Юни /нэрийг өөрчлөв/ Камбожийн нийслэл Пномпениэс Хонгконгод шөнө газардав. Тэрбээр гаалийн мэдүүлгээ бөглөчихөөд ачаануудаа цуглуулан, шалган нэвтрүүлэх хэсэгт дарааллаа хүлээн зогсов. Түүний ээлж ч ирж ачаагаа скайнерт өгөн шалгуултал байдал бишдэж, түүнийг гаалийн байцаагч дагуулан явж цүнхийг нь нүдэн дээр нь задлав. Гэтэл Юнигийн авч явсан нэг цүнхнээс цагаан өнгийн талст шиг зүйлс гарч ирэх үед тэр өөрийгөө хууртсанаа ухаарчээ. Ингээд тэр Азийн шоронгуудад хар тамхины хэргээр ял эдэлж буй хэдэн арван мянган эмэгтэйн нэг болсон байна.
Индонезийн иргэн Юни одоо 23 настай, тэр гэм буруугүй учир гэртээ харихыг хүсч байгаа. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2018 онд дээрх үйл явдал болжээ. Тэр үед түүний ажилладаг байсан газрын дарга гэх нигер эр түүнд тэр гайтай цүнхийг өгөөд, дотор нь хувцас байгаа, үүнийг Хонгконгод хүргээд өгөөч хэмээн гуйгаад, түүнд 1000 ам.доллар өгнө хэмээн амалсан байна. Петер гэх нэрнээс нь цааш түүний талаар бараг өөр юу ч мэдэхгүй хэрнээ Юни цүнхийг нь авч, онгоцонд суужээ. Гэтэл тэр цүнхэнд 140 мянган ам.долларын үнэ бүхий хоёр килограм метамфетамин хэмээх бодис байжээ. Ингээд Юни бүх насаараа хоригдох, цаашлаад цаазаар авхуулах ялтай хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт буруутгагдан, Хонгконгийн нисэх онгоцны буудал дээрээс баривчлагдан явав.
Азийн улс орнуудын хар тамхины эсрэг хийж буй “дайн”-ыг үл тоомсорлож боломгүй нэг алдаа дутагдал бол энэ мэт мянга мянган гэм буруугүй эмэгтэйг хэлмэгдүүлж буй явдал гэж судлаачид үздэг.
Одоогийн байдлаар Зүүн болон Зүүн Өмнөд Азийн орнуудын шоронд ял эдэлж буй эмэгтэйчүүд дэлхийн нийт эмэгтэй хоригдлуудын дийлэнх хувийг эзэлж байна. Тухайлбал, Тайландын шоронд л гэхэд хар тамхины хэргээр ял эдэлж буй хоригдлуудын 82 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол Филиппинд энэ тоо 53 хувь байгаа юм. Мөн Малайз бол хар тамхины хэрэгт хамгийн хүнд ял оноодог улсуудын нэг. Тус улсад 1983 оноос өнөөг хүртэл нийт 1281 хүн хар тамхины хэргээр цаазаар авхуулж байжээ. Тэдний дийлэнх хувь нь эмэгтэйчүүд, тэр дундаа гадаадын иргэд байв.
Криминологичдын үзэж буйгаар энэ нь үнэхээр эмэгтэйчүүд илүү энэ төрлийн гэмт хэрэг үйлдээд байгаа юм биш, харин хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хөнгөн зэргийн гэмт хэрэгт хэт хүнд ял оноож буйтай холбоотой аж. Өөрөөр хэлбэл, хар тамхины гэмт хэргийн хамгийн анхан шат буюу баривчлагдах магадлал хамгийн өндөр шатанд эмэгтэйчүүдийг оролцуулж буй нь тэд ийнхүү хохирох үндэс болж байна.
Юни тухайн үед 21 настай, ахлах сургуулиа төгсөөд ээж нь хүнд өвчтэй, аав нь барилгын ажил хийдэг ч цалинг нь өгөөгүй учир их сургуульд сурч чадалгүй, хугацаанд зөөгч хийж байв. Цаашид эдийн засгийн чиглэлээр суралцах мөрөөдөлтэй түүнд найз нь нэг өдөр гадаадаар аялангаа хийдэг ажил олсон тухай дуулгав. Дэлхий ертөнцтэй танилцаж, газар үзэхийг дотроо нууцхан мөрөөдөж явсан түүнд тэр ажлын санал маш гайхалтай санагдаж, найзынхаа саналыг хүлээн авчээ. Ингээд нэгэн настай индонез эмэгтэй түүнтэй холбогдож, түүнд Камбожид ирж ажиллахыг хэлээд, Юни ч тэр дороо зөвшөөрч Камбож руу нисчээ. Тэр настай эмэгтэй түүний ажиллах газрыг хариуцах захирал нь Петер гэх нигер эр байгаа гэдгээс өөр зүйл хэлээгүй ба Юни Камбожид очоод Петертэй уулзтал тэр түүнд хар тамхитай цүнхийг өгч Хонгконг руу явуулсан байна.
“Тухайн үед би тийм зүйл болно гэж огт төсөөлөөгүй. Магадгүй би дотор нь юу байгаа талаар асууж шалгах зориггүй байсан байх. Камбожоос хөдлөхдөө цүнхэн доторх зүйлийг шалгаж үзээгүй нь бас миний алдаа байх” хэмээн Юни ярив. Гэхдээ тэр цүнхийг нэг ч нээж хараагүй учир мансууруулах бодисын уутан дээрээс түүний хурууны хээ олдоогүй ба энэ нь шүүх танхимд түүний хувьд цорын ганц аврал мэт санагдаж байжээ. Харамсалтай нь энэ хүчин зүйл түүнийг хамгаалж чадсангүй, тэр Хонгконгийн хамгийн чанга дэглэмтэй Тай Лам эмэгтэйчүүдийн хорих анги руу ачигдах нь тэр. Хонгконгод хам тамхи зөөвөрлөсөн этгээдэд 14-20 жилийн хорих ял оноодог байна.
Үүнээс өмнө 2016 оны арванхоёрдугаар сард 21 настай бас нэг индонез бүсгүй, шинэхэн ээж Лазарус Баруун Африкийн Зааны ясан эрэг дэх Абиджан хотоос бас л өөрөө мэдэлгүй цүнхтэй мансууруулах бодис зөөвөрлөж яваад, Хонгконгийн олон улсын нисэх онгоцны буудал дээрээс баривчлагдаж байжээ.
Түүний чемодан дотроос 2.6 кг метамфетамин гарч ирсэн бөгөөд хачирхалтай нь түүний аялал Юнитэй адил Пномпениэс эхэлсэн байв. Юни болон Лазарусийн хавтаст хэргийг харьцуулахад Лазарустай анх өнөөх настай эмэгтэй холбогдсон байна. Гэхдээ Лазарус Юни шиг аижл хийхээр бус аз жаргалгүй төгссөн гэрлэлтээ мартах гэж гадаад хүнтэй танилцахаар тэр настай эмэгтэйтэй холбогджээ. Тэр эмэгтэй Лазарусыг чатаар Петертэй холбож, Петер түүнийг Камбожид урьсан байна. Дараа нь тэд Зааны ясан эрэг рүү явж, Петер ч сурсан аргаагаа Лазаруст санал тавьж, Хонгконг руу аялангаа цүнхийг авч явахыг хүсчээ.
Лазарус үнэгүй аялах саналаас татгалзаж чадалгүй цүнхийг авч явсан нь түүнийг шорон руу хөтөлсөн юм. Ийнхүү маш төстэй байдлаар хоёр индонез эмэгтэй хоёр жилийн зайтай нэг шоронд хоригдох болсон нь анхаарал татаж, тэдний хэргийг дахин судалж үзээд Лазарусыг дөрвөн жилийн дараа Юниг хоёр жилийн дараа гэм буруугүйд тооцож сулласан байна. Лазарус эхэндээ Малайз руу нисэх байсан ч Петер чиглэлээ өөрчлөхийг зөвлөж, Хонгконг руу нисчээ. Хэрэв тэр Малайз руу нисчихсэн бол одоо амьд байхгүй байв. Малайз бол хар тамхины наймаачдын “үхлийн цэг” гэгддэг хар тамхины эсрэг хамгийн хатуу хуультай улсуудын нэг.
Өнөөдөр Зүүн Өмнөд Ази бол дэлхийн метамфетамины худалдааны гол төв болсон бөгөөд зөвхөн Ази, Номхон далайн бүсэд гэхэд жилд 61 тэрбум ам.долларын ашиг олдог байна. Судалгаанаас харахад хар тамхины доод түвшины гэмт хэрэг холбогдож буй хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг ба тэдний батлан даалтад гарах, хуульч өмгөөлөгчийн зөвлөгөө авах боломж нь эрэгтэйчүүдээс хамаагүй бага байдаг аж.
Мөн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож буй эмэгтэйчүүдийн туулсан зам ерөнхийдөө адил байдаг. Ихэнх нь гадаад руу ажил хийх, гадаад хүнтэй гэр бүл болох зорилгоор гадаад руу гараад ийм төрлийн гэмт хэргийн золиос болдог. Цаад шалтгаан нь ядуурал, ажилгүйдэл, боловсролын түвшин доогуур байдалтай холбоотой байдаг. Түүнчлэн ийм байдлаар ял авсан эмэгтэйчүүдийн ихэнх нь юу зөөвөрлөж яваагаа мэдээгүй байдаг бол маш бага хувь нь их хэмжээний мөнгө санал болгосон учир зөөвөрлөгч болохыг хүлээн зөвшөөрсөн байдаг ажээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ