Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын асуудлаар Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Загдраднаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Улаанбаатар-Дархан чиглэлийн зам дээр ажиллах БНХАУ-ын ажилчид ирсэн гэж сонссон. Одоогоор хэчнээн ажилтан ирээд байна вэ? Замын ажил хэзээнээс эхлэх вэ?
-Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар өнгөрсөн оны зургадугаар сарын 17-нд эхэлсэн. Өнгөрсөн 2019 онд 25.7 хувийн гүйцэтгэлтэй ажил хийсэн. Энэ онд бид Дархан чиглэлийн авто замын барилгын ажлыг эхлүүлэхээр гуравдугаар сараас хойш ажилласан. Бид гуравдугаар сарын 20-ны үеэр барилгын ажлыг эхлүүлэхээр Засгийн газраас холбогдох шийдвэр гаргуулж, ажилчдыг шат дараатайгаар татан авах ажлыг эхэлсэн.
Засгийн газраас Дархан чиглэлийн авто замын таван багц дээр энэ жил нийтдээ 1298 хүн ажиллах квот гаргасан. Үүний дараагаар гадаадын ажиллах хүчний хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг гаргаж, визний асуудлыг холбогдох Засгийн газрын байгууллагад тавьж шийдвэрлэсэн. БНХАУ-аас эхний ажилчид тавдугаар сарын 9-нд орж ирсэн. Одоогийн байдлаар нийтдээ 36 хүн тусгаарлагдаж дуусаад, талбай дээрээ ажиллаж байна. Эдгээр ажилчид гурав, тавдугаар багц дээр ажиллаж байна. Одоо шинээр 26 ажилтан ирж, 21 хоногийн тусгаарлалт хяналтад байна.
Үүний дараа дахин 14 хоног тусгаарлагдана. Цар тахалтай холбоотойгоор тусгаарлалтын хугацааг нарийн чанд мөрдөж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Ер нь 21 хоногийн тусгаарлалтыг бөөнд нь хийж, тэндээсээ гараад таван багц дээрээ дахин 14 хоног тусгаарлалт хийнэ. Тэр хооронд ирсэн ажилчид талбай дээгүүр явж, ажлыг нь үзүүлж, танилцуулсан. Бүтээн байгуулалтын ажлын хувьд цар тахалтай холбоотойгоор нэлээд хүндрэл учирч байна. Нийтдээ 1298 хүн орж ирэх ёстойгоос 50-60 ажилтан орж ирээд байна.
-БНХАУ-аас ирсэн ажилчид хэдэн сар хүртэл ажиллах бол?
-Барилгын улирал аравдугаар сар хүртэл үргэлжилдэг. Хүйтний улиралд барилгын ажил явах боломжгүй. Тэгэхээр бид гол технологийн ажлуудаа одоо хийгээд, бусад заслын ажлуудаа өвөл арванхоёрдугаар сар хүртэл хийнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Одоогийн байдлаар Дархан-Улаанбаатар чиглэлийн замын бүтээн байгуулалтын ажил хэдэн хувьтай байна вэ?
-Өнгөрөгч гуравдугаар сарын сүүлчээр БНХАУ-ын гүйцэтгэгч компаниудтай ярилцаж байгаад туслан гүйцэтгэгч монгол компаниудыг ажлуулах шаардлага тавьсан. Өнгөрсөн жил Монголын 20 гаруй аж ахуйн нэгжийн 900 гаруй ажиллах хүч ажилласан. Энэ жил бараг тэр хэмжээний 637 дотоодын ажилчин таван багц дээр 418 ширхэг машин, текниктэй ажиллаж байна.
Энэ оны дөрөвдүгээр сараас хойш нэгдүгээр багцын ажил 58.17 хувь, гуравдугаар багц 44.46 хувь, тавдугаар багц дээр 40.87 хувийн ажил явж байна. Харин үлдсэн хоёр, дөрөвдүгээр багцын гүйцэтгэгч нь БНХАУ-ын Шинжааны компани. Тэндээс цар тахалтай холбоотойгоор ажиллах хүч орж ирж чадахгүй байна.
-Бүтээн байгуулалтын ажил энэ жилдээ амжихгүй гэдэг нь тодорхой боллоо. Ирэх жил дуусах болов уу?
-Санхүүжүүлэгч Азийн хөгжлийн банк болон төсөлд хяналт тавьж байгаа Энэтхэгийн “Ай Си Ти” консалтинг компанитай зөвлөлдөж, одоо байгаа энэ хүн хүч, туслан гүйцэтгэгч компаниудаар ажлаа хийлгээд явбал нэг, гурав, тавдугаар багцыг энэ ондоо багтаан гол ажлуудаа дуусгах чиглэлээр ажлаа шахаж байна. Бид энэ хүрээнд арванхоёрдугаар сарын 31 хүртэл ажил гүйцэтгэх гэрээг сунгаж, Азийн хөгжлийн банкнаас зөвшөөрөл авсны дагуу хэлэлцээр хийгээд явж байна.
БНХАУ-ын үндсэн гүйцэтгэгч компанийн ажиллах гол хүч орж ирэх боломжгүй байна. Тиймээс дотоодын ажиллах хүч буюу туслан гүйцэтгэгч компаниудын ажиллах хүч, тоног төхөөрөмжийг ашиглаж байна. Хоёр, дөрөвдүгээр багц дээр ажиллах хүч БНХАУ-аас орж ирж чадахгүй байгаа учраас энэ жил ажил дуусахгүй нь тодорхой. Бидний зүгээс бүтээн байгуулалтын ажил явахгүй байгаа хэсгүүдэд шаардлагатай түр замыг засварлах, хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх арга хэмжээ авч байна.
-Зам барилгын ажил хэт удаашралтай байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлээд зогсохгүй энэ замаас болж олон иргэн эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Салбар яаманд энэ асуудлаар гомдол санал хэр их ирдэг вэ?
-Манай яам дээр иргэдтэй холбоотой осол гэмтлийн мэдээ ирж байна. Бид осол гэмтлийг судалж үзэж байна. Зам, тээврийн хөгжлийн яамнаас Дархан чиглэлийн зам дээр Тээврийн цагдаагийн албатай хамтран гэрээтэй ажилладаг. Үүний дагуу 30 гаруй албан хаагч байнга ажиллаж, тээврийн зохион байгуулалтын ажил хийдэг. Бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа учраас өдөр тутам замын чиглэлийг өөрчилж, тээврийн зохион байгуулалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна.
Тээврийн цагдаагийн албанаас гаргаж өгсөн мэдээллээр Дарханы зам дээр гарсан осол зөрчил, нас баралтын тоо 40-50 хувь буурсан байсан. Энэ нь тус чиглэлд хөдөлгөөний хурд багасч, аль болох Дархан чиглэлийн замыг сонгохгүй, тойрч өөр чиглэлийн замаар явахыг анхааруулсантай холбоотой.
-Төслийн явцад тулгамдаж байгаа асуудлууд байгаа юу?
-Улаанбаатар-Дархан чиглэлийн замын төслийн ажлыг дуусгахын тулд нийт хэрэглэх гүүр хоолой, хиймэл байгууламж, замын хийц дээр гурав, зургаан хувиар цементээр бэхжүүлсэн суурь хийхийн тулд 55 мянган тонн цементийн хэрэгцээ гарч байна.
Бид өдөр тутам Монголд үйл ажиллагаа явуулж буй компаниудтай холбогдож, цементээр хангахад анхаарч ажиллаж байна. Тэгсэн хэдий ч цемент болон цаг агаараас шалтгаалаад ажил зогсч байна. Энэ мэт төслийн явцад хүндрэл гарч байгаа ч ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулаад явж байна.
Гэрэл зургийг Д.ГАНБҮЖИН
Холбоотой мэдээ