УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдөр (2020.08.18)-ийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 2020 оны төсвийн тодотгол болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Төсвийн тодотгол болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Танилцуулгатай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа.
УИХ-ын гишүүн Н.УЧРАЛ:
-Төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо, мэдээлэл солилцох байдал дутмаг байна. Төрийн байгууллагуудын хоорондын мэдээлэл солилцох байдал их дутмаг байна. Бүх салбарт цахим шилжилт хийнэ гэсэн хэрнээ хөрөнгө санхүүгийн асуудлыг нь огт тусгаагүй байна. Сангийн сайд технологи маш сайн ойлгодог, маш сайн дэмжиж байгаа. Боловсролын салбар дах цахим шилжилт дээр маш сайн хөрөнгө санхүүг нь шийдвэрлэж өгөхгүй бол болохгүй байна. Боловсрол, соёлын салбарт бүтээлч үйлдвэрлэл нэмэгдэх гэж байна. Тиймээс боловсрол, соёл, спортын салбаруудын орчин үеийн технологид суурилахад нь хөрөнгө санхүүг нь дэмжиж ажиллах хэрэгтэй байна.
Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:
-Санал нэг байна. Цаас нэхэж төрийн үйлчилгээ үзүүлдэг арга хоцрогдож байна. НӨАТ-ын систем нэг ширхэг ч цаас нэхэхгүйгээр хэдэн тэрбум төгрөгийн асуудал шийдэж байгаа. Засгийн газар ойрын үед цахим руу шилжих шилжилт хийнэ. Гааль, татварын байгууллагууд цахимжиж эхэлсэн. Төрийн үйлчилгээг сэтгэл гаргаж, ажлаа сайн зохион байгуулах боломжтой. Цаашид хүнд суртал, цаг зардаг, түгжрэл, авлигад цэг тавих зүйл нь цахим шилжилт. Цаашид бүх яамдад цахим шилжилтийг хийнэ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЦЭДЭВСҮРЭН:
-Боловсролын салбарын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр үе шаттай явуулж буй. Бүх цахим үйл ажиллагаатай холбоотой нэгжүүд нэгдэж, Боловсролын мэдээлэл, технологийн газар байгуулсан. Боловсролын салбарын цахим технологи нэвтрүүлэх чиглэлээр багш нараа компьютержүүлж байна.
УИХ-ын гишүүн Г.МӨНХЦЭЦЭГ:
-Цаг хугацааны хувьд хүнд цаг үед төсөв тодотгож оруулж ирж байгааг ойлгож байна. Гэхдээ бас зарим зүйлийг судлаагүй, эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэж оруулж ирсэн зүйл байна. Өнгөрсөн парламентын үед бид нийслэлд гурван ээлжээр хичээллэхгүй байх чиглэлээр анхаарч ажилласан. Гэтэл хөдөө орон нутагт сургуулийн хүрэлцээ маш муу. Жишээлбэл, Говьсүмбэр аймагт 50 сая төгрөгөөр сургууль барихаар төсөвлөжээ. Энэ 50 сая төгрөгөөр ямар сургууль барих вэ. Нэмэгдүүлэх боломж байна уу.
Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:
-Есөн сар гарсан, гэрээ байгуулагдаагүй байгаа. Хоёр сарын хугацаанд барилга барьж амжихгүй. Гэрээ байгуулагдаагүй учраас мөнгө нэмнэ гэсэн ойлголт байхгүй шүү дээ.
УИХ-ын гишүүн Г.АМАРТҮВШИН:
-Боловсролын яамны хангамж, бараа материалын зардал маш их нэмэгдсэн, татаас мөн нэмэгдсэн байна. Яагаад нэмэгдэх болов. Манай улсын баян, ядуугийн ялгаа боловсролын салбарт харагддаг. Кембрижийн хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэх, илүү олон сургуулиудыг энэ хөтөлбөрт хамруулах чиглэлээр ямар бодлого баримталж байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЦЭДЭВСҮРЭН:
-Кембрижийн хөтөлбөртэй гурван сургууль бий. Боловсролын чанарыг ахиулж, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх чиглэлээр ажиллаж байна. Улсын хэмжээнд 820 улсын ерөнхий боловсролын сургууль байдаг бөгөөд эхний таван сургуулийг Кембрижийн хөтөлбөртэй болгохоор туршилтаа хийж байна. Олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багш, сурагч гээд аль алиныг нь бэлтгэх шаардлага байдаг. Бид дөрвөн жилийн хугацаанд 21 сургуулийг энэ хөтөлбөртэй болгохоор ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Ж.ЧИНБҮРЭН:
-Баянзүрх дүүрэг том, сургуулиуд нь захад байрладаг. Тиймээс сургуулиудыг автобусжуулах асуудал тодотголд тусгагдсан уу. Гадаадын шилдэг их, дээд сургуульд сурах тэтгэлгийн хэмжээг 4 тэрбум төгрөгөөр бууруулсан гэсэн байна. Яагаад буурах болов?
Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:
-Сургуулиудын автобус худалдан авах асуудал нийслэлийн төсөв дээр яваа. Гадаадын их, дээд сургуульд суралцах 4 тэрбум төгрөгийг хассан. Ковидын үед маш олон хэрэгжүүлэх арга хэмжээ бий. Тиймээс энэ дөрвөн тэрбум төгрөгийг хассан. Нөхцөл байдал өөрчлөгдөх үед төсвөө нэмээд үргэлжлүүлэх боломжтой.
УИХ-ын гишүүн П.АНУЖИН:
-Төрийн сангаар суралцсан суралцагчдын авлага хэд байна вэ. Энэ мөнгийг төвлөрүүлэх чиглэлээр ямар нэг арга хэмжээ авах, төлөхгүй байгаа хүмүүст хариуцлагын асуудал ярьж болох уу?
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЦЭДЭВСҮРЭН:
-Нийт 11 тэрбум төгрөгийн дотоодын оюутнуудын зээл чөлөөлөлт байгаа.
Ийнхүү хэлэлцүүлгийн дараа зарчмын зөрүүтэй саналууд тус бүрээр санал хураалт явуулж, 2020 оны төсвийн тодотгол хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ