Асуудал дагуулсан "6.2"

Хуучирсан мэдээ: 2020.08.18-нд нийтлэгдсэн

Асуудал дагуулсан "6.2"

Асуудал дагуулсан "6.2"

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан баталсан. Монгол Улсын Үндсэн хууль 70 зүйлтэйгээс 19 зүйл, 36 заалтад өөрчлөлт оруулсан билээ. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Засгийн газрын тухай хууль, УИХ-ын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хууль, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан онцлох заалтуудаас өнөөдөр тус хуулийн 6.2 маргаан, асуудал дагуулсаар байна. Өмнөх заалтыг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан нэмэлт, өөрчлөлтөөр

“Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.

Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ.

Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж өөрчлөн найруулсан билээ.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлагдахаас өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Д.Сумъяабазар 6.2-ыг өөрчлөн найруулахыг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлж байв. Тэрбээр “Үндсэн хуулийн 6.2 дахь заалт илүү ч үгүй, дутуу ч үгүй сайн зохицуулалт гэж бодож байна. Монгол Улсын онцлог, сонгож авсан хөгжлийн замд тохирсон заалт мөн. Байгалийн баялгийн засаглалыг салбарын хуулиар шийдвэрлэх бүрэн боломж бий. Үндсэн хуулийн 6.2-ын өнөөдөр (2019)-ийн хүчин төгөлдөр заалт нь бүрэн хангаж байгаа гэж ойлгож байна” хэмээн мэдээлсэн билээ.

Хуульч, өмгөөлөгч С.Мандахбат "Уул уурхай, хөрөнгө оруулалтын салбарт олон жил ажиллаж байгаа хүний хувьд газрын хэвлийн баялаг ашиглахтай холбоотой Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд оруулах нэмэлт, өөрчлөлт батлагдвал Монголд уул уурхайн салбар байхгүй болно” гэсэн байр суурийг илэрхийлж байв.

Иргэдийн хувьд Үндсэн хуулийн 6.2-т оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухайд иргэд хэлэхдээ эрх баригчид харийнханд газар нутгаа найр тавьж байна. Энэ нь цаашлаад газар нутгийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдалд маш харш өөрчлөлт болсон хэмээн шүүмжилж буй юм.

Зарим иргэн газар монгол төрийн өмч бөгөөд гадаадын иргэн, харьяалалгүй этгээдэд өмчлүүлэхийг хориглоно гэж тодорхой заах хэрэгтэйг ч сануулж байгаа бол зарим нь зөвхөн Монгол Улсын иргэн хуулийн этгээд эзэмших эрхтэй байхаар тусгах нь зөв. Санхүүгийн эрх чөлөөнд хүрээгүй ядуу улс өмчилсөн газраа зам барилга барихаар орж ирсэн харийнханд юу ч бодохгүй зарна гэж үзэл бодлоо илэрхийлж буй юм.

Харин Хууль зүйн профессор О.Мөнхсайхан “Үндсэн хуулийн нэг заалтыг буруу ташаа тайлбарлаж, гуйвуулж ард түмэнд сурталдаж буйд харамсаж байна. Анх 1992 оны Үндсэн хуулийн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэсэн заалт байсан. УИХ-аар хэлэлцэж байсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр 6.2-ын яг энэ өгүүлбэрийг хөндөөгүй.

2019 оны долдугаар сарын 16-нд Ерөнхийлөгч энэ заалтын “төрийн өмч” гэдгийг “нийтийн өмч” гэж өөрчлөх санал ирүүлсэн юм. Энэ саналыг тусгах үнэхээр шаардлагатай юу, мөн “нийтийн өмч” гэдэг үгийг шууд авахад хэт ерөнхий, эзэнгүй мэт ойлгогдох уу гэдэг асуудал яригдсан.

Гэхдээ Зөвшилцлийн ажлын хэсэг Ерөнхийлөгчийн энэ саналыг хүлээж аваад “төрийн нийтийн өмч” гэж өөрчлөх санал гаргаж, УИХ дэмжээд баталсан түүхтэй. Энэ заалтын цаад агуулга нь нэгдүгээрт, төрийн нийтийн өмчийг буюу иргэдэд өмчлүүлснээс бусад газар, байгалийн баялгийг эзэмших, захиран зарцуулах бүрэн эрхийг Монгол Улсын ард түмний төлөөлөл болсон УИХ бодлогын хувьд шийдвэрлэнэ.

Шаардлагатай бол Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу иргэдийн санаа бодлыг асууж шийдэж болно. Монгол Улсын хувьд төр гэдэг бол өөрөө ардчилсан төр учраас үүний цаана ард түмний бүрэн эрхт байдал агуулагддаг.

“Нийтийн” гэдэгт ямар санаа байна гэхээр Монголын ард түмний нийтлэг ашиг сонирхол буюу нийтийн ашиг сонирхлын үүднээс тэр газар, байгалийн баялгийн хувь заяаг шийдвэрлэнэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахад тухайн заалтыг ойлгож байсан агуулга нь гадаадынханд өмчлүүлнэ, эзэмшүүлнэ гэсэн зүйл огт байхгүй бөгөөд яригдаагүй” гэсэн тайлбар хийсэн билээ.

Эрх баригч нам Үндсэн хуулийн 6.2 дахь заалтын талаар Өмнө нь байгалийн баялаг ард түмэн, төрийн мэдэлд байна гэснийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төрийн, нийтийн өмч байна гэж өөрчилсөн. Төрийн өмч гэдэгт байшин, барилга орно. Төрийн, нийтийн өмчид байгалийн баялаг орно. Төрийн, нийтийн өмчийг лицензээр олгодог явдлыг больж Төрийн, нийтийн өмчийнх нь хуулиар захиран зарцуулдаг болъё гэж үзсэн. Үндсэн хуулийн 6.2-ын хамгийн гол амин сүнс нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар гарах ёстой. Энэ хуульд яаж олгох вэ гэдгийг тодорхой зааж өгнө.

Энэ Лхагва гаригт Үндсэн хуулийн 6.2 тойрсон асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулна” хэмээн мэдээлэв.

УИХ-ын гишүүн А.Ганбаатар мэдээлэл хийж, Үндсэн хуулийн 6.2-ыг өөрчлөх ажлын хэсэг байгуулж авч хэлэлцэхийг шаардав. Түүний хувьд эвслийн гишүүдийн хамт энэ асуудал дээр дорвитой шийдвэр гаргахыг шаардаж өнгөрсөн долдугаар сарын 2-нд эрх барьж байгаа намуудад, Засгийн газар, Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлжээ.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ шаардлагыг нь хүлээж авч буйгаа илэрхийлээд, дагалдах хуулиудад өөрчлөлт оруулахаар ярьж байгаа гэсэн хариу өгсөн байна. Улмаар

"Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын дагуу найман жил энэ асуудлаар хэлэлцэх ёсгүй" гэсэн нь ард түмэн бослого тэмцэл гаргаад, яаж ч эсэргүүцээд “нэмэргүй” гэсэн утгыг дайлаа гэж зарим хуульчид үзэж буйгаа илэрхийлэв.

Эрх баригчид Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг "ард түмний хүсэл"-ээр дахин сөхөж, өөрчлөх болов уу?

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж