Солонгосын хойгт сар дамнан үргэлжлэн орсон усархаг борооны улмаас үер болж, асар их ургацыг хураахаас нь өмнө сүйдэлж орхиод байгаа билээ. Түүнчлэн удирдагч Ким Жон Уны сүүлийн үед хийсэн үйлдэл нь БНАСАУ-ыг үнэхээр хэцүү байдалд орсныг баталж байна.
Наймдугаар сарын эхээр 600 гаруй га будааны талбай, 730 агуулах байр, 179 айлын байр үерт сүйдсэн хэмээн БНАСАУ албан ёсоор мэдээлсэн юм.
БНАСАУ-ын тааруухан дэд бүтцээс болоод борооны улиралд ард иргэд ийнхүү үе үе ихээр хохирдог байна. Жишээлбэл, 1990-ээд онд үерийн улмаас БНАСАУ-ын нийт газар нутгийн 15 хувь нь ашиглах аргагүй болж, хоёр сая гаруй хүн нас барсан түүх бий.
Энэ сарын эхээр Ким Жон Ун үерт өртсөн нутгуудаар зочилж, байдалтай биеэр танилцсан билээ. KCNA агентлагийн мэдээлснээр энэ жилийн үерт хүн нас бараагүй аж. Мөн Ким Жон Ун үерт хохирсон иргэдэд өөрийн хувийн хүнсний нөөцөөс тусламж үзүүлэхийг тушаасан байна.
“Хохирсон иргэдийн амьдралыг аль болох түргэн хэвэнд нь оруулахын тулд яаралтай өдөр тутмын хэрэгцээт хүнс, эм, материаллаг бусад зүйлсээр туслах нь нэн чухал. Тиймээс удирдагч Ким Жон Ун иргэддээ хувийн зүгээс тусалж, иргэд хариуд нь түүнд зүрхнийхээ гүнээс талархал илэрхийлж байна” хэмээн KNCA агентлаг мэдээлжээ.
БНАСАУ-ын дипломат байсан, хожим БНСУ-д дүрвэн гарч, өдгөө өмнөд Солонгосын парламентад суудалтай болсон Тэ Ён Хо дээрх үйлдлийг “Ким Жон Уны хувийн онцгой нөөцийг зөвхөн дайны үед л хэрэглэдэг юм. Тиймээс энэ үйлдэл нь БНАСАУ-ын хүнсний асуудал маш хэцүү байдалд орсныг харуулж байна. Цар тахал, үер гээд хойд Солонгос өнөөдөр маш хэцүү байгаа. Ийнхүү хувийн нөөц рүүгээ хүртэл орсныг эвтэйхэн зарлаж байгаа нь магадгүй Ким Жон Уны БНХАУ-д илгээж буй аврал эрсэн дохио юм. Зөвхөн БНХАУ л Умард Солонгост тусламж илгээж чадна шүү дээ. Гэхдээ хэрвээ Ким Жон Ун Хятадын тусламжид найдаж байгаа бол АНУ-ыг эсэргүүцэх эсэргүүцлээ зөөлрүүлэх л хэрэгтэй болох байх” хэмээн хэлсэн байна.
Эх сурвалж: BUSINESSINSIDER
Холбоотой мэдээ