НЭМЭЛТ:
Засгийн газрын өнөөдөр /2020.08.19/-ийн хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийжээ.
Хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргаар Я.Эрдэнэсайханыг томилсон байна. Тэрбээр 2018 оноос хойш ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байжээ. Ингэхдээ Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Засгийн газраас баталсан Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрүүд болон ЖДҮДС-гийн шинэчилсэн найруулгаар баталсан, зээл олгох шинэ журмыг боловсруулахад гардаж ажилласан байна.
ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБАНЫ ДАРГААР О.ЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
Мөн хуралдаанаар Үндэсний геологийн албаны даргаар О.Чулууныг томилсон байна. Тэрбээр, Монголын Геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн даргаар ажиллаж байсан юм.
УУХҮЯ-ны харьяанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн албыг байгуулахаар УИХ-аас 2020 оны нэгдүгээр сард шийдвэрлэсний дагуу Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг гаргалаа. Үндэсний геологийн алба нь 6 хэлтэстэй 68 хүний орон тоотой байхаар баталсан билээ.
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРООНЫ ДАРГААР Ц.ШАРАВЖАМЦЫГ ТОМИЛЛОО
Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар Монгол улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцыг томилжээ. Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороог шилжүүлсэн.
Ц.Шаравжамц нь 2011 онд Монголын сагсан бөмбөгийн тамирчдаас анхны Монгол улсын гавьяат тамирчин хэмээх цол хүртсэн тамирчин билээ.
2012 онд тэрбээр нийслэлийн Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын газрын даргаар ажиллаж байгаад, 2016 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын даргаар томилогдсон билээ.
ШӨХТГ-ЫН ДАРГААР Б.БАТ-ЭРДЭНИЙГ ТОМИЛЖЭЭ
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагвыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Б.Бат-Эрдэнийг томилжээ. Б.Бат-Эрдэнэ нь 2018 онд ЗГХЭГ-ын дэд даргаар богино хугацаанд ажиллаж байгаад ЖДҮХС-аас зээл авсан гэх асуудалд холбогдон ажлаа өгсөн байдаг. Б.Бат-Эрдэнэ нь МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2015 онд МХЕГ-ын дэд даргыг түр орлон гүйцэтгэж байсан юм.
Б.Бат-Эрдэнэ нь 1999 онд Улаанбаатар их сургуулийн түүх судлалын ангийг судлаач мэргэжлээр төгссөн. Мөн БНСУ-ын Корейн Айр компанийн дэргэдэх академийг агаарын тээврийн мэргэжилтнээр сурч, төгссөн. Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдын туслах, МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол улсын Шадар сайдын зөвлөхөөр ажиллаж байжээ.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ