Монголбанкнаас өнөөдөр /2020.08.19/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
Монголын банкны салбарт 35 орчим их наяд төгрөг эргэлдэж байгаа чухал салбар. Өөрөөр хэлбэл, улсын төсвөөс гурав дахин том. Энэ салбараас Монгол Улсын эдийн засаг тэтгэгдэж явдаг. Монголд системийн нөлөө бүхий таван банк байдаг. Таван том банк нь банкны системийн 85 хувийг эзэлдэг, таван том банкны үзүүлэлтүүд хангалттай хэмжээнд байгаа.
Юуны өмнө би банкны салбартай холбоотой хэдэн тоо хэлье. Энэ салбарт эргэлдэж буй нийт мөнгөний хэмжээ 35 их наяд төгрөгт хүрсэн. Зээлийн хэмжээ 20 орчим их наяд төгрөг байгаа юм. Энэ бол хадгаламж эзэмшигчдийн мөнгө. Үндэсний аудитын газрын орлогч дарга өчигдөр хоёр том банк эрсдэлтэй байгаа талаар танилцууллаа. Банкны секторт том, жижиг гэж хуваадаггүй. Системийн нөлөө бүхий, жижиг гэж ялгадаг. Системийн нөлөө бүхий банкинд “Хаан банк”, “Худалдаа хөгжлийн банк”, “Голомт”, “Хас банк”, “Төрийн банк” ордог бөгөөд банкны системийн 85 хувийг эзэлдэг. Үлдсэн 15 хувийг жижиг банкууд эзэлдэг. Санхүүгийн салбарын 90 хувь нь банкны салбар дээр тогтдог.
Өчигдөр Монголын банкны холбооноос мэдэгдэл гаргасан. Өнөөдөр Монголбанкнаас мэдээлэл хийж, мэдэгдэл гаргах гэж байна. Болчимгүй мэдээллээс болж банкны салбар доргих магадлалтай. Тэгэхээр энэ асуудалд Монголбанкнаас хуулийнхаа хүрээнд банкны хяналт шалгалтыг хийж байгаа. Өнөөдөр банкны салбар тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Үндэсний аудитын газрын орлогч дарга өчигдөр хоёр банкны талаар дурдахдаа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын хөрөнгө хаана байна, юу болов гэдэг асуултад хариулж байсан. Та бүхний мэдэж байгаагаар 2017 оны наймдугаар сард ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд активын чанарын үнэлгээг банкны салбарт хийсэн. Өнгөрөгч 2018 оны тавдугаар сард гарсан дүнгээр нийт банкны системийн тухайн үеийн 14 банкинд 500 орчим тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлага байна гэсэн зүйлийг ярьсан. Үүнд, долоон банк багтсан. Тэрнээс хойш Монголбанкнаас хугацаа өгч, тухайн банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх хөрөнгийн эх үүсвэр олж ирж, ОУВС-гийн магадлан шалгах аудит хийсэн. Энэ процесс үргэлжлээд явж байгаа. Тухайн үеийн долоон банкны нэг нь “Капитал” банк. Өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж чадаагүй учраас 2019 оны дөрөвдүгээр сард татан буугдсан. Татан буугдсан банкин дээр өчигдрийн яригдсан 233 тэрбум төгрөгийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын хөрөнгө дутагдаж байна. Энэ эх үүсвэрийг барагдуулахаар Монголбанкны эрх хүлээн авагч ажиллаж байгаа. Энэ асуудалтай холбоотой мэдээлэл хийхдээ банкны салбарт хэчнээн мөнгө байгаа вэ гэж мэдээлэхдээ санамсаргүй алдаа гаргаж, тоон материалаа буруу тайлбарлажээ.
Өнөөдөр нийт таван том банкинд 900 тэрбум төгрөгийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын хөрөнгө байршиж байгаа. Активын чанарын үнэлгээг хийхэд хоёр том, хоёр жижиг банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Хоёр том банкны хувьд өөрийн хөрөнгөө босгож, Монголбанкны зохицуулалтын журмаар тэр хөрөнгийг нь хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгөөр бүртгэсэн. Энийг нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болгох нь хуулиараа боломжтой. Энэ асуудалд ОУВС-гийн магадлан нягтлах аудитын дүгнэлтийг хүлээж байгаа. Хорио цээрийн дэглэмээс шалтгаалан энэ ажил хойшлогдоод байгаа.
Одоо өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа хоёр жижиг банк (Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банк) өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхээр ажиллаж байна. ОУВС-гаас хэрэгжүүлсэн, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хийсэн аудитын дүгнэлтэд Өршөөлийн хуулийн дараа ил болсон хөрөнгийг өөрийн хөрөнгөнд тооцохгүй гэсэн юм. Монголбанк үүнийг хүлээн зөвшөөрөөгүй.
Чили, Индонез, Норвеги гэх мэт уул уурхайн салбараас дийлэнх орлогоо бүрдүүлдэг улсуудад ч эдийн засаг нь хүндрэлтэй тулсан.
Манай улсын гадаад валютын албан нөөц 3.7 тэрбум ам.доллар байна. Бид ханшийг тогтвортой барихаар банкуудын дунд дуудлага худалдааг 7 хоногт хоёр удаа тогтмол зохион байгуулж, 1.2 тэрбум ам.доллар нийлүүлсэн.
Ирэх оны тавдугаар сард бид Мазаалай бондыг эргүүлэн төлнө. Тэр болтол томоохон дүнтэй, гадаад өр төлбөр байхгүй. Иймд макро эдийн засгийн тогтвортой байдал үргэлжлэн, зээлийн хүү буурах нөхцөл бүрдэнэ. Одоо зээлийн хүү 16 хувь байгаагийн 10 хувь эх үүсвэрийн зардал, үлдсэн нь банкны үйл ажиллагаа, өрсөлдөөн, банкуудын төвлөрлийн зардал зэрэг байгаа юм. Иймд эдгээрийн хаана нь ямар арга хэмжээ авбал зээлийн хүү буурах вэ гэдгийг тооцоолсон. Судалгааг УИХ-ын дарга Г.Занданшатарт өчигдөр хүлээлгэн өгсөн.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ