Инфографик: Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга | News.MN

Инфографик: Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

Инфографик: Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит  чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулгаинфографикийн хамт хүргэж байна.

МОНГОЛ УЛС, ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН АССОЦИАЦИ ХООРОНДЫН “МАЛ АЖ АХУЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН САНХҮҮЖИЛТИЙН ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Төсөв, Эдийн засгийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар тус тус урьдчилан зөвшилцөж, Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.

Мал аж ахуйд суурилсан үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, зах зээлтэй холбох, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулах замаар хөдөөгийн хүн амын амьжиргааг сайжруулж, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилготойгоор Дэлхийн банкны 11.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийг Хөвсгөл, Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор гэсэн 5 аймгийн 15 суманд 2013-2017 оны хооронд амжилттай хэрэгжүүлсэн. Ийнхүү “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийн хүрсэн амжилтад суурилж, төслийн 2 дугаар үе шат буюу “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийг Дэлхийн банкны 30.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тохирсон.

“Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төсөл нь салбарын өрсөлдөх чадвар, бүтээмжийг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих, мал эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх, чадавхжуулах, малын эрүүл мэндийн чиглэлээр тулгамдаж буй томоохон асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэх бөгөөд 2017 онд батлагдсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад хувь нэмэр оруулна. Төсөл нь дараах үндсэн 4 бүрэлдэхүүн хэсэгтэй:

Бүрэлдэхүүн хэсэг 1:

Малын эрүүл мэндийн үйлчилгээг чадавхжуулах –

20.0 сая ам.доллар

Бүрэлдэхүүн хэсгийн зорилго, хүрэх үр дүн:

Малын эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж, чадавхыг сайжруулах замаар мал, амьтны хил дамнасан халдварт болон гоц халдварт өвчинтэй холбоотойгоор мал аж ахуйн салбар, нэн ялангуяа мах, махан бүтээгдэхүүний экспортод учирч буй хүндрэл, хязгаарлалтыг арилгахад голчлон анхаарна. Тус салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, экспортын чиг баримжаатай болгон хөгжүүлэх, экспортын орлогыг нэмэгдүүлэхэд шаардлагатай өвчнөөр тайван бүс, тусгаарлагдсан аж ахуйг байгуулах, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, мал эмнэлгийн үйлчилгээ, лабораторийн чанарыг сайжруулах, олон улсад итгэмжлэгдсэн лабораторийн тогтолцоог хөгжүүлэх, орон нутгийн малын эмч нарын чадавхыг бэхжүүлэх, эрсдэлд суурилсан хүнсний аюулгүй байдал, малын өвчний хяналтын тогтолцоог хөгжүүлж бэхжүүлэхэд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

1.1.   Малын эрүүл мэндийн үйлчилгээний тогтолцоо, зохион байгуулалтын чадавхыг сайжруулах (5.0 сая ам.доллар): мал эмнэлгийн салбарын малын эрүүл мэндэд чиглэсэн бодлого, дүрэм журам, стандартыг Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын буюу олон улсын жишигт нийцүүлэх, малын өвчнөөр тайван бүс, тусгаарлагдсан аж ахуйг байгуулах, тэдгээрийн дүрэм, стандартыг боловсруулах, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, экспортын зах зээлийг төрөлжүүлэх, малын эмч нарын мэдлэг, чадварыг сайжруулах, мал эмнэлгийн салбарын дэд бүтцийг бэхжүүлэх, мал эмнэлгийн чанартай үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангах.

1.2.   Эрсдэлд суурилсан мал, амьтны өвчний тандалт, хяналт, хүнсний аюулгүй байдлын хөтөлбөрийн тогтолцоог олон улсын жишигт хүргэж сайжруулах (9.0 сая ам.доллар): мал, амьтны өвчний тандалт, урьдчилан сэргийлэх болон хяналтын хөтөлбөрүүд, хүнсний аюулгүй байдлын талаар хэрэгжүүлж буй хөтөлбөрийг олон улсын жишигт нийцэж буй эсэхийг үнэлэх, сайжруулах, улс даяар хэрэгжүүлэх; үндэсний (2), бүсийн (2), аймгийн (14) болон анхан шатны мал эмнэлгийн лабораторийн сүлжээ (150 сум), дэд бүтэц, багаж, тоног төхөөрөмж, чадавхыг сайжруулах; өвчний эрсдэл, ач холбогдлоор нь эрэмбэлж арга хэмжээг хэрэгжүүлэх, Монгол Улсын тодорхой бүс нутгийг мал, амьтны гоц халдварт өвчнөөр тайван бүс нутаг болгох, олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

1.3.   Мал, амьтны эрүүл мэндэд цахим үйлчилгээг хөгжүүлж, нэвтрүүлэх (4.0 сая ам.доллар): малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх системийг хөгжүүлэх; мал эмнэлгийн үйлчилгээг цахимжуулах; малын гарал үүслийн баталгаажуулалт, мөрдөн мөшгөх тогтолцоог хөгжүүлэх, улс даяар нэвтрүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, экспортын боломжийг нэмэгдүүлэх.

1.4.   Мал, амьтны эрүүл мэндийн үйлчилгээнд хувийн салбарын оролцоог сайжруулах (2.0 сая ам.доллар): мал, амьтны эрүүл мэндийн үйлчилгээнд олон нийт, малчдын оролцоог нэмэгдүүлэх, олон нийттэй харилцах стратеги, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, малчдыг чадавхжуулах; малын эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, санхүүгийн үйлчилгээг тогтвортой болгох чиглэлээр төр-хувийн хэвшлийн түншлэлийн механизмыг турших.

Бүрэлдэхүүн хэсэг 2:

МАА-н бүтээмжийг нэмэгдүүлэх, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх –

8.0 сая ам.доллар

Бүрэлдэхүүн хэсгийн зорилго, хүрэх үр дүн:

Малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, мал бордох, тэжээлийн үйлдвэрлэл, эрчимжсэн мал аж ахуй, малын үржил, тэжээл, малын эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр хамтран ажиллах, малчид, хоршоодыг зах зээл, үйлдвэрлэгчидтэй шууд холбогдох өртгийн сүлжээг хөгжүүлэх, ханган нийлүүлэлтийн тогтвортой байдлын дэд төслүүдийг хэрэгжүүлэх, малын ашиг шим, бүтээмж, үржлийг сайжруулах.

Бүрэлдэхүүн хэсэг 3:

Төслийн удирдлага –

2.0 сая ам.доллар

Бүрэлдэхүүн хэсгийн зорилго:

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнууд, техникийн болон мэргэжлийн зөвлөх багийн цалин хөлс, сургалт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээлэл түгээх, аудит, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн удирдлагын зардлыг тус тус санхүүжүүлнэ.

Бүрэлдэхүүн хэсэг 4:

Байгалийн гамшиг, онцгой байдлын удирдлага

Бүрэлдэхүүн хэсгийн зорилго:Төслийн хэрэгжилтийн үед мал аж ахуйн салбар, малчдын амьжиргаанд сөргөөр нөлөөлөх улсын хэмжээний байгалийн гамшиг, онцгой байдал тохиолдсон үед төслийн хөрөнгийг шаардлагатай зардал /малын эм, вакцин, онцгой байдлын хэрэгсэл, тоног төхөөрөмж, малын тэжээл, шатахуун, хүнс, зам засвар зэрэг/-ыг санхүүжүүлэхэд яаралтай захиран зарцуулах боломжийг нээх механизм юм.

Төслийг Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Булган, Орхон, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Сүхбаатар зэрэг 14 аймгийн 150 сумд болон Улаанбаатар хотод хэрэгжүүлэх болно. Ингэхдээ баруун 7 аймгийг малын гоц халдварт өвчнөөр тайван бүс хэмээн олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, төсөл хэрэгжих нийт аймгуудын мал эмнэлгийн лабораторийг сайжруулах, сүлжээ, дэд бүтцийг хөгжүүлэх, улс даяар нийт малын эмч нарыг чадавхжуулах, мал эмнэлгийн тогтолцоог сайжруулах чиглэлээр ажиллах юм.

Дэлхийн банкнаас Олон улсын хөгжлийн ассоциацийн 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг дараах нөхцөлөөр олгоно.

Эх үүсвэрСанхүүжилтЗээлийн нөхцөл
Олон улсын хөгжлийн ассоциаци /хөнгөлөлттэй зээл/21.1 сая зээлжих тусгай эрх

=

30.0 сая ам.доллар

-Эргэн төлөгдөх хугацаа: 30 жил;

-Үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: эхний 5 жил;

-Зээлийн хүү: 1.25 хувь;

-Хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны хураамж: 0.5 хувь;

-Үйлчилгээний хураамж: 0.75 хувь.

Улсын Их Хурлын Тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж