Зургаа дахь удаагаа дахин сонгогдсоноосоо болоод иргэдийнхээ эсэргүүцэлтэй тулгарч, бослого, хөдөлгөөнийг дарахын тулд бүх аргаа хэрэглэж буй Ерөнхийлөгч Александер Лукашенко ажил хаян тэмцэж буй Минскийн ажилчдын өмнө гарч үгээ хэлжээ.
Тэрбээр “Сонгууль нэгэнт болоод өнгөрсөн. Намайг амьд байгаа цагт дахин сонгууль хийхгүй. Хэрвээ та нар дахин сонгууль хийхийг хүсч байвал намайг алж байж хийгээрэй. Над руу хичнээн ч хашгичсан болно. Баярлалаа. Би хичнээн муу Ерөнхийлөгч байлаа ч та бүхнийг гудамжинд гаргалгүй ажилтай, амьдралтай байлгаж байгаа хүн шүү” хэмээн итгэлтэй нь аргагүй чангаар хэлээд явсан байна.
Гэсэн ч хэдхэн цагийн дараа Лукашенко бодлоо өөрчилж, шинэ Үндсэн хууль баталбал дахин сонгууль зохион байгуулж болно хэмээн мэдэгдсэн байна.
Тэрбээр дахин Минскийн эсэргүүцэгчдэд хандаж бүх ард түмэн нийтийн санал асуулгаар шинэ Үндсэн хуулийг баталбал парламентын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг дахин хийхийг зөвшөөрч буйгаа ярьжээ. Гэхдээ тэрбээр чухам хэзээ шинэ Үндсэн хуулийг баталж, хэзээ дахин сонгууль хийх талаар нарийн зүйл яриагүй аж.
Лукашенко ажилчдын өмнө дахин гарч зогсоод “Бид шинэ Үндсэн хуультай болох хэрэгтэй. Энэ л та нарын хүсч байсан зүйл мөн. Тиймээс өмнөх Үндсэн хуулийг баталж байсан шиг ард иргэд нийтээр шинэ Үндсэн хуулийн санал хураалтад оролцох хэрэгтэй. Хэрвээ тэгж чадвал дахин парламентын, орон нутгийн, ерөнхийлөгчийн сонгууль хийж болно. Хэрвээ та бүхэн л хүсч байгаа бол” хэмээн ярьсан байна.
Тус улсын эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг танилцуулсны дараа буюу наймдугаар сарын 9-нд түүнийг эсэргүүцсэн бослого, хөдөлгөөн анх эхэлж, иргэд цагдаа нартай мөргөлдөн нэг хүн нас барсан билээ.
Эсэргүүцлийн хөдөлгөөн улам томорсоор БелАЗ, МАЗ, Беларускали зэрэг улсын том үйлдвэрүүд ажил хаяж, Лукашенког зарим уулзалтуудаа хойшлуулахад хүргэжээ.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ