Олимпийн аварга уран гулгагч Алина Загитова Оросын Улс ардын аж ахуй, төрийн албаны академид суралцахаар бүртгүүлсэн байна. Одоо 18 настай тамирчин уг академийн Сэтгүүл зүйн ангид “Продюсер, соёлын бодлого” чиглэлээр бакалаврын түвшинд суралцах ажээ.
“Хичээл, спортын бэлтгэл хоёрыг хослуулах тун амаргүй байх болов уу. Биеийн хүчний бэлтгэлийн дараа оюуны хөдөлмөр эрхлэх нь амар зүйл биш. Сэтгүүлч гэдэг бол маш сонирхолтой мэргэжил. Сайн ярьж чаддаг байх, бусадтай чөлөөтэй харьцахын тулд Алина зориуд энэ мэргэжлийг сонгосон байх” хэмээн 1999 оны уран гулгалтын дэлхийн аварга Мария Бутырская Алинагийн сонголтын талаар хэвлэлд тайлбар өгчээ.
Өнгөрсөн 2019 онд Алина Загитова спортын карьераа түр зогсоож байгаагаа мэдэгдсэн бөгөөд өнгөрсөн жилийн Оросын аварга шалгаруулах тэмцээнийг өнжсөн юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ