Мессиг удирдах дараагийн дасгалжуулагч Роналд Куман

Хуучирсан мэдээ: 2020.08.19-нд нийтлэгдсэн

Мессиг удирдах дараагийн дасгалжуулагч Роналд Куман

Мессиг удирдах дараагийн дасгалжуулагч Роналд Куман

Испанийн Барселона баг саяхан өөрсдийн ахлах дасгалжуулагч Кике Сетьенийг халж, шинэ дасгалжуулагчийн эрэлд гараад байсан билээ. Тэгвэл тэдний эрэл удаан үргэлжилсэнгүй. Барселона багийн ерөнхийлөгч Жозеп Бартомеу багийнхаа шинэ дасгалжуулагчаар Роналд Куманыг томилж буйгаа баталлаа. Тэрбээр “Би сүүлийн хэдэн цагийн турш санаа зовж, завгүй байлаа. Үүсээд буй нөхцөл байдлыг эргүүлэхийг хичээж байна. Куман Барселона багийн философийг мэддэг мөн туршлагатай болохоор нь бид түүнд итгэл үзүүлэхээр шийдсэн” хэмээжээ.

Гэвч Барселонагийн дасгалжуулагчийн эхний сонголт Шави байсан гэнэ. Шави төрөлх багаа дасгалжуулахад туршлагагүй, хэтэрхий эрт байгаа учир саналаас нь татгалзжээ.

Өдгөө 57 настай Нидерландын шигшээ багийг удирдаж байсан Роналд Куманы хувьд 1998-2000 оны хооронд Барселона багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан ба тоглогчийн хувиар тус багийн төлөө 1989-1995 онуудын хооронд хүчин зүтгэж 192 тоглолтонд 67 гоол оруулж байсан домог хэмээн хүндлэгдэх нэгэн билээ.

Харин багаасаа явах хүсэлтэйгээ илэрхийлсэн гэгдээд буй Лионель Мессигийн талаар Бартомеу “Би Мессигийн аавтай утсаар ярьсан. Месси ч бидний адил гонсойж, сэтгэл санаагаар унасан. Хэдий хэцүү байвч хөл дээрээ бат зогсч, бусдадаа итгэл төрүүлэх хэрэгтэй. Бид хэрхэн энэ нөхцөл байдлаас гарах талаар бод. Месси багтаа үлдэнэ. Куман түүнд анхаарал тавьж, багаа түүнийг тойруулан босгох болно. Месси ч Барселонад тамирчны замналаа өндөрлүүлэхийг хүсч байгаа. Би Кумантай ярихад тэр надад Мессиг төлөвлөгөөнийх нь гол түшиг тулгуур гэдгийг хэлсэн” хэмээн ярьжээ.

Роналд Куман 2016 онд Английн Премьер лигийн Эвертон багийн ахлах дасгалжуулагчаар томилогдож, 2017 онд багтаа шинээр тоглогчид худалдаж авахад 144 сая фунт буюу Эвертон багийн түүхэн дэх хамгийн их мөнгийг зарцуулсан ч ердөө есөн тоглолтын дараа ажлаасаа халагдаж байсан юм.

Мөн багтаа шинэчлэл хийх болсныг ч тэрбээр ярилаа. Бартомеу “Барселонаг дэлхийн шилдэг баг болгосон зарим тоглогчдод баяртай гэж хэлэх цаг иржээ.  Бидэнд мөнгө байна. Гол асуудал нь тоглогчдын цалин. Зарим тоглогчид цалингаа хасах хэрэгтэй болж байна. Багийн техникийн албаны захирал Абидал багаас явах шийдвэрээ гаргасан. Түүний хувийн сонголтыг бид хүндэтгэнэ. Би үүрэгт ажлаа хүлээлгэн өгч болох ч энэ багийн өмнө хүлээсэн үүрэг надад бий. Тиймээс би ажлаа өгөхгүй ээ. Барселона эдийн засаг, санхүүгийн таатай нөхцөлд байна. Бидний гол асуудал бол багийн спортын төлөвлөгөө” гэв.

Барселона шинэ улирлыг Эрнесто Вальвердегийн удирдлага дор эхлүүлсэн ч өнгөрөгч нэгдүгээр сард түүнийг халан Реал Бетис багийн ахлах дасгалжуулагч 61 настай Кике Сетьенийг багтаа авчирсан. Гэвч байдал улам дордож Ла лигтээ тэргүүлж байсан ч Реал Мадрид багт цомоо алдаж, УЕФА Аваргуудын лигт Германы Байерн Мюнхен багт 8:2 гэсэн харьцаатайгаар бут ниргүүлсэн билээ.

Тэгвэл Пеп Гвардиолагийн удирдлага дор дэлхийн шилдэг баг байсан Барселона түүнээс хойш зургаан дасгалжуулагчийн нүүр үзжээ.

  • Тито Виланова
  • Хорди Рура
  • Жерардо Мартино
  • Луис Энрике
  • Вальверде
  • Кике Сетьен

Дээрх дасгалжуулагч нар дундаас Тито Виланова болон Луис Энрике нар Лионель Мессид таалагдсан гэж хэлж болно. Гэвч Тито Виланова 2014 онд шүлсний булчирхайн хавдарын улмаас таалал төгссөн бол Луис Энрике 2017 онд УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатанд ПСЖ багт 4-0 гэсэн харьцаатай хожигдсоны дараахан улирал дуусгаад багаа орхино гэдгээ мэдэгдэж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж