"Эхнэр минь намайг барилдах бүрт сандраад, бөх үзээгүй гэсэн"

Хуучирсан мэдээ: 2020.08.18-нд нийтлэгдсэн

"Эхнэр минь намайг барилдах бүрт сандраад, бөх үзээгүй гэсэн"

"Эхнэр минь намайг барилдах бүрт сандраад, бөх үзээгүй гэсэн"

Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд уран мэх, эр бяраа гайхуулан Монгол Улсын начин хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат Х.Цогтгэрэлтэй ярилцлаа. Түүний гэргий МУГТ, Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа билээ.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын начин хэмээх эрхэм цолонд хүрч, наадамчин олноо баясгасан сэтгэгдлээ хуваалцаач?

-Ардын хувьсгалын 99 жилийн ойн үндэсний их баяр наадам сайхан болж өндөрлөлөө. Энэ сайхан ойн наадмаар барилдаж, Монгол Улсын начин цол хүртсэндээ баяртай байна. Манай Хутаг-Өндөр сумаас 62 жилийн өмнө н.Пүрэвдорж гэх хүн Монгол Улсын начин болж байсан юм байна лээ. Түүнээс хойш нэг жаран өнгөрсний дараа улсын цолонд хүрсэн анхны бөх боллоо. Наадмаас хойш нутаг руу явж амарч байгаад сая ирлээ дээ.

-Улсын их баяр наадамд хэд дэх жилдээ зодоглож байна вэ. Энэ жилийн баяр наадмын барилдаануудын онцлог байв?

-Дөрөв дэх удаагаа улсын их баяр наадамдаа зодоглож, Монгол Улсын начин цол хүртлээ. Өмнө нь аймгийн начин цолтойдоо нэг, аймгийн арслан цолтой хоёр удаа зодоглосон юм байна. Энэ жилийн хувьд хоёрын даваанд Төв аймгийн Сүмбэр сумын харъяат Г.Ганжадаар, гурвын даваанд Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат Монгол Улсын начин Б.Бат-Эрдэнээр, дөрвийн даваанд Говь-Алтай аймгийн Цээл сумын харъяат Монгол Улсын гарьд Ж.Бат-Эрдэнээр, тавын даваанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяраар тус тус давж, улсын цолонд хүрлээ. Харин зургаагийн даваанд Монгол Улсын заан М.Бадарчид өвдөг шороодсон.

-Хэдийн давааны барилдаан "чанга" байв. Наадамчин олон тавын даваанд Г.Эрхэмбаяр аваргатай барилдахад их сонирхсон?

-Дөрөв болон хоёрын даваа хэцүү явагдсан. Энэ жил бэлтгэл сайтай байсныхаа ачаар давсан. Тавын даваанд Г.Эрхэмбаяр аваргатай бодож санаснаа хийгээд сайхан барилдсан даа. М.Бадарч заантай өмнө нь хоёр удаа барилдаад, би уначихсан байсан юм. Уг нь шийдсэн мэхээ хийсэн боловч уначихсан. Тав давчихсан юм чинь олдож байгаа боломжийг ашиглаад цолоо ахиулъя гэсэн бодол байлгүй яах вэ. Аль болох л дээшээ барилдахыг бодсон.

-Булган хангай дэвжээнийхэн энэ жил наадмын бэлтгэл сургуулилтаа хаана базаав?

-Манай дэвжээ энэ жил Булган аймагтаа аймгийнхаа цагдаагийн газрын амралтад бэлтгэлд гарсан. Бөхчүүд маань зургадугаар сарын 15-нд бэлтгэлд гараад, долдугаар сарын 9-нд наадмын өмнөхөн хотод ирсэн. Энэ жил нутагтаа бэлтгэлд гарсан болохоор сэтгэл санаа ч их тайван сайхан байлаа. Булган хангай дэвжээний тэргүүн нь Ж.Бат-Эрдэнэ гишүүн байдаг. Монгол Улсын начин И.Ёндонсамбуу, Монгол Улсын гарьд И.Доржсамбуу дасгалжуулагчтай 40 гаруй бөх бэлтгэлд гарсан.

-Цар тахлын улмаас он гарснаас хойш заал танхимын барилдаанууд зохион байгуулагдсангүй. Энэ нь танд хэр нөлөөлөв?

-Энэ жил бэлтгэл гайгүй байсан учир нэг их нөлөөлсөнгүй. Өвчин гарсан хэдий ч хүчний болон барилдааны бэлтгэлүүдээ хангаж байлаа. Ер нь нөлөөлөх нь гайгүй байсан шүү.

-Наадмаар үзэгчгүй барилдах хэр байсан бэ?

-Уур амьсгал нь жоохон сонин, эвгүй юм байна лээ. Харин бөхчүүдэд сэтгэл зүйгээ бэлдэх, барилдаандаа төвлөрөхөд тустай санагдсан шүү.

-Анх хэрхэн бөхийн спорттой холбогдов. Багадаа хэр хөдөлгөөнтэй хүүхэд байсан бэ?

-2008 онд жоохон хүүхэд Булган аймгийнхаа бөхчүүдтэй анх бэлтгэлд гарч үзэж байлаа. Тэрний дараа 2011 онд нэг гараад, тэр цагаас хойш байнга Булган аймгийнхаа бөхчүүдтэй бэлтгэлд гардаг болсон доо. Ер нь бөхөөс салаагүй гэж хэлж болно. Би жүдогоор барилддаг байсан юм. Найзууд маань ч барилдана. Багаасаа л өөрөө бөхөд их сонирхолтой байсан. Хүүхдүүдтэй хөлсөө гартал ноцолдоод л, нойтон хамуу шиг хүүхэд байлаа. Гол нь өөрөө тэрэндээ их дуртай. Намайг үндэсний бөх рүү хөтөлсөн багш гэж байхгүй. Жүдо бөхөөр хичээллэж байгаад, нутгийнхаа бөхчүүдтэй танилцаж бэлтгэл хийж эхэлсэн дээ. Н.Түвшинбаяр, Э.Энхбат ах нартай жүдо дээр бэлтгэл хамт хийж байгаад үндэсний бөхийн бэлтгэл хамт хийж эхэлсэн.

-Таны удамд бөх хүн байв уу?

-Манай удамд бөх хүн байхгүй ээ. Ямар ч байсан өвөөгөөс сонсох нь ээ манай удамд бөх байгаагүй гэсэн. Гэхдээ манай аав, аавын дүү нар их том биетэй хүмүүс байдаг. Аав, ах хоёр их том биетэй хүмүүс учир тэднийг "Барилдсан бол" гэж боддог доо.

-Та гэр бүлээ танилцуулаач. Аль нутгийн хүмүүс вэ?

-Манай аав Булган аймгийн Хутаг Өндөр сумын харъяат Марушийн Хутаг гэж хүн бий. Харин ээж маань Булган аймгийн Бугат сумын харьяат Чулуунбаатарын Болормаа гэж хүн байдаг. Би нэг дүүтэй. Дүүг маань Х.Цогтсайхан гээд, сагсан бөмбөгөөр хичээллэдэг залуу бий.

-Бөхийн спортоор гаргаж байсан анхны амжилтуудаасаа дурсвал?

-Анх 2012 онд залуучуудын УАШТ Дархан хотод зохион байгуулагдахад хүрэл медаль хүртэж байлаа. 2013 онд Булган аймгийн баяр наадамдаа тав давж шөвгөрөн, аймгийн начин цол хүртээд, 2017 онд Булган аймгийн баяр наадамдаа тухайн үед аймгийн заан цолтой байсан Б.Түмэндэмбэрэлээр найм даван түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн. Үндэсний бөхөөр яг дөрвөн жил тууштай хичээллэсний үр дүнд улсын цолонд хүрлээ.

-2016 онд санагдаж байна. Монгол бахархлын өдөрт зориулсан бөхийн барилдаанд их шуугиулсан. Энэ жилийн түрүү бөх П.Бүрэнтөгс аваргыг давж байсан даа?

-Тухайн үед аймгийн начин цолтой зодоглож байсан юм. Чансаа өндөр шилдэг 128 бөх барилдсан. Таван аймгийн начин л оролцсон байх. Нэгийн даваанд Д.Баасандорж зааныг даваад, хоёрын даваанд П.Бүрэнтөгс аваргатай таарч давж байлаа. Гурвын даваанд улсын харцага Б.Бат-Өлзийг даваад, дөрвийн даваанд Н.Батсуурь аваргад унасан даа. Тэрхүү барилдаанд сайн барилдаад, маш их урам авч байсан.

-Таны үндэсний бөхийн дархан мэх юу вэ?

-Ерөнхийдөө жүдогийн мэх л хийдэг дээ. Хөмрөө, бусгаа, тохох, хутгах зэрэг мэхүүдийг тогтмол давтдаг.

-Жүдо бөх танд их л түлхэц болж дээ. Хэзээнээс жүдогоор хичээллэж эхэлсэн бэ?

-2008 оноос эхлэн Сонгинохайрхан дүүргийн ОУХМ Б.Хаштогтох багшийн удирдлага дор жүдо бөхөөр хичээллэж эхлээд өсвөр, залуучууд, насанд хүрэгчид бүхий л насандаа ороод явдаг байлаа. Харин хүчний бэлтгэлээ Мустанг клубын Ч.Баясгалан багш дээрээ хийж байсан. Өсвөрийн УАШТ-д нэг удаа, залуучуудын УАШТ-д хоёр удаа, насан хүрэгчдийн УАШТ-д гурван удаа тус тус түрүүлсэн.

-Жүдо бөхөөрөө одоо давхар хичээллэж байгаа юу?

-Хичээллэж л байгаа. Самбо, жүдогийн улсын аваргад тогтмол оролцдог. Энэ жил самбо бөхийн УАШТ-ээс мөнгөн медаль авсан.

-Жүдо бөх гэж явж байгаад л эхнэртэйгээ танилцсан байх. Анх эхнэртэйгээ яаж танилцсан бэ?

-2010 онд залуучуудын тэмцээнд явж байхдаа танилцаж байлаа. Ер нь байнга л хамт явдаг болчихсон байсан. Шигшээ багт хамтдаа ороод, хөдөө гадаа тэмцээн уралдаанд явах, бэлтгэл сургуулилт хийх гээд байнга хамт явсаар байгаад нийлсэн хоёр доо. 2013 онд нийлээд нэг байр түрээслээд, тусдаа гарч байлаа. Тулгарсан саад бэрхшээл бүрээ хамтдаа давж гарсан даа.

– Эхнэр тань Рио де Жанейрогийн зуны олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэхэд хажууд нь байсан уу. Тэр мөч одоо ч монголчуудын сэтгэлд тод үлдэж?

– Тэгсэн. Манай жүдогийн үндэсний шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Риог зорьсон. Эхнэрийгээ медаль хүртэхэд нь хажууд нь байж баярын мөчийг нь хуваалцах гайхалтай байсан шүү.

– Саяны наадмаар таны захыг мушгиад сайн дэмжсэн байлгүй?

– Эхнэр маань бөх үзэж чадаагүй гэсэн. Намайг барилдах болохоор л сандраад нэг ч барилдаан үзэж чадаагүй байсан.

– Хоёулаа их спортын хүмүүс болохоор бие биенийгээ их сайн дэмжиж ойлгоно биз?

-Тамирчин хүний жаргал зовлонг хоёулаа мэддэг болохоор их сайхан шүү дээ. Өөрөө барилдах болохоор их амар байдаг ч гэр бүлийн хүнд маань хэцүү байдаг юм шиг ээ. Би ч гэсэн эхнэрийнхээ барилдааныг сүүлдээ үзэж чаддаггүй болсон доо.

-Бөхчүүдээс хэнээс нь үлгэр дууриал авч, хүндэлдэг вэ?

-Манай Булганы бөхчүүдийг хүмүүс их жудаг сайтай гэж ярьдаг юм. Тэр ч үнэн л дээ. Монгол улсын гарьд И.Доржсамбуу, Монгол Улсын начин Ц.Цогтжаргал, Монгол улсын начин И.Ёндонсамбуу, Н.Түвшинбаяр аварга, Монгол улсын начин Э.Энхбат, Д.Бат-Эрдэнэ, Д.Амаржаргал гээд нутгийнхаа бөхчүүдээс их үлгэр дуурайлал авдаг. Мөн шигшээ багийн дасгалжуулагч О.Балжинням аваргаасаа их үлгэр дуурайлал авдаг даа.

-Булганы бөхчүүд жудагтай гэлээ л дээ. Таны хувьд жудаг гэж яг юу хэлээд байна вэ. Сүүлийн үед бөхчүүдийн талаар их таагүй зүйлс сонсогдох болсон?

-Үндэсний бөхийн жудаг гэдэг ах цолтой хүмүүсээ хүндлэх, хүнтэй мэндлэх зэрэг ёс суртахууны зүйлсийг л хэлдэг болов уу гэж боддог. Манай Булганыхан гэлтгүй бөхчүүд маань их жудагтай шүү дээ. Ганц нэг барилдааны хор шар, гаргасан үйлдлүүдийг нь хүмүүс хараад буруу боддог юм шиг ээ. Уг нь спорт шүү дээ. Хэт нэг талыг барилгүй, аливаа зүйлийг олон талаас нь тэнцвэртэй авч үзэж, тунгаах хэрэгтэй. Сошиал хэрэглээ хөгжсөнөөс хойш бөхчүүдийн талаарх хэрүүл их гарч, буруугаар харах, санах хүмүүс ихэссэн байх. Яг үнэндээ зүгээр амжилт гаргахыг зорьж байгаа жирийн л хүмүүс шүү дээ. Бөхчүүд ч гэсэн биеэ зөв авч явж, цензурьтай л хандаасай.

-Та хэр хор шартай хүн бэ?

-Би нэг их шаргүй шүү. Гэхдээ тодорхой хэмжээний зөв хор шар байгаа. Харин тэрийгээ ил гаргах нь бага. Дотроо л хадгалдаг. Бэлтгэл сургуулилт болон алдаан дээрээ их сайн ажиллаж, хор шараа гаргадаг даа.

-Наадам дуусаад нутаг руугаа явсан гэсэн. Нутгийн зон олон тань хэр хүлээж авав?

-Нутгийнхан маань хүлээж аваагүй л байна. Сая сумаараа л сайхан амарч байгаад ирлээ. Одоо цолны мялаалгаа хийх талаар ярилцаж байна. Ирэх есдүгээр сард хийх бодолтой байна. Цар тахлын байдлыг бас харна.

-Улсын хүндтэй цолонд хүрсний дараа хүмүүсийн хандлагад өөрчлөлт орсон нь мэдэгдэж байна уу. Монголчууд бөхөө их дээдэлдэг шүү дээ?

-Манайхан бөхөө үздэг, дээдэлдэг сайхан ард түмэн. Гадуур, дотуур явахад хүмүүс таниад “Начинд баяр хүргэе” гээд их сайн хандаж байгаа шүү. Тэр хүмүүсийн итгэлийг алдалгүй улам сайн барилдаад цолоо бататгаад, ахиулахыг хичээнэ. Дараа жил Ардын хувьсгалын 100 жилийн түүхэн ой тохиож байгаа. Бэлтгэлээ сайн хийж байгаад дараа жилийн түүхт ойн наадмаар цолоо ахиулах зорилготой байна.

-Энэ том амжилтыг ганцаараа гаргана гэдэг их хэцүү. Таныг үргэлж дэмжиж туслаж байдаг хүмүүстээ хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-Намайг төрүүлж өсгөж, үргэлж хажууд минь байдаг ээж аав, гэр бүлийнхэн, хайртай ханьдаа, найз нөхдөдөө баярлалаа. Мөн тусалж дэмждэг "Сод Монгол" группын захирал Ц.Анандбазар, Алдар спорт хороо, Жүдо бөхийн холбоо, Imperial Gold Mining XXК-ийн захирал Батмагнай, Мөнхбаяр, Нэргүй эгчдээ, Булган хангай дэвжээний тэргүүн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ болон дэвжээний дасгалжуулагч нартаа баярлаж талархсанаа News.mn сайтаар дамжуулан хүргэж байна. Та бүхнийг Монгол бөхийн босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээх болтугай.

-Баярлалаа. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
ХөөрхөнХөөрхөн
26
ЗөвЗөв
14
ГайхмаарГайхмаар
12
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж