Алслагдсан хороодод түүхий нүүрс хэрэглэхийг бүрэн хориглов | News.MN

Алслагдсан хороодод түүхий нүүрс хэрэглэхийг бүрэн хориглов

Алслагдсан хороодод түүхий нүүрс хэрэглэхийг бүрэн хориглов

Алслагдсан хороодод түүхий нүүрс хэрэглэхийг бүрэн хориглов

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах аян хэрэгжих талаар өнөөдөр /2020.08.19/ нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд 10.00 цагт албаныхан мэдээлэл хийлээ.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨСЛҮҮДИЙН УДИРДАГЧ Д.МӨНХЖАРГАЛ:

-Нийслэлийн айл өрхийн 54.5 хувь нь гэр сууцанд суурьшиж байна. Гэр хорооллын газар нутаг 81 хувийг хамардаг. Агаар бохирдуулагч эх үүсвэрийн найман хувийг гэр хорооллын яндангаас бүрдүүлдэг. Засгийн газрын 98 дугаар тогтоолоор 2017 онд “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Энэ хүрээнд түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглож, 2019 оны есдүгээр сарын 15-наас эхлэн цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэж буй байгууллагаас бусад аж ахуй нэгж, иргэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Энэ ажил бодит үр дүнд хүрч, өмнөх онуудыхаас агаарын бохирдол буурсан.

Өнгөрсөн 2019 оны өвөл нийт 35 мянга гаруй айл өрх цахилгаан болон, төвлөрсөн дулаан хангамжаар халаалтаа шийдсэн байна. Мөн халаалтын зуух ашиглаж байсан аж ахуй нэгжийн 700 гаруй зуухыг буулгаж, гэр хороололд 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэж байсныг 500 мянга гаруй сайжруулсан шахмал түлш нийлүүлж 78 мянга гаруй тонн түүхий нүүрсний хэрэглээг зогсоосон.

Өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх чиглэлээр нэг сарын аяныг зохион байгуулах шийдвэр гарсан. Өнгөрсөн өвөл бид агаарын бохирдлыг 50 хувь бууруулсан бол ирэх өвөл 80 хувь бууруулах зорилт тавиад байна. Энэ жил бид угаарын хийн эрсдлийг багасгах чиглэлээр “Тавантолгой түлш” компанийг түшиглэн, хэрэглэгчдэд үйлчлэх албыг байгуулсан. Энэ албанд 1500 хүн, орчны бохирдлыг бууруулах хорооны 4500 хүн ажиллана. Эдгээр хүмүүст айл бүрийг 200, 200-гаар хуваарилж, айл бүрт нэг эрсдлийг хариуцсан менежер ажиллана. Ингэснээр айл өрхүүдийн угаарын хийн мэдрэгчийг шалгаж, хяналт тавих ажилтан гарч ажиллана. Өвөлжилтөд бэлтгэн гэр, байшингаа дулаалж, сайн шаталттай зуухыг ашиглах, угаарын хийн мэдрэгчийг тогтмол хэрэглэх шаардлагатай.  Сайжруулсан шахмал түлшний үнсийг ангилан ялгах, эдийн засгийн эргэлтэд оруулахаар тусад нь ангилж ялгах бассейныг Цагаан чулуутад байгуулсан.

АГААРЫН БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГА Ц.ЦОЛМОН:

-Өнгөрсөн өвөл Мэргэжлийн хяналтын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан. Өнгөрсөн өвөл 979 өрхийн 2568 иргэн угаарын  хийнд хордсон. Эдгээр өрхөд дүн шинжилгээ хийхэд энгийн уламжлалт зуухтай айл өрх 72 хувьтай байсан бол 28 хувь нь сайжруулсан зуухтай айлууд байсан. Мөн энгийн зуухтай айлуудын 50 орчим хувь нь яндангаа хөөлөөгүй, засвар үйлчилгээ хийгээгүй байсан. Тиймээс айл өрхүүд зуухаа сэлбэн засварлаж, боломжтой бол сайжруулсан зуухыг ашиглах нь зүйтэйг  хэлье.

Энэ жил нийслэлийн 36 хороонд цахилгааны шугамын өргөтгөл хийсэн. Тэр дундаа Баянгол дүүргийн 16 дугаар хороо буюу Гандантэгчэнлин хийдийн бүсэд жил бүр 44 мянган  жуулчин ирдэг. Тийм учраас энэ бүсийг яндангүй бүс болгох зорилго тавьж байгаа. Энэ жилээс тус бүсийн Орхоны нэгдүгээр бүсийг бүрэн төвлөрсөн дулаан хангамж, төвийн шугамд холбож байгаа учраас цахилгаанаар халаалтаа шийдэх боломжтой болно.

  НМХГ-ЫН АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН ДАРГА Н.ШИНЭ-ОРГИЛ:

-Эрчим хүчний яамнаас гэр хорооллын айлуудыг дөрвөн квт-аар халаах техникийн боломжийг бүрдүүлсэн. Тиймээс агаарын чанарыг сайжруулах бүсийг дөрвөн бүсэд хуваасан. Нэгдүгээр бүсэд түүхий нүүрсийг бүрэн хориглосон бол хоёр, гуравдугаар бүсэд цахилгаан, хий болон бусад эх үүсвэр ашиглахаас гадна сайжруулсан шахмал түлш түлнэ. Дөрөвдүгээр бүсэд байшин хороолол багтаж буй бөгөөд энэ бүсэд сайжруулсан шахмал түлш, түүхий нүүрсийг бүрэн хориглоно.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо агаарын чанарын бүсэд шинээр орсон учир түүхий нүүрс хэрэглэхийг хориглож байгаа.

 “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” КОМПАНИЙН БОРЛУУЛАЛТ, МАРКЕТИНГИЙН ХЭЛТСИЙН ДАРГА Д.МИНЯА:

-Манай компанийн баруун бүсийн дөрвөн үйлдвэрийн 12 шугам ажиллана. Налайх дүүрэгт хоёр үйлдвэрийн зургаан шугам ашиглана. Нийтдээ гэр хорооллын 200 гаруй мянган айл өрхийн хэрэгцээг нийт хоёр үйлдвэрийн 18 шугамаар хангана.

Энэ жил Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагуудад сайжруулсан шахмал түлшийг үргэлжлүүлэн нийлүүлнэ. Үүнд, 16-100 квт-аас дээш хүчин чадалтай 1800 аж ахуй нэгж болон 100 квт-аас дээш хүчин чадалтай 104 аж ахуй нэгжтэй гурвалсан гэрээ байгуулж, шахмал түлш нийлүүлж байна.

Энэ жил сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн тоог нэмж, 1000 орчим цэг ажиллуулахаар бэлтгэж байна. Борлуулалтын цэгээр ажиллах сонирхолтой иргэн аж ахуй нэгж байвал 70119400 утсанд хандаж болно.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-08-19 202.4.248.65

Тэр шахмал түлшээ сайжруулах тал дээр ер нь ажиллаж байгаа юм болов уу.

Avatar

/*-*/ 2020-08-19 49.0.212.4

НИЙСЛЭЛИЙН IV БҮСЭД ТҮҮХИЙ НҮҮРС ТҮЛЖ БҮЛНО ГЭНЭЭ. ЭЭ АШГҮЙ АШГҮЙ. ЭНЭ ӨВӨЛ НҮҮРСЭЭ САЙХАН ТҮЛНЭ ДЭЭ

Avatar

Зочин 2020-08-19 202.126.90.41

Гарчигаа зөв бич л дэээ

Avatar

Зочин 2020-08-19 202.21.126.30

НААД ГАРЧИГАА ХАРААЧ САЙЖРУУЛСАН ТҮЛШ ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛООД ТҮҮХИЙ НҮҮРС ТҮЛ ГЭЖ ШАХА ЮМУУ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж