"Автозам ашигласныхаа хэмжээгээр төлбөр төлдөг болно"

Хуучирсан мэдээ: 2020.08.18-нд нийтлэгдсэн

"Автозам ашигласныхаа хэмжээгээр төлбөр төлдөг болно"

"Автозам ашигласныхаа хэмжээгээр төлбөр төлдөг болно"

Эрдэмтэн, судлаачид технологид суурилсан “Ухаалаг Улаанбаатар хотын жишиг загвар” боловсруулахаар ажиллаж эхэлсэн байна. Энэ асуудлыг хөндсөн хэлэлцүүлгийг өнөөдөр (2020.08.18) Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, “Залуу судлаачдыг дэмжих сан” төрийн бус байгууллага хамтран Шангрила зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Дагва “Нийслэлийн иргэдэд Улаанбаатар хотыг ухаалаг болгох амбиц байх ёстой. Улаанбаатар хотын эдийн засгийн тэргүүлэх чиглэл нь өндөр технологийн салбар болж хөгжих ёстой.

Дэлхийн хотууд дэд бүтэц талдаа, үйлчилгээ талдаа өндөр технологи нэвтрүүлснээр хүмүүсийн оролцоог хөнгөвчилж, урсгал зардлаа бууруулдаг болсон. Улаанбаатар хот хоцорч болохгүй.

Өндөр технологи нэвтрүүлснээр хувь хүний эдийн засаг, өрх гэрийн эдийн засагт ч эерэг нөлөөтэй. Тиймээс цаашдаа Улаанбаатар хот бүтцийн хувьд ухаалаг, үйл ажиллагаа нь ухаалаг, үйлчилгээ нь иргэдэд хүрэхэд ч ухаалаг болох шаардлагатай. Үүний тулд өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна” гэлээ.

Мөн нийслэлээс иргэдэд үзүүлдэг төрийн үйлчилгээг хөнгөвчлөх зорилгоор тодорхой төслүүд хэрэгжүүлснээр 50 гаруй үйлчилгээг цахимаар авах боломж бүрдсэн байна.

Цаашид технологийн хөгжлийг нэвтрүүлэх хүрээнд ямар үйлчилгээ ухаалаг болж, иргэдэд хүрэх вэ гэдгийг Нийслэлийн Засаг даргын Инноваци теххнологийн хөгжил хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбатаас тодрууллаа.

-Одоогоор нийслэлээс иргэдэд үзүүлдэг ямар үйлчилгээ цахим болоод байна вэ?

-Төрийн үйлчилгээг цахим болгох төсөл 2016 оноос эхлэн хэрэгжсэнээр нийслэлийн Архивын газрын 100 гаруй жилийн датаг цахим болгох ажил хийгдэж байна. Одоогоор ажил 30 гаруй хувьтай явна. Нийслэлээс иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг 19 газар мэдээллээ хоорондоо солилцдог Дундын мэдээллийн сан төсөл хэрэгжүүлсэн. Нэлээн цар хүрээтэй том төсөл болсон. Энэхүү төслүүдийн үр дүнд төр өөртөө байгаа мэдээллийг иргэнээсээ шаарддаггүй болсон. Одоогийн байдлаар нийслэлээс үзүүлдэг 51 төрийн үйлчилгээг иргэд төр захиргааны байгууллага дээр очихгүйгээр авах боломж бүрдсэн. Нийслэлээс хэрэгжүүлж байгаа бүх тендерийн саналыг 100 хувь цахимаар авдаг болсон. Цаашид үргэлжлүүлээд илүү олон үйлчилгээг хороодод хүргэхээр ажиллаж байна.

Анзаарсан бол Улаанбаатар хот өнөөдөр зургаан нэгдсэн үйлчилгээний төвөөр дамжуулж, төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг. Удахгүй хоёроор нэмэгдүүлж найм болгоно.

Улаанбаатар хотын хэмжээнд 170 гаруй хороо бий, иргэд хороон дээрээ очоод үйлчилгээ авдаг болгохоор програм хангамжийн ажил хийгдээд явж байна. Өнгөрсөн жил бид 17 хороон дээр туршиж үзсэн, амжилттай болсон. Энэ үйлчилгээ нэвтэрснээр иргэн дүүрэг, нэгдсэн үйлчилгээний төв рүү явахгүйгээр иргэний үнэмлэх, гадаад паспортын захиалга өгчихдөг байх боломж бүрдүүлэхээр төрийн бусад байгууллагатайгаа хамтраад ажиллаж байна.

-Нийслэлийн иргэд аюулгүй орчинд амьдрах боломж нь камержуулалт гэдэг зүйл их яригдах болсон. Энэ талын төсөл хэрэгжүүлж байгаа юу?

-Улаанбаатар хотод өмнө нь янз бүрийн эх үүсвэрээр олон камер тавьсан. Гэвч нэгдсэн сүлжээ, цахилгаанд холбогдоогүй зэрэг олон шалтгаанаар дийлэнх нь ажилладаггүй байсан. Хот бүрт камерын дэд бүтэц чухал. Камераар дамжуулаад хөдөлгөөний аюулгүй байдал, иргэдийн аюулгүй байдлыг хянах боломжтойгоос гадна хотын өнгө үзэмж, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэх зэрэг маш олон асуудлыг шийддэг. Нэгэнт технологи байгаа учраас энэ чиглэлийн төслийг хэрэгжүүлж байна. 2020 оны эцэс гэхэд Улаанбаатар хот камерын хяналтын иж бүрэн системтэй болно. Өнөөдөр найман уулзвар дээр замын хөдөлгөөнийг иж бүрнээр хянадаг систем ажилладаг. Уг системийг 30-аар нэмж, 38 уулзвар дээр замын хөдөлгөөнийг иж бүрнээр хянадаг болно. Дээрээс нь 123 уулзвар дээр мөн технологи суурилуулж байна. Хот өөрөө бодлогоо хэрэгжүүлэх технологийн дэд бүтцийн ажлыг хийж байна гэж ойлгох хэрэгтэй.

Технологийн дэд бүтцийн ажил хийгдсэнээр Улаанбаатар хотын хэмжээнд жолооч авто замыг ашигласан хэмжээгээр замын төлбөрөө төлдөг болох боломж бүрдэнэ. Одоо машинтай л бол ашиглалтаас нь үл хамаарч хавтгайруулаад татвар авдаг.

Технологийн дэд бүтцийн ажил бүрэн дүүрэн хийгдсэнээр жолооч яг ямар замыг давтамжтай ашиглаж байна вэ гэдгээсээ хамаарч төлбөрөө төлдөг тогтолцоо руу орох боломжтой болно.

-Улаанбаатар хотын хувьд автомашины түгжрэл нэлээн асуудал болдог. Техник ашиглаад түгжрэлийг сааруулах боломж бий юу, энэ асуудлыг судалж үзсэн үү?

-Хийсэн судалгаа бий. 1000 хүнд ногдох автомашины тоо 50-60 бол хэвийн, 200-гаас дээш гарвал гамшгийн төвшинд хүрсэн гэж үздэг. Манайд 500-гаас дээш гарсан.

1000 хүнд ногдох автомашины тоо 200-гаас дээш гарсан нөхцөлд олон улсын зөвлөмж нь автомашиныг шууд хоригло гэдэг. Хуулийн тодорхой заалтаар юм уу, эсвэл эдийн засгийн аргаар хоригло гэдэг зөвлөмж өгдөг. Харамсалтай нь, манайд улстөржилтөө дийлэхгүй шийдвэртэй хатуу арга хэмжээ авч чадахгүй явсаар өнөөдрийг хүргэсэн.

Түрүүн ярьсан технологийн дэд бүтцийн төслөө хэрэгжүүлж дууссаны дараа автомашины хөдөлгөөний эрчмийг бууруулах чиглэлд тодорхой хязгаарлалтын,  эдийн засагт нь суурилсан арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Жишээлбэл, хамгийн ачаалалтай хэсэгт богино хугацаатай буюу хамгийн ихдээ 2 цагийн хугацаатай автомашинаа байршуулах боломжтой төлбөртэй зогсоол бий болгох. Автозамыг ашиглаж байгаа хэмжээгээр төлбөр төлдөг болох гэх мэтчлэн шат дараатай төлөвлөсөн ажлууд бий. Тэр бодлогыг хэрэгжүүлэхийн тулд зайлшгүй технологийн дэд бүтэц хэрэгтэй болчихоод байна.

Г.ХОРОЛ
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж