УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр (2020.08.18)-ийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.
“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” нь Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, Засаглал, Ногоон хөгжил, Амар тайван, аюулгүй нийгэм, Бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн 9 бүлэгтэй байх бөгөөд эдгээрийн хүрээнд 2021-2025 онд хэрэгжүүлэх бодлогын зорилго, зорилт, хүрэх үр дүн, хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг тодорхойлон тусгах замаар энэхүү үндсэн чиглэлийн зорилт нь урт хугацааны бодлогын баримт бичигтэй уялдах болно.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд хууль санаачлагчаас асуулт асуув.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТ-ЭРДЭНЭ:
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөтэй байх талаар тусгасан. Энэ дагуу таван жилээр оруулж байгаа нь зөв. Амьдралын чанарыг дээшлүүлэх, ажлын байр бий болгоход үйлдвэржүүлэлтийн асуудал хамгийн чухал. Гэтэл энэ асуудал төсөлд орхигдсон байх юм. Хоёрдугаарт, Булган аймгийн Хялганат, Эрдэнэт чиглэлийн автозам ТЭЗҮ боловсруулах гэдэгт тусгагдаж. Уг нь зурагтай, 53 км автозам. Үүн дээр тайлбар өгнө үү.
ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-Таван жилийн энэхүү төлөвлөгөөний онцлог нь бодлогын асуудлуудыг аль болох яаманд нь үлдээхийг зорьсон. 100 гаруй төслийг хэрэгжүүлнэ. Үүний хэдэн хувь нь ТЭЗҮ-тэй хэд нь ТЭЗҮ-гүй вэ гэдгийг тодорхой болгоод, ТЭЗҮ-гүй төслүүдээ Барилга, хот байгуулалтын яаманд зураг төслийг нь хийх төсвийг нь эхний жилдээ шийднэ. Төсвийн тодотголд ч энэ дагуу сууна. 72 мянга орчим ажлын байр зөвхөн улсын төсвөөс хэрэгжүүлэх томоохон төсөлд хөтөлбөрүүдийн хүрээнд шийдэгдэнэ. Тухайлбал, төмөр замын төсөл, стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой төслүүд хэрэгжинэ. Энэ хүрээнд хувийн хэвшилтэй хамтарч ажиллавал бидний зорилт тавьсан 150 мянга орчим ажлын байр бий болох боломжтой гэж тооцоолсон. Дундаж орлоготой иргэдийн хувь хэмжээг нэмэгдүүлж байж нийгмийн тогтвортой байдал хангагдана. Нийгмийн тогтвортой байдал хангагдаж байж эдийн засгийн тогтвортой байдал хангагдана гэж судлаачид үздэг. Цар тахлын үед аль болох дундаж давхаргаа живүүлчихгүй, ажлын байруудыг хадгалах бодлогыг эхний 1-1.5 жилд дэвшүүлнэ.
Цаашдаа дундаж орлоготой иргэдээ дэмжихийн тулд орон сууц, эрүүл мэнд, боловсролын чанарыг дээшлүүлэх, мөн зээлийн хүүгийн асуудлыг цогц байдлаар хэрхэн багасгах вэ гэдэг бодлого хэрэгжүүлнэ. Мөн хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгочихвол дундаж давхаргаа дэмжихэд чиглэсэн боловсролын зээл, жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдах, орон сууц, эрүүл мэнд болон нийгмийн даатгалтай холбоотой асуудлыг нэг сангаас төлөвлөлт хийх хууль эрхзүйн орчин бүрдүүлнэ.
ЗАМ ТЭЭВРИЙН, ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР:
-Булган аймгийн Хялганат, Эрдэнэт чиглэлийн 53.6 км автозам барих гэж орсон. Суурь түвшин нь батлагдсан зураг төсөлтэй учраас ТЭЗҮ боловсруулах гэдэгт тусгагдсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн жагсаалтад орсон тул зам тавигдана гэж ойлгож болно.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯР:
-Төрийн байгууллагын үйлчилгээний бүх шатанд цахим шилжилтийг шилжүүлнэ гэдгийг дэмжиж байгаа. Үр дүнгээ өгнө. Төрийн албан хаагчдын тоо өнөөдөр хэд байгаа вэ. Монголын төр данхайгаагүй, хэвийн хэмжээндээ байгаа гэдгийг хамгаалахын тулд төрийн алба хаагчдын тоогоо дарж мэдээлдэг. Сүүлийн 15 жил төрийн алба хаагчдыг төрийн үйлчилгээний алба руу, улсын төсөвт үйлдвэрлэлийн газар руу, эсвэл улсын үйлдвэрийн газар гэдэг нэршлээр байгуулаад, тэнд ажиллаж байгаа хүмүүсээ төрийн алба хаагчдын тоонд оруулж мэдээлдэггүй. 180 мянган төрийн албан хаагчтай гэдэг ч бодит байдалд 220 мянга давчихсан.
Улсын үйлдвэрийн газар гэдэг нэрийн дор 20-30 мянган төрийн албан хаагчийг тоонд оруулахгүй байгаа. Багш, эмчээс гадна бусад нэмэгдэж байгаа төрийн захиргааны албан хаагчдыг нэмэхгүй байх бодлогын санал дэвшүүлж болох уу. Эдийн засгийн хөгжилд хамгийн их саад, чөдөр нь төр өөрөө. Төрийн өмчит компаниудыг олноор байгуулдаг. Дөрвөн жилийн өмнө нийслэлд 40 гаруй орон нутгийн өмчит компаниудтай байсан бол өнөөдөр 70 гарчихсан. Мөн дөрвөн жилийн өмнө улсын төсөвт үйлдвэрлэлийн газар 90 орчим байсан бол өнөөдөр 136 болж нэмэгдсэн. Энэ хэрээр тоо өсч зардал нь улсын төсвийн хяналтад орохгүй дураараа тэлж байгаа. Тансаглал, авлига тэр хэрээр их гарч байна. Авлигыг бууруулна гэсэн зорилт тавьсан нь буруу. Гэмт хэрэг буурснаар тухайн бодлогын үр дүнг хэмжиж болохгүй. Албан тушаалын гэмт хэрэг АТГ-т таван жилийн өмнө жилдээ 30 орчим хэрэг шалгагддаг байсан бол өнөөдөр 300-400 гэмт хэрэг жилдээ шалгаж байгаа. 10 дахин нэмэгдсэн нь муу үзүүлэлт биш, нуугдмал байсан нь илэрсэн гэсэн үг. Албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд ямар зорилго тавьж байгаа вэ. Албан тушаалын гэмт хэргийн 90 хувь нь төрийн болон орон нутгийн өмчит компаниудад гардаг. Авлигын улмаас 11 их наяд төгрөгийн хохирол учирсан гэдгийг АТГ-аас мэдээлсэн.
ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-Сүүлийн мэдээллээр 188 мянга 559 төрийн албан хаагч ажиллаж байна. Төрийн өмчит үйлдвэрийн газрууд данхгар байгаа нь үнэн. ТУЗ нь өөрөө өөртөө орон тоо гаргадаг, маш олон дэд захиралтай, авч байгаа цалин урамшуулал нь төрийн захиргааны албан хаагчдынхаас хэд дахин давсан зэрэг алдаа дутагдал бий. Цахим шилжилтийг хийснээр давхцалууд алга болно. Яаманд орон тоо нэмлээ гэхэд тэр нь шууд дэлгэц дээр гардаг байх тийм зохицуулалт руу орно. БНСУ-д туршлага судалсан.
УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ:
-Дундаж давхаргыг тэлнэ гэвэл гэр хорооллыг байшин хороолол болгох асуудал юм. Ингэж чадвал бусад асуудал цогцоороо шийдэгдэнэ. Гэр хорооллын иргэдийн нэг хэсгийг түрээслээд өмчлөх орон сууцанд оруулах, нөгөө хэсэгт нь хэсэгчилсэн инженерийн дэд бүтэц бий болгож хашаандаа сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх ийм л шийдэл эхний таван жилд хэрэгтэй. Мөрийн хөтөлбөрт ч суусан асуудал. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Чингэлтэй дүүрэгт дулааны шугам татахаар болсон. Энэ ажлын явц хэр байна вэ? Их, дээд сургууль төгсөөд ажилгүй ганц дипломтойгоо үлдсэн залуучууд олон байна. Гэтэл МСҮТ-ийг төгссөн залуучууд ажилтай болдог. Энэ чиглэлд тусгасан зорилт байна уу?
ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-Дундаж орлоготой иргэн гэж хэн бэ гэдгийг судалгааны байгууллагатай хамтарч тогтоосон. Шалгуур үзүүлэлтээр авч үзвэл дундаж орлоготой иргэн гэдэг нь жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагддаг, өөрийн гэсэн орон сууцтай, эсвэл цалингийн 20 доошгүй хувийг байрны зээлэнд төлөх чадвартай, өөрийгөө болон үр хүүхдүүддээ хүссэн боловсролыг нь эзэмшүүлэх боломжтой, өөрийгөө хөгжүүлдэг иргэнийг дундаж орлоготой иргэн гэж хэлнэ. Энэ шалгуурын 70 орчим хувьд нь манайх бүдэрч байгаа. 1990 оноос хойш өөрчлөгдөөгүй зүйл бол иргэдийн амьдралын чанар дээшлээгүй явдал.
Холбоотой мэдээ