Төсвийн тодотголд 323,4 тэрбумыг суулгасан концессчид хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2020.08.19-нд нийтлэгдсэн

Төсвийн тодотголд 323,4 тэрбумыг суулгасан концессчид хэн бэ?

Төсвийн тодотголд 323,4 тэрбумыг суулгасан концессчид хэн бэ?

УИХ-ын ээлжит бус чуулганаар 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцэж буй. Уг хуулиар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11,797.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 29.0 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 13,872.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34.1 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -2,074.7 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий –5.1 хувьтай байхаар тусгагдсан.

Угтаа бол коронавирусийн цар тахлын нөлөөгөөр уул уурхайн голлох бүтээгдэхүүн дэлхийн зах зээлийн үнэ, эрэлт буурснаар 2020 онд Монгол Улсын экспорт, импорт болон төсвийн орлого саарч эдийн засгийн үйл ажиллагаа удааширч эхэлсэн нь сонгуулиас ч өмнө. Харин эрэх баригчид УИХ-ын сонгуулийн өмнө төсөвт тодотгол хийхгүй хэмээн “гүрийсээр” сонгуультай золгосон.

МАН ялалт байгуулсныхаа дараа эдийн засаг хүндэрсэн, улс орон хэцүүдлээ хэмээн төсөвтөө ийн тодотгол хийж буй. Өөрөөр хэлбэл, эрх баригчдын тооцоолж байсан орлого эдийн засгийн хямралаас үүдэж тасарч эхлээд багагүй хугацаа үдэж байна.

Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан төсвөө тодотгож байгаа нь зүйн хэрэг. Гэхдээ дайны хажуугаар дажин гэгчээр тэвчиж, тэсч болохоор зардлууд ч төсвийн тодотголд бий. Үүний нэг нь концесс. 2020 төсвийн тодотголд “2020 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар хавсралтаар баталсан “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх барих-шилжүүлэх концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн жагсаалтад өөрчлөлт оруулахаар тусгасан.

МАН үнэмлэхүй олонх байхдаа өөрсдийн Засгийн газраа огцруулсан нэг шалтгаан бол концесс. Засгийн газрын сайд нар өөрсдөө болон хамаарал бүхий компани нь концесс авсан нь огцрох нэг том шалтгаан нь болж байсан юм.

Тэгвэл энэ удаагийн төсөвт концесс буюу “барих-шилжүүлэх” төрлөөр гэрээ байгуулсан 11 төслийн гэрээний эргэн төлөлтийн төлбөрт 323,4 тэрбум төгрөгийг тусгажээ.

КОНЦЕССТ БАГТСАН ТӨСЛҮҮД:

  1. “Чойр” дэд станцын өргөтгөл, шинэчлэлт. 2020 онд дуусах бөгөөд нийт төсөвт өртөг нь 81.767.300. 2020 оны төсвийн тодотголд 30.5 тэрбум төгрөг суулгажээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын эзэмшдэг  “Нью прогресс“ группийн охин компани болох “Алтай трест” компани “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”-ийн төслийн концессыг ХЗДХ-ийн сайд байхдаа “Барих- шилжүүлэх” нөхцөлөөр 77 тэрбум 695 сая төгрөгөөр батлуулсан.

  1. Алтай-Дарви чиглэлийн 165 км хатуу хучилттай авто зам төсөл. 2020 дуусах бөгөөд тодотголд тусгасан дүн нь 53.9 тэрбум төгрөг.
  2. Алтай-Дарви чиглэлийн 98 км хатуу хучилттай авто зам төсөл. 2020 дуусах бөгөөд тодотголд тусгагдсан мөнгө нь 31.5 тэрбум төгрөг.

Дээрх хоёр замыг  “Лунзянь роуд энд бридж” ХХК нь Хятадын хөрөнгө оруулалттай компани юм.

  1. Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл. 2020 дуусах бөгөөд тодотголд 2.5 тэрбум төгрөгийг суулгажээ.

Ж.Эрдэнэбатын засгийн газар “Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл”-ийн 78 тэрбум 752 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр концессын гэрээгээр барихыг УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын аавын МАК компанид зөвшөөрсөн.

  1. Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу. 2021 онд дуусах бөгөөд тодотголд 130 тэрбум төгрөгийг суулгахаар тусгасан.

Тус замыг “Хос мөнгөн зам” ХХК Ажнай цэгц группийн охин компани. Тус групп нь замын барилга, барилга угсралт, уул уурхайн олборлолт, төмрийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж.

  1. Сургуулийн барилга /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 38 дугаар сургууль/. 2020 онд дуусах бөгөөд 2020 оны төсвийн тодотголд 2.5 тэрбум төгрөг суулгажээ.

Тус сургуулийн барилгыг “ӨВМТХ” ХХК  гүйцэтгэж буй.

  1. Тосонцэнгэлийн 4 замын уулзвар-Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай авто зам төсөл. 2020 дуусгавар болох бөгөөд тодотголд 62,8 тэрбум төгрөг суулгахаар төлөвлөжээ.

Тус замыг “Монгол ЛЗ зам гүүр” ХХК гүйцэтгэж буй.

  1. Төрөх эмнэлгийн барилгын дуусгал, дэд бүтэц, 300 ортой. 2021 он дуусах бөгөөд тодотголд 8 тэрбум төгрөг суулгажээ.

“Томо бюлдинг” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 10 жил царцсан барилга юм.

9. Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 100 ор /Баянхонгор, Өлзийт сум/. 2020 онд дуусгавар болох бөгөөд 1,1 тэрбум төгрөгийг тодотголд тусгажээ.

Үнэмлэхүй олонх байхдаа өөрсдийн Засгийн газраа 744 тэрбумын концессоор унагасан хэрнээ тэд одоо ч, өмнөх жилүүдэд ч концесс олгох ажлаа зогсоогоогүй. Мэдээж улсын төсөвт хүнд хэцүү цаг үед өөрсдийн хөрөнгөөр барьж байгуулаад төрөөс мөнгөө авах нь байж болох хэрэг ч улстөрчдийн, тэдний хамаарал бүхий компаниуд л давуу эрх эдлэх нь ёс зүйд, тэр дундаа Ерөнхий сайдын шударга ёсны тэмцэлд ч нийцэхгүй. Нөгөөтэйгүүр концессоор барьж байгуулж байгаа байгууламжуудын үнэ, зардал нь хугацаандаа ашиглалтад ороогүйгээс жилээс жилд өсч байгааг төсөв батлагчид анзаарч харахгүй бол жилээс жилд хэдхэн бизнесменүүдийг бүтээн байгуулалт өрнүүлж байгаа нэрээр төсвөөс саадаг уламжлал тогтчих вий дээ.

Ганцхан жишээ дурдахад, 2019 оны төсөвт концессоор хэрэгжиж буй Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл 2019 онд төсөвт өртөг нь 79 тэрбум байсан бол 2020 оны төсвийн тодотголд 85,5 тэрбум болж өссөн үзүүлэлттэй байна.

“Чойр” дэд станцын өргөтгөл, шинэчлэлт гэхэд 2019 онд төсөвт өртөг нь 72,8 тэрбум төгрөг байсан бол 2020 оны төсвийн тодотгол дээр 81,7 тэрбум төгрөг болж нэмэгдсэн байна. Алтай-Дарви чиглэлийн хоёр замын өртөг 2019 оноос хойш 30 гаруй тэрбум төгрөгөөр төсөвт өртөг нь нэмэгдсэн байгаа юм.

Энэ мэтчилэн төрийн мөнгө уйлдаггүй гээд жил дамнан төрийн концессоор амьдрагсад илүү олон болох вий гэсэн болгоомжлол хаа хаанаа байгааг сануулах нь илүүц биз ээ.  Ялангуяа концесс нь Засгийн газрыг огцруулах хэмжээнд яригддаг сэдэв болсон гэдгийг Ж.Эрдэнбатын Засгийн газар харуулсныг мартаагүй яваа шүү, сонгогчид.

 

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж