Төрийн албан хаагчийг 10 мянгаар нэмснийг Л.Оюун-Эрдэнэ нууцлав

Хуучирсан мэдээ: 2020.08.19-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчийг 10 мянгаар нэмснийг Л.Оюун-Эрдэнэ нууцлав

Төрийн албан хаагчийг 10 мянгаар нэмснийг Л.Оюун-Эрдэнэ нууцлав

Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай хэмээх сүржин нэртэй тогтоол гараад зургаа дахь жилдээ болж байгаа ч эсрэгээрээ У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед төрийн алба улам данхар болжээ.  Энэ тухай УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр өчигдөр /2020.08.18/ УИХ-ын гишүүн Б.Энхбаяр цухуйлгаж, Монголын төр төрийн албан хаагчдын тоогоо дарж мэдээлдэг болсныг шүүмжлээд мөн  Төрийн албан хаагчдын тоо хэд болсныг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодруулсан юм. Гэвч сайд Л.Оюун-Эрдэнэ тоог дарж 188 мянга 559 төрийн албан хаагчтай гэж хэлснийг нь бид баримтаар үгүйсгэж байна.

ЗГХЭГ-ын дарга нь мэдээлэлгүйдээ буруу хариулав уу эсвэл мэдсээр байж дарж хэлэв үү гэдэг нь эргэлзээтэй. Энэ дагуу ЗГХЭГ-ын Захиргаа, Хүний нөөцийн газрын ахлах рефрент Б.Болор-Сувдаас тодруулж асуутал, "Төрийн албан хаагчийн тооны динамик мэдээллийг манайх мэдэхгүй" гэв. Уг нь төрийн албан хаагчийн тооны динамик өөрчлөлтийг цаг тухайд нь ЗГХЭГ-ын Захиргаа, хүний нөөцийн газар бүртгэж сайдаа мэдээллээр хангах үүрэгтэй газар нь ийм л байдалтай төрийн ажлыг хийж байна.

Засгийн газар бүсээ чангалж төсвийн  сахилга батыг чандалж байгаа гэдэг ч хэрэг дээрээ өнгөрсөн гурван жилд буюу МАН-ыг Засаг барих үед 10 мянга орчим хүнийг төрийн албанд шинээр ажилд авчээ. Өөрөөр хэлбэл, 2016 онд нийт төрийн албан хаагчийн тоо 188 мянга 974 байсан бол 2019 оны наймдугаар сарын байдлаар 198 мянга 463 болж өссөн байна.  

Үүнийг дотор нь ангилж харвал төрийн үйлчилгээний салбарын ажилчдын тоо 2016 онд  130 мянга байсан бол өнөөдөр энэ тоо 137 мянга 231 болж нэмэгджээ.

Төрийн албан хаагчдыг насны байдлаар нь авч үзвэл 60-аас дээш насны 1638, 56-60 насны 8408, 51-55 насны 19513, 46-50 насны 24282, 41-45 насны 26949, 36-40 насны 29423, 31-35 насны 36043, 26-30 насны 33357, 21-25 насны 17143, 20 хүртэлх насны 1707 төрийн албан хаагч ажиллаж байна гэж Төрийн албан хаагчдын 2019 оны бүрэлдэхүүн, хөдөлгөөний тайланд дурджээ.

Төрийн албанд Засаг солигдох бүрээр хөдөлгөөн орж, өнөөдөр нэг байгууллагад мэргэшсэн төрийн албан хаагч тун цөөхөн. Дийлэнх нь мэргэжлийн бус дарга, сайд нарын танил талын хүмүүс. Ажил хийдэг, ажлаа мэддэг нь бас л цөөхөн. Төрийн албаны хүнд суртлыг жинхэнэ утгаар нь бий болгогчид өдөржин ширээ бөглөж, төсвийн мөнгөнөөс зүгээр хүртэж байна гээд хэлчихэд буруудахгүй болов уу. Төрийн албанд л орчихвол хэдэн жил ч гэсэн амьдралын баталгаа, нийгмийн хангамж сайтай гэж хошуурна.

Уг нь төрийн алба хариуцлагатай, улстөржилтгүй байж чадвал нийгмийн хөгжил хэдэн алхмаар урагшлах нь тодорхой. Учир нь төрийн албанаас улс төрийн хөгжлийн нүүр царай шууд хамаарна. Гэтэл манай төрийн алба томорч, данхар болохоос өөр сайжирч байгаа зүйл ердөө алга. Хүнд суртал, улстөржилт байсаар л байна.

МАН төрийн албыг улам нүсэр болгосноо нуухын тулд Л.Оюун-Эрдэнэ сайд дөрвөн жилийн өмнөх тоог хэлээд сууж байгаа хүн  УИХ хууль тогтоох танхимд орж ирсэн нь харамсалтай.

 Одоо дахин МАН засаглах ирэх дөрвөн жилд төрийн албан хаагчдын тоо дахин хэдэн мянгаар нэмэгдэх нь тодорхой. Одооноос томилгоонууд хэдийнээ хийгдэж, Цар тахлын хуулийг далимдуулан Төрийн албаны тусгай шалгалтгүйгээр томилогдож байгаа нь нууц биш.

Хямралыг давахад ард түмэн биш, төр бүсээ чангалж, төрийн албаны тоог цөөлөхөөс нааш төсвийн үргүй зардал буурахгүй. Яамдын тоог цөөлөх шаардлагатай гэж жил бүр шүүмжилдэг ч цөөлөх биш улам нэмж Засгийн газрын бүтцэд шинээр Соёлын яамыг байгуулсан. Мөн л төсвийн зардал нэмэгдэнэ.

УИХ-аар 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа  энэ үед төрийн албаны данхар бүтцээ ч гэсэн эргэн харах шаардлагатай байна. Тухайлбал, дэд сайд, аймгийн Засаг дарга нарын орлогч гээд маш олон албан тушаал “шагнал” болж хувирсан. Түүнчлэн зарим хэлтэс, аж ахуйн нэгжийн тоо хоёр дахин нэ­мэгдсэн гэсэн бодит тоо бий. Дөрвөн жилийн өмнө нийслэлд 40 гаруй орон нутгийн өмчит компаниудтай байсан бол өнөөдөр 70 гарчихсан. Мөн дөрвөн жилийн өмнө улсын төсөвт үйлдвэрлэлийн газар 90 байсан бол өнөөдөр 136 болж нэмэгдсэн” гэдгийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэлсэн.

Дарга нарт зориулсан бүтцээс гарч байгаа зардлаар хэд хэдэн сургууль, цэцэрлэг, автозам барих боломжтой. Урьд нь хийгээд болоод байсан төрийн захир­гааны орон тоог нэмэгдүүлж, зардлаа өсгөсөн байдлаар цаашдаа явна гэдэг эдийн засаг хүндэрчихсэн энэ цаг үед байж болохгүй үйлдэл. Цар тахлын өмнө  ААН өвдөг сөгдөж, ажилтнаа цомхтгон, үүд хаалгаа барьж, төсвөө танаж, зардлаа хэмнэж байхад төрийн тансаглал буурсангүй.

МАН цөөнх байхдаа төсвийг хэмнэе, төрийн албан хаагчид болон яам тамгын газрынхны унаж байгаа жийпийг төрийн хэрэглээнээс хасъя гэж уриалж байсан. Гэтэл одоо яам, тамгын газрын дарга нар, нийс­лэлийн улсын үйлдвэрийн газар, орон нутгийн улсын үйлдвэрийн газрын дарга нар гээд бүгдээрээ жийп машинтай. Бүх зардлаа төрөөс гаргуулдаг ийм л тогтолцоо нүүрэлчихээд байна.

Төрийн албаны данхар бүтцийг цөөлөх цаг нь хэдийнээ  болжээ. Төсвийн мөнгө уйлахгүй  ч ачааны хүндийг үүрч буй ард түмний нуруу өвдөж байна, Ерөнхий сайдаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ТэнэглэлТэнэглэл
9
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж