Есдүгээр сарын 1-н болоход 10 хоног үлджээ. Дэлхийн 216 улсад тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд Монгол Улс өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн сургууль, цэцэрлэг, коллеж, их дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоосон билээ.
Улсын Онцгой комиссоос ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн боловсролын бүх шатны байгууллагын сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг гаргасан. Ингэхдээ нийслэлийн сургууль гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл, цахим хэлбэрээр орох юм. Сургууль, цэцэрлэгүүдийн хувьд өндөржүүлсэн бэлэн байдалд хэрхэн ажиллах шинэ дүрэм, журамтайгаа танилцан, сурагчдаа хүлээн авахад бэлдээд эхэлжээ. Нийслэлийн 50 дугаар дунд сургуулийг зорин очиход гадаах талбайгаасаа эхлэн цэвэрлэгээ, засвар үйлчилгээг хийж угтав.
Нэгдүгээр ангид хүүхдээ бүртгүүлж буй ганц нэг эцэг эхчүүдээс өөр хүнгүй сургууль нам гүмхэн байлаа. Тус сургуулийн Сургалтын менежер Э.Гантуяа “Манай сургуулийг өнгөрсөн хичээлийн жилд 2384 хүүхэд төгссөн. Энэ хичээлийн жил өндөржүүлсэн бэлэн байдлын үед нээлтээ хийж, сурагчдаа хүлээн авч, шинэ зохион байгуулалтаар ажиллах гэж байна. Сургуулийн орчиндоо ариутгал халдваргүйтгэлийг хийсэн. Хажуугаар нь багш нар маань эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж байна.
Одоогоор бүх ангийн хуваарийг шинэчлэн баталгаажуулж, ирэх долоо хоногт бүх бэлтгэлээ дуусгахаар төлөвлөөд байна. Сургуулийн удирдлага, багш нар маань энэ долоо хоногоос шинэ дүрэм, журамтайгаа танилцаж байгаа учраас зохион байгуулалтаа дөнгөж эхлээд явж байна. Сургуулийн орчинд зай барих тэмдэг тэмдэглэгээгээ наах, ангийн ширээ, сандлаа дээд тал нь 25 хүүхэд суухаар байрлуулах ажлаа хараахан хийгээгүй. Одоо ангийн хуваарилалтаа хийгээд, нэгдүгээр ээлжинд аль групп нь хичээллэх вэ гэдгийг хувааж, ангиудаа хаягжуулж байна” гэв.
Нэг ангийг хоёр, гурав хуваана. Нэг ангид дээд тал нь 20-25 хүүхэд л хичээллэнэ. Өглөө 08:00 цагаас эхний анги нь ороод 10:30 цагт тарна. Дараагийн анги 11:00-13:30 цаг хүртэл хичээллэх бол дараагийн ээлж 13.00-15.00 цаг хүртэл хичээлэнэ.. Жишээлбэл, 40 хүүхэдтэй анги байвал хоёр хуваана. Бага анги зөвхөн монгол хэл, математикийн хичээлүүдээ, дунд анги монгол хэл, математик, байгалийн ухааны хичээлүүдээ, ахлах анги монгол хэл, математик,монгол бичгийн хичээлээс гадна сонгон судлах хичээл, гадаад хэлний хичээлүүдээ л анги танхимдаа үзнэ. Харин бусад хичээл нь цахимаар орох юм.
Тус сургуулийн хувьд есдүгээр сарын 1-ний өдөр хичээлийн нээлтийг өргөн хүрээнд хийхгүйгээр нийт сурагчдадаа цахим мэндчилгээг дэвшүүлж, баярын чимэглэлтэйгээр сурагчдаа угтана авна гэдгийг хэлж байв. Ялангуяа шинээр нэгдүгээр ангид элсэн орж буй 280 гаруй сурагчдад онцгой сэтгэгдэл төрүүлэх нь чухал гэдгийг багш нар онцолж байсан юм. Энэ ажлыг нийгмийн ажилтан хариуцан ажиллах гэнэ.
Нийслэлийн 50 дугаар дунд сургуулийн хувьд шинээр өргөтгөл нь ашиглалтад орсон учраас нэг ангийг хоёр групп болгон хичээллүүлэх бүрэн боломжтой гэнэ. Энэ талаар Сургалтын менежер Э.Гантуяа тайлбарлахдаа “Сургуулийн анги танхимын хүрэлцээ сайн байгаа. Манай сургууль нийт 97 багштай учраас энэ мэргэжлийн боловсон хүчээрээ энэ хичээлийн жилдээ ажиллана. Багш нар долоо хоногт хамгийн багадаа 19 цаг хичээл заадаг.
Энэ жилийн хувьд ялгаа нь гэвэл нэг ангидаа хоёр удаа хичээлээ заана. Бусдаар бол илүү цагаар ажиллаж, ачаалал үүсэхгүй. Багш нарын ачааллын хувьд монгол хэл, матиматикийн багш нар жаахан ачаалалтай ажиллах байх. Хүүхдүүдийн маань хичээл хоцрогдсон байгаа учраас эхний ээлжинд бататгал хичээлийг маш сайн заана. Мөн цахимаар хичээл заах багш нар давхар бэлтгэлээ хангаж, хэрхэн хичээлээ заах вэ гэдгээ судалж байна” гэлээ.
Дараагийн ерөнхий боловсролын сургууль бол нийслэлийн дөрөвдүгээр дунд сургууль. Тус сургуулийн хувьд гаднах өнгө төрхөө шинэчилж, хичээлийн шинэ жилдээ бэлтгэж буй нь илт байлаа. Багш нарын хувьд ирэх долоо хоногоос ажилдаа орж, анги танхимаа бэлдэж эхэлнэ гэдгийг сургуулийн захирал хэлж байв.
Сургуулийн захирал А.Энхтуяа “2020-2021 оны хичээлийн жил хорио цээрийн онцгой үед эхлэх гэж байна. Тиймээс сургуулийн хэмжээнд ариутгал халдваргүйтгэлээ хийлгээд байна. Манайх өмнөх хичээлийн жилд 23 анги, танхим ашигладаг байсан бол энэ удаа урлаг, спорт заал, гадаад хэлний группийн ангиа нэмээд шинээр 30 ангийг бэлдэхээр төлөвлөж байна.Энэ жил манай сургуульд 1570 хүүхэд суралцана. Нэгдүгээр ангид 210 орчим хүүхэд элсүүлэн авах саналаа нийслэлийн боловсролын газар хүргүүлсэн” гэлээ.
Бага ангид монгол хэл, математикийн хичээл танхимаар орох бол дунд ангид найман хичээл танхимаар, ахлах ангид монгол хэл, матиматек монгол бичгийн хичээлээс гадна бусад хичээл сонгох хэлбэрээр танхимаар судлах юм байна.
Тус сургуулийн хувьд энэ жил сургуульд нь Элсэлтийн ерөнхий шалгалтыг авсан учраас сурагч хоорондын зай барих тэмдэглэгээ, орц, гарцыг зохион байгуулах, ширээ, сандлын зохион байгуулалтыг зохицуулах бүрэн боломжтойг ажилчид хэлсэн юм. Багш нарын хувьд өмнөх орон тоогоороо 73 багштайгаар үйл ажиллагаагаа явуулах гэнэ.
Бага ангийн сургалтын менежер Э.Амар “Манай сургуулийн хувьд энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид 280 хүүхэд суралцана. Цахимаар бүртгэл 50 хувьтай үргэлжилж байна. Цахим бүртгэл наймдугаар сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ. Эцэг эхчүүд ихэвчлэн цахимаар бүртгүүлж байгаагаас цөөн хэдхэн хүн сургууль дээр биеэ ирээд бүртгүүлж байна.
Бага ангийн багш нарын хувьд нэг ангиа хоёр хувааж, өдөрт 2.30 минутаар хичээллэж байгаа болохоор ачаалал нэмэгдэхгүй. Хүүхдүүдээ түвшингээр нь хоёр хуваах учраас ажиллахад хүндрэл үүсэхгүй байх” гэлээ.
МХЭГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Л.ГЭРЭЛМАА:
-Сургууль, цэцэрлэгүүд эхлээд цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх шаардлагатай. Хийгддэг ажил хэдий ч заавал мэргэжлийн байгууллагаар хийлгэх ёстой. Мөн багш, ажилчдыг коронавирусийн сургалтад хамруулна. Өдөрт дөрвөөс илүү цаг хичээллэхгүй. Багш, эмч, нийгмийн ажилтан, арга зүйч нар хамтран ажиллаж, хүүхдүүдийн халууныг үзэж, амьсгалын замын өвчинтэй байгаа эсэхийг шалгана. Эцэг эхчүүд ч гэсэн хүүхдүүдээ халдвараас хамгаалж, сэргийлэх хэрэгтэй. Хэрэв таны хүүхэд өвчний шинж тэмдэгтэй байвал сургууль, цэцэрлэгт нь оруулахгүй байх үүрэгтэй. Хүүхдээ цэцэрлэг, сургуулийнхээ үүдээр ортол нь хүлээж, мөн өөрсдөө амны хаалтаа зүүх хэрэгтэй. Цэцэрлэгийн орчинд байх бүхий л багш, ажилчид амны хаалт хэрэглэнэ. Харин цэцэрлэгтээ хүүхдүүд амны хаалт зүүх шаардлагагүй. Сургуулийн сурагчид, багш, ажилчид бүгд амны хаалт зүүх шаардлагатай" гэдгийг хэлсэн юм.
А.СҮРЭН
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ