УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахлах зөвлөхөөр томилогджээ. Түүний хувьд ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд орооцолдож, УИХ-ын сонгуулийг өнжсөн бөгөөд Батлан хамгаалахын сайдаар томилогдоно хэмээн яригдаж байсан. Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар томилогдсон бөгөөд түүний оронд ийнхүү Ж.Энхбаяр гишүүн ажиллахаар болжээ.
Ерөнхий сайдын ахлах зөвлөх болон зөвлөхүүд нь Ерөнхий сайдад бодлогын зөвлөгөө өгөх, бүх талын үйлчилгээ, дэмжлэгээр хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд Ерөнхий сайдад бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь чиглэсэн судалгаа, дүн шинжилгээ бүхий мэдээлэл, бодлогын зөвлөгөө өгөх, бүх талын дэмжлэг үзүүлэх, Ерөнхий сайдыг өдөр тутмын үйлчилгээ, дэмжлэгээр хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Ерөнхий сайдын зөвлөхүүд бодлогын зөвлөгөө өгөхдөө хариуцсан асуудлаар онол, арга зүй, дотоод, гадаадын туршлага, судалгаа, шинжилгээ, дүгнэлтэд үндэслэх үүрэгтэй.
Ж.ЭНХБАЯР ГЭЖ ХЭН БЭ?
Ж.Энхбаяр 1990 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1999 онд Монгол Улсын Их Сургууль төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Бизнес удирдлагын магистр.
Тэрбээр 1996-2000 онд “Нэхий” ХХК, “Сүлжмэл” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Газар” ХХК-ийн захирлын алба хашиж байгаад, 2000-2002 онд Онцгой албан татварын гаалийн газрын дарга, 2002-2003 онд Улаанбаатар хотын гаалийн газарт хэлтсийн дарга, дэд дарга, 2004-2006 онд Гаалийн ерөнхий газарт зөвлөх, 2006-2008 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, 2008 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын Тамгын газрын даргаар тус тус ажилласан байна.
Ж.Энхбаяр 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын алба, 2016 онд УИХ-ын гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байв.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ