ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак коронавирусийн халдвар авсан талаар тус улсын Ерөнхий сайд Михайл Мишустин мэдэгдлээ. Тус яамыг 2012 оноос хойш удирдаж буй Александр Новак саяхан Ерөнхий сайд зэрэг албаны хүмүүсийн хамт Оросын Алс Дорнодын бүс нутагт эдийн засгийг дэмжих ажлын хүрээнд ажиллаж байхдаа халдвар авсан нь тогтоогджээ. Иймд тэрбээр тус бүс нутагт болж буй уулзалтуудад оролцолгүйгээр Москва руу яаралтай тусламжийн нисдэг тэргээр буцаж, тусгаарлагдсан байна.
Өдгөө 48 настай Эрчим хүчний сайдад коронавирусийн ямар ч шинж тэмдэг илрээгүй аж. Түүнчлэн дээрх томилолтыг сурвалжлахаар явсан хэд хэдэн сэтгүүлч халдвар авчээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас Ерөнхий сайд Михайл Мишустин, Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков, Барилга, хот байгуулалтын сайд Владимир Якушев болон түүний орлогч Дмитрий Волков, Соёлын сайд Ольга Любимова зэрэг өндөр албан тушаалтнууд коронавирусийн халдвар авсан билээ.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ