Шинэ хүйтэн дайны төвд оршиж буй Монгол Улс

Хуучирсан мэдээ: 2020.08.19-нд нийтлэгдсэн

Шинэ хүйтэн дайны төвд оршиж буй Монгол Улс

Шинэ хүйтэн дайны төвд оршиж буй Монгол Улс

Та бүхэнд Хонгконгийн “South China Morning Post” сонины наймдугаар сарын 15-ны дугаарт нийтлэгдсэн “АНУ, Хятадын нөхцөл байдал: Монгол улс яагаад шинэ хүйтэн дайны төвд орших болов?” хэмээх нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Нэг бус хоёр ч удаагийн хүйтэн дайны үеийг их гүрнүүдийн дунд хавчигдан өнгөрүүлсэн Монгол Улс гурав дахь удаагаа ийм байдалд орохыг хүсэхгүй нь ойлгомжтой.

Ердөө 3,3 сая хүн амтай, далайд гарцгүй Монгол Улс нь геополитикийн хувьд хүчирхэг зуучлагч гэж харагдахгүй байж магадгүй ч Евразид нөлөөгөө тогтоох гэсэн ОХУ, БНХАУ, АНУ гэсэн гурван том хүчний хоорондох дайны төвд оршиж байгаа нь үнэн юм. ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргуловын өнгөрсөн сард Монгол Улсыг ШХАБ-ын гишүүн болоход дэмжлэг үзүүлнэ гэсэн үг нь Монгол Улс аль хэдийн их гүрнүүдийн сонирхлыг татсаны илэрхийлэл байсан. Гэхдээ тэрбээр өөрийн хэлсэн үгээ тэр даруй зөөлрүүлж, “Монгол ахан дүүсийнхээ сонголтод нөлөөлөх хүсэл эрмэлзэл бидэнд байхгүй” гэж хэлсэн юм.

Урьд нь Монгол Улс ШХАБ-д элсэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан ба улмаар 2004 онд “ажиглагч орон”-ны статустай болж чадсан. АНУ болон БНХАУ-ын харилцаа хурцадмал болж ирэхэд Монгол Улс ийнхүү төвийг сахих байр сууриа хадгалсан нь ШХАБ-ын зорилгоос ухарч байна гэж шинжээчид дүгнэж байна. Түүнчлэн Өрнөдийн орнууд эсрэг, гол төлөв аюулгүй байдлын асуудалд анхаарал хандуулдаг холбоонд Монгол хэт ойртохоос эмээж байна гэж шинжээчид үзэж байна.

“Монголчууд хуучин хүйтэн дайнтай адил геополитикийн асуудалд оролцохыг хүсдэггүй. Бид АНУ-ЗХУ, Хятад-ЗХУ-ын хооронд болсон хүйтэн дайны хөлд өртөж үзсэн. Энэ гашуун туршлагыг бид мартаагүй” хэмээн Канадын Ази-Номхон далайн сангийн судлаач Ж.Мэндээ ярьжээ.

Хүйтэн дайны үед Монгол Улс нь ЗХУ-ын дагуул улс байсан бөгөөд энэ үед АНУ-тай бараг л харилцдаггүй байж байгаад 1987 онд дипломат харилцаа тогтоосон. Үүнтэй адил 1960-аад оны үед Хятад болон ЗХУ-ын хооронд коммунист хөдөлгөөний нэгдэл, манлайллын талаар үүссэн үзэл суртлын маргаан Монгол болон Хятад улсын харилцаа холбоог улам дордуулсан юм. Ийнхүү хоёрын хоёр үзэл суртлын дайны голд хавчуулагдсан Монгол Улс өөр гадаад ертөнцтэй харилцах ямар ч боломжгүй байсан.

Монгол Улс энэхүү туршлагадаа тулгуурлан өнөөгийн дипломат харилцааны бодлогоо тодорхойлж, өөрсдийн гэсэн харилцааг эрэлхийлж байгаа учир Барууны орнуудтай харилцааг нь муутгах холбоонд нэгдэх асуудлыг нухацтай тунгааж байгаа гэж шинжээчид үзжээ. Хэрэв ШХАБ-ын Өрнөдийн эсрэг байр суурийг харгалзан үзвэл Монгол Улс ОХУ-ын урилгад яаран хариу өгөхгүй л болов уу гэж Ж.Мэндээ хэллээ.

ОХУ-ын хандлага 

ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн Олон улсын аюулгүй байдлын төвийн эрдэм шинжилгээний ажилтан Дмитрий Стефанович “Энэ жилээс ОХУ нь ШХАБ-ыг даргалж эхэлснээсээ хойш Монголыг чиглэсэн үйл ажиллагаагаа нэмэгдүүлсэн гэж хэлж болно. Тиймээс зарим амбицтай санаачилгууд чухал ач холбогдолтой. Монгол Улс ОХУ-аас зэвсэг авч, хамтарсан цэргийн сургуулилт хийдэг тул ОХУ Монголыг ШХАБ-д оруулах хүсэлтэй байсан. Жишээ нь 2008 оноос хойш жил бүр болж байгаа Сэлэнгэ цэргийн сургуулилтыг дурдаж болно. Түүнчлэн Монгол дахь ОХУ-ын нөлөө нь АНУ болон БНХАУ-ын нөлөөг эсэргүүцэх зарчимтай” хэмээн ярьжээ.

Харин Лондоны Эзэн хааны үйлчилгээний нэгдсэн институцийн судлаач Рафаэлло Пантучи “Орос улс ШХАБ-ыг өргөжүүлэх, түүний дотор гишүүнчлэлийг өргөжүүлэх тал дээр түлхүү анхаарч байсан ба цаагуураа ШХАБ дахь Хятадын хүчийг сулруулахыг эрмэлзсээр ирсэн” хэмээн хэлсэн байна.

Гуравдагч хөршийн бодлого

Бүтэн 16 жилийн турш ажиглагчийн статустай явсан Монгол Улс ОХУ-ын саналд яаран хариу өгөхгүй байгаа нь гайхаад байх зүйл биш. “ШХАБ-д элсэх асуудалд нухацтай хандаж буй Монгол Улсын гуравдагч хөршийн бодлоготой шууд холбоотой. Тус улсын хувьд ОХУ, Хятад гэсэн хоёр том хөршөөсөө гадна Өрнөдийн ардчилсан, хөгжингүй орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа зузаатгах эрмэлзэлтэй учир гуравдагч хөршийн бодлого маш чухал. Одоогийн байдлаар АНУ, Япон, Европын Холбоо, Энэтхэг, БНСУ зэрэг улсууд нь Монгол Улсын гуравдагч хөрш гэгдэж байна. Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгч байх үед гуравдагч хөршийн бодлого илүү идэвхжсэн нь тус улсыг ШХАБ-аас холдуулсан” гэж БНХАУ-ын Чархар институцийн судлаач Вань Жианжунь хэлжээ.

Харин АНУ-ын Жон Хопкинсийн их сургуулийн Олон улсын дэвшилтэт судалгааны сургуулийн багш Алисия Кампи “ШХАБ-т хэлэлцэгдэж буй олон асуудал нь Монгол Улсын хувьд "тэргүүлэх ач холбогдолгүй" буюу бусад олон улсын хамтын нийгэмлэгүүдэд хэлэлцдэг л асуудлууд байдаг тул Монгол Улс ажиглагчийн статусаа үргэлжлүүлэх нь зүйтэй. Мэдээжийн хэрэг, Монгол Улс бүс нутаг болон дэлхий даяар терроризм ба экстремизмын эсрэг байдаг ч ШХАБ дахь ОХУ болон БНХАУ нь эдгээрээс бусад олон асуудалд хамтран ажилладаг нь Хойд Америк, Европ, Ази дахь түншлэлийн харилцаанд нь асуудал үүсгэнэ гэдгийг Монгол Улс мэдэж байгаа” хэмээн ярьжээ.

“Одоогийн Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ШХАБ-д элсэхийг эрмэлзэж байгаа боловч Монгол Улс нь ШХАБ-ын гишүүн орнууд болох авторитар засаглалтай орнуудаас ялгаатай учир тус улсад олон нийтийн санаа бодол хуваагдсан. Бүх нийтээрээ ерөнхийлөгч болон парламентын гишүүдээ сонгодог ардчилсан тогтолцоотой Монгол Улс "ардчиллын баянбүрд" гэгддэг. Мөн ШХАБ-ын гишүүн боллоо гэхэд дэлхий дахинд хэрхэн харагдах бол гэсэн айдас, Москва, Бээжинтэй байнгын төвөгтэй байдаг харилцаа нь улам хүндрэх учир Монгол Улс ШХАБ-ын гишүүн болохоос болгоомжилж байна” гэж Пантучи хэлэв.

БНХАУ-ын чиг хандлага

Пантучигийн үзэж буйгаар, Оросын нэгэн адил Хятад улс нь "Баруун тийш чиглэсэн хандлага" -аас болж Монгол Улсыг ШХАБ-ын гишүүн болгох хүсэлтэй байгаа. Учир нь Монголын ардчилал нь Өрнөдийн орнууд руу ойртох хөшүүрэг болох юм. ОХУ болон Хятад улс нь ШХАБ-ыг "өнгөт хувьсгал руу түлхэж, терроризм гэж юу болох талаар өөрсдийн үзэл бодлоо урагшлуулах арга зам" хэмээн хардаг" гэв.

Х.Баттулга Ерөнхийлөгч болсноос хойш түүнд БНХАУ-ын дарга Ши Жиньпинь ШХАБ-тай харилцаагаа нэмэгдүүлэхийг уриалах болсон.

Хятад-Монгол-Оросын Эдийн засгийн коридор (CMREC), дэд бүтцийн бүтээн байгуулалт, нөөц ба эрчим хүчний бүтээн байгуулалтын төслүүдийг хамтран хөгжүүлэхээр тохиролцсоноос хойш Монгол Улс ШХАБ-д элсэх сонирхол нь улам бүр нэмэгдсэн. Монгол Улсын хувьд дэд бүтцийн бүтээн байгуулалт, эх үүсвэр эрчим хүчний хөгжил, санхүүгээс эхлээд байгаль орчныг хамгаалах гээд олон салбарыг хамарсан энэхүү төслийг далайд гарцгүй гэдэг томоохон бэрхшээлийг даван туулах арга зам гэж хардаг.

АНУ-ын хандлага

"Монгол Улс ШХАБ-т элсвэл тус улс дахь ардчиллын хэм хэмжээ алдагдана гэдэгт АНУ санаа зовниж буй нь эргэлзээгүй. Вашингтон ШХАБ-д төдийлөн анхаарал хандуулдаггүй, харьцангуй сул байгууллага гэж үздэг. Гэвч АНУ-ын энэ дүгнэлт буруу байсан. ШХАБ нь БНХАУ-д бүс нутагт нөлөөгөө өргөжүүлэх боломжийг олгож байна. Үүнийг одоогийн АНУ-БНХАУ-ын маргаанаас харахад Монгол Улс ШХАБ-д нэгдвэл АНУ-ын хувьд цэвэр ялагдах магадлалтай” гэж Пантучи үзэж байна.

Харин Жон Хопкинсийн их сургуулийн Алисия Кампи, Монгол Улс хөршүүдтэйгээ хүчирхэг харилцаатай байх ёстой гэдгийг АНУ ойлгосон учир БНХАУ-Монгол-ОХУ-ын Эдийн засгийн коридорыг АНУ эсэргүүцээгүй. Энэ бол газар зүйн байрлалын бодит логик. Гэхдээ АНУ Монгол улсыг бусад улс орон, ялангуяа Номхон далайн бүс нутгийн ардчилсан улс орнуудтай улс төр, эдийн засгийн харилцаагаа хадгалах, бэхжүүлэхийг илүү хүсч байгаа" хэмээн ярив.

Евразийг дамнасан дэд бүтцийг хөгжүүлэх цаашлаад бүс нутгийн эдийн засаг, худалдааны интеграцыг бий болгох БНХАУ-ын Бүс ба Зам санаачилгын хүрээнд ШХАБ-ын нөлөө улам бүр тэлж байна гэж зарим шинжээчид үздэг. Харин зарим нь ШХАБ-д Ойрхи Дорнодын орнууд нэгдвэл тус байгууллага нэг өдөр АНУ-ын гадаад бодлогын нөлөөтэй өрсөлдөх боломжтой болно гэж үзэж байна.

"Гэвч ШХАБ-ын нөлөө нь НАТО-гийн эсрэг гишүүдээ хамгаалахын тулд улс төрийн болон цэргийн хангалттай дэмжлэг өгч чадахгүй байгаа. ШХАБ-ын зорилго нь урвуу байгаа тул аажмаар улам бүр доройтож болзошгүй" гэж Кампи ярив.

Эх сурвалж: SCMP

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
20
ТэнэглэлТэнэглэл
12
ХарамсалтайХарамсалтай
11
БурууБуруу
7
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж