц.Туваан, Б.Энх-Амгалан нар асууж, хариулт авав.

Гишүүд, хөнгөлөлттэй эм олгох үйл явцыг хялбаршуулах, хөнгөлөлттэй эмийн нэр төрлийг оновчтой болгож цөөлөх,  өрхийн эмнэлгийн санхүүжилтийг хүн амын ачаалалд нийцүүлж нэмэгдүүлэх, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах, төв магистрал замын дагуух сумдын эмнэлэгт ачааллаас нь шалтгаалж төсөв нэмэгдүүлэх, зорилтот бүлэгт олгодог хүнсний талоны хүртээмжийг нэмэгдүүлэх, өвчлөлийн эх үүсвэр болж буй хүнсний аюулгүй байдалд анхаарч, эрүүл хүнсний хэрэглээг дэмжих зэрэг асуудал төсвийн тодотголд хэрхэн туссан талаар Сангийн сайд болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас асууж, хариулт авав.

Асуулт, хариулт дууссанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа.

Ийнхүү Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг дуусгаж, Улсын Их  Хурлын гишүүн С.Ганбаатар хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар болов.

Дараа нь “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав.

Хуулийн төслийн талаарх танилцуулгадаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Тус Байнгын хороонд харъяалагдах  Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн нийт 341 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хороонд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 4 их наяд 816.0 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, урсгал зардалд 4 их наяд 690.4 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 125.7 тэрбум төгрөгийг зарцуулсан байна” гэлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж үргэлжлүүлэн Тус байнгын хорооны харъяа Эрүүл мэндийн сайд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2019 оны  санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын талаар Монгол Улсын ЕРӨНХИЙ АУДИТОРЫН  орлогч О.Тэнгис танилцуулав.

Эрүүл мэндийн сайд “Зөрчилгүй”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн байна.

Тогтоолын төсөл болон аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ц.Сандаг-Очир, Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, С.Одонтуяа, Ц.Туваан, Ч.Ундрам, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг нар асуулт асууж, үг хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар эрүүл мэндийн салбарт эрүүл мэндийн даатгал болон Улсын төсвөөс санхүүжих санхүүжилтийн харьцаа, Нийгмийн даатгалын 5 сангийн үйл ажиллаганы талаар, Ц.Сандаг-Очир ядуу өрхийн тэтгэмжийг зохицуулах журам батлаагүйгээс шалтгаалан тодорхой хэмжээний төсөв иргэдэд очиж чадаагүйг хэрхэн шийдвэрлэх, ажлын байр бий болгох чиглэлээр ямар ажил төлөвлөсөн талаар, мөн “Сөрөг” болон “Зөрчилтэй” дүгнэлт өгсөн байгууллагуудад ямар арга хэмжээ авах талаар, Б.Баярсайхан гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл хэдэн хувиар буурсан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, Ц.Туваан Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны талаар барьж буй бодлого, арга хэмжээ, С.Одонтуяа Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн урсгал зардалд зарцуулсан төсөв, Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан хүүхдийн эрхийн улсын байцаагчийн дуу хоолой нийгэмд яагаад хүрэхгүй байгаа талаар, Б.Жаргалмаа өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа хэзээ шинэчлэгдэх талаар асуулт асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан элсэлтийг зохион байгуулж, багш нарыг чадавхижуулахад анхаарч ажиллах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурах орчинг сайжруулж, ажлын байр бий болгоход анхаарч ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагчаас хүслээ.

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг гишүүдээс гаргаж буй хөнгөлөлттэй эмийг борлуулах журмыг иргэдэд хүндрэлгүйгээр зохион байгуулах чиглэлээр яаралтай арга хэмжээ авч ажиллах шаардлагатайг онцлон дурдлаа.

Ийнхүү “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж дууссанаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулахаар тогтон хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-19 202.55.188.88

Гуйлгачин болох ,болцон байгаа хүмүүсээ яах гэж байна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж