“УОК-т ирсэн хандиваас хилийн чанадад буй иргэдэд хандивлана”

Хуучирсан мэдээ: 2020.08.18-нд нийтлэгдсэн

“УОК-т ирсэн хандиваас хилийн чанадад буй иргэдэд хандивлана”

“УОК-т ирсэн хандиваас хилийн чанадад буй иргэдэд хандивлана”

Улсын Онцгой комисс (УОК)-ын Шуурхай штабаас өнөөдөр (2020.08.18) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


УЛСЫН ОНЦГОЙ КОМИССТ ИРСЭН ХАНДИВЫГ ЗОРИЛТОТ БҮЛЭГТ ӨГӨХ АЖЛЫГ СУДАЛЖ БАЙНА”

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.МӨНХТҮШИГ:

-Өчигдөр буюу наймдугаар сарын 17-нд УОК-ын даргын өгсөн үүрэг даалгавар, чиглэлийн дагуу наймдугаар сарын 15 дахь нислэгийг үйлдэхээр болсон. Хонгконг руу тусгай үүргийн нэг нислэг нэмэлтээр явуулах зөвшөөрөл авсан тул иргэдэд мэдээлэл хүргэж, зорчигчдын бүртгэлийг хийж байна. Цаг хугацааг нь тулгасан мэт боловч зөвшөөрөл авахад хугацаа их зарцуулсан. Хонгконгийн нислэгээр дамжуулан Малайз, Тайвань, Бангконг, бүр цаашилбал АНУ, Австралид гацаад буй цөөн монголчууд транзитаар ирэх боломж үүсэх юм. Хонгконгийн нислэгээр ирэх иргэд сая дурдсан цэгээс нэг захиалгаар онгоцны билетээ авах боломжийг нээж өгч байна.

Өнөөдөр энэ цагт БНХАУ-аас буцах хүсэлтээ гаргасан 140 гаруй иргэн бий. Тэднийг Эрээн-Замын-Үүд боомтоор татан авах ажиллагаа үргэлжилнэ.

АНУ руу агаарын хэлэлцээргүй ч хоёр нислэг хийсэн. Энэ нислэгүүдээр ирсэн иргэдээс нэмэлт төлбөр авсан зүйл байхгүй. Авлига өгсөн, нэхсэн, авсан тухай мэдээллээ бидэнд өгөөд, хариуцлага тооцуулах боломж олгоорой. Маш олон гомдол ирсэн ч баталгаатай, нотлогдсон үйлдэл илрээгүй.

Долоодугаар сарын 17-ноос эхлэн нутаг буцах хүсэлтэй иргэдийн нэрсийг олон нийтэд ил болгосон. Буцах хүсэлт гаргасан иргэдийн дунд хүндэтгэн үзэх таван шалтгаантай иргэдийн тоо 30 хувьд хүрэхгүй байна. Улсын онцгой комисст ирсэн хандивын тодорхой хэсгийг Хилийн чанадад байгаа монгол иргэдэд туслах санд хандивлах шийдвэр гаргасан. Тухайн хүмүүсийг зорилтот бүлэг болгон тодорхойлж, хандив тусламж өгч, эх оронд нь авч ирэх ажлыг судалж байна.


“ОХУ-Д СУРАЛЦАХААР МОНГОЛООС ГАРСАН ОЮУТНЫГ ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭЭГҮЙ”

ОБЕГ-ын дэд дарга Б.УУГАНБАЯР:

-Наймдугаар сард найман удаагийн нислэг үйлдэж, нийт 2382 хүнийг татан авлаа. Үүнд, эрүүл мэндийн шалтгаантай 137 иргэн, өндөр настан 189, хөгжлийн бэрхшээлтэй 10, жирэмсэн 71 хүн, бага насны хүүхэд 264, бусад шалтгаантай 1316 иргэн багтаж буй. Хилийн боомтоор нийт 6347 иргэнийг татан авсан бол 55 удаагийн агаарын нислэгээр 11.300 иргэнийг татан авчээ. Нийтдээ 17.478 иргэнийг эх орондоо авч ирсэн.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар дахь тусгаарлах байранд 3046 иргэн байгаа бол орон нутаг 446 иргэн, нийт 3492 иргэн тусгаарлагдаж байна. Нийслэл хотод гэрийн ажиглалтад 1324 иргэн, орон нутагт 535 иргэн байгаа бол нийт 1861 иргэн гэрийн ажиглалтад байна. Ажиглалтын хугацаа дууссан 12.392 иргэн буй.

Шуурхай штабад өнгөрсөн хугацаанд нийт 14.954 өргөдөл ирсэн. Үүнийг 8951 өргөдлийг цахим бүртгэлд бүртгүүлж, хяналтад аваад байна. Тухайн нислэгт ямар буудал суларч таарна түүнд иргэдийг байлгаж, тусгаарладаг. Жишээлбэл, “Мичид” зочид буудал наймдугаар сарын 1-ний өдөр гадаадаас иргэдээ хүлээн авсан бол наймдугаар сарын 22-нд суларч, дараагийн нислэгийн хүмүүсийг хүлээн авдаг. Шуурхай штабт таньдаг хүн нь байгаа гэсэн хандлагаар битгий хандаарай.

Бидний дунд өгөө авааны асуудалд холбогдсон хүн байхгүй. Энд тагнуул, цагдаагийн байгууллагууд хамтран ажиллаж буй. Монгол нэг оюутан бидэнд “ОХУ-ын их сургуульдаа ирж суралцаач ээ” гэдэг бичиг үзүүлж, улсын хилээр гарсан ч хил нэвтрүүлээгүй. Шалтгааныг нь судалбал, ОХУ-ын Засгийн газрын шийдвэр гараагүй учраас хилээр нэвтрүүлэхгүй гэдгийг мэдэгдсэн. Тиймээс тухайн иргэн хоёр талын зардал мөнгөөр хохирсон.

“ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР НИЙТ 39 ТУСГААРЛАХ БАЙРАНД ИРГЭДИЙГ ТУСГААРЛАЖ БАЙНА”

Түүнээс тусгаарлах байрны асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-Тусгаарлах байрны хоол хүнс, ариун цэврийн байдалд иргэд бухимдалтай хандаж байсан. Энэ асуудалд хэрхэн анхаарч, хяналт тавьж байна вэ?

-Хилийн чанадаас ирсэн тодорхой тооны иргэдээс Шуурхай штабт ийм өргөдөл, гомдол ирүүлдэг байсан. Бид үүний дагуу мэргэжлийн хяналтын улсын байцаагчаар хоёр, гурван тусгаарлах байранд хяналт шалгалт хийлгэж, заавар зөвлөмж хүргүүлсэн. Шуурхай штаб эдгээр байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа учраас аль болох үйл ажиллагаагаа тогтвортой зохион байгуулах үүднээс зөвлөмж хүргүүлсэн. Шалгалтад хамрагдсан байгууллагууд асуудлыг хүлээн авч, үйлчилгээгээ сайжруулсан. Дараагаар нь Шуурхай штабын дарга гарын үсэг зурж баталгаажуулаад, хоол амталгаа хийлгэж байна. Үүнээс хойш энэ төрлийн зөрчил буурсан. Дийлэнх иргэд маань эх орондоо ирсэндээ сэтгэл хангалуун, иргэнийхээ үүргийг биелүүлж байна.

-Одоогийн байдлаар хэчнээн тусгаарлах байр бэлтгэн, гадаадаас иргэдээ татан авч байна вэ?

-Өнөөдрийн байдлаар тусгаарлан ажиглах байрны зориулалтаар 28 зочид буудлын 1435 өрөө, таван амралтын газрын 1888 өрөө, гурван сувиллын 150 өрөө, хоёр эмнэлгийн 110 өрөө, нэг дотуур байрны 54 өрөө, нийт 39 тусгаарлах байранд иргэдээ тусгаарлаж байна.

-Тусгаарлах байрны хүрэлцээ хэр байгаа бол. Эдгээр байруудад ямар шалгуур тавьдаг вэ?

-Тусгаарлах байр бэлтгэдэг ажлын хэсэг очиж, тодорхой шаардлага тавьдаг. Нэгдүгээрт, тусгаарлах байрнаас 50 мянган төгрөгт багтаан өдөрт гурван удаагийн хоол өгнө. Дунд нь бас хоёр удаагийн цайтай. Тусгаарлах байрны багтаамж их байх тусмаа бидний ажилд сайн. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй 266 зочид буудлын 243 нь 40-өөс доош тооны өрөөтэй. Нэг онгоцоор ирж буй хүмүүсийг бүхэлд нь багтаачихвал бидний ажилд хэрэгтэй. “Тоёоко инн” зочид буудлын хувьд нэг онгоцоор ирсэн хүмүүсийг багтаачихдаг. Мөн дотроо хоол үйлдвэрлэх боломжтой байх ёстой.

Бид хүнээ хүлээж авахын тулд зарим газар хоолоо зөөвөрлөж байна. Жишээлбэл, “Тоёоко инн” зочид буудал хоол үйлдвэрлэдэггүй учир 250 метрээс дээш газар хоол үйлдвэрлэн, иргэдэд хоол хүнсээ зөөвөрлөж хүргэдэг. Дараагийн нэг шалгуур бол дотроо нэг өрөө, душьтэй байх шаардлагатай. Амралтын газрын хувьд нийтийн ариун цэврийн өрөөтэй. Тэрнээс болоод иргэдээ тусгаарлаж болдоггүй. Зарим зочид буудал байраа түрээслэчихсэн байдаг учраас бид түрээсийн үйл ажиллагааг нь давхар хаагаад, иргэдээ тусгаарлах боломжгүй байна. Одоо дотоодын цагдаа, цэргийн алба хаагчдын хүн хүчний хүрэлцээний асуудал гарч байна. Тусгаарлах байрны гадна олон цэг дээр 21 хоног тусгаарлалтад ажиллах шаардлагатай болдог.

Гэрэл зургийг Г.БИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж