Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Я.Содбаатарын шийдвэрээр наймдугаар сарын 20-ны өдөр Хонгконг руу тусгай үүргийн нислэг үйлдэхээр болжээ. Нислэгээр Хонгконг, Тайвань болон Зүүн Өмнөд Азийн орнуудаас нутаг буцах хүсэлт гаргасан 170 орчим иргэнийг эх оронд нь авчрахаар төлөвлөжээ. Мөн Улсын Онцгой Комиссын зүгээс наймдугаар сард багтаан дахин хоёр удаагийн нислэг хийх боломжийг судалж байгаа аж.
- Наймдугаар сарын дугаар сарын 30-ны өдөр Казахстан улсын нийслэл Нурсултан хот руу тусгай үүргийн нислэг үйлдэнэ. Нурсултан хот руу хийх нислэг замдаа Киргиз улсын нийслэл Бишкек хотод зогсож, хилээ хаасны улмаас тус улсаас нутаг буцах боломжгүй байгаа 30 гаруй иргэнийг авах бөгөөд эдгээр 2 нислэгээр нийт 520 орчим иргэн эх орондоо ирэх юм.
- Наймдугаар сарын 31-ний өдөр АНУ-ын Сиаттл хот руу тусгай үүргийн нэмэлт нислэг үйлдэхээр болжээ.
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу эх орондоо ирэх иргэдийн анхааралд:
• Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг, тусгаарлах байр руу тээвэрлэх тээврийн зардал 10000 буюу нийт 1 060 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх.
- Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.
- Тусгаарлах байрны төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг онгоцонд суулгахгүйг анхаарах.
Нэмэлт нислэгийг үйлдсэнээр энэ сард нийт 17 удаагийн нислэгээр 4240 гаруй иргэнийг эх оронд нь авчирна.
ЗАМЫН-ҮҮД БООМТООР ИРГЭДЭЭ ТАТАН АВЧ БАЙНА
Мөн өнөөдрөөс буюу наймдугаар сарын 18-наас 20-ны өдрүүдэд БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг Дорноговь аймгийн “Замын-Үүд” боомтоор татан авах ажиллагааг эхлүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан УОК-ын Шуурхай штабын гишүүн, ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж байгаа бөгөөд БНХАУ-аас ирэх хүсэлт гаргасан 150 гаруй иргэн эх орондоо ирэх юм.
Мэргэжлийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигчдын биеийн халууныг нэг бүрчлэн хэмжин, эрүүл мэндийн мэдүүлгийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийн ажиллах юм байна.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ