Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн нүүрсний ордоос Дорноговь аймгийн Сайншанд хотын Зүүнбаян өртөө хүртэлх 414.6 км төмөр замын төсөл 2019 оны тавдугаар сард эхэлсэн. Өнөөдрийн байдлаар газар шорооны ажил 98.29 хувийн гүйцэтгэлтэй, нийт 594 хоолой 93.86 хувийн гүйцэтгэлтэй байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам үерт автсан мэдээлэл тарсан. Бид энэ талаар уг төслийн Ерөнхий захиалагч “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компанийн Захиргаа удирдлагын газрын дарга Б.Түвшинжаргалаас тодрууллаа.
–Төмөр замын бүтээн байгуулалтын зарим хэсэг борооны улмаас үерт автсан зураг өчигдрөөс эхлэн цахим орчинд тархаад байна. Ер нь төсөл эхлэхээс өмнө усны судалгаа хийгдсэн үү?
–Мэдээж төсөл эхлэхээс өмнө геологи болон усны судалгаа хийгдсэн. Геологийн судалгаа нь трассын дагуу хамгийн ойрхон далангийн материал болон зам дээр дэвсэх чулууны материалын ордуудын байрлал, нөөц хэр байгааг тодорхойлдог. Харин усны судалгаа нь ямар хэмжээний ус, хаагуур урсах вэ гэдгийг тодорхойлдог гэсэн үг. Өөрөөр хэлбэл, усны хэмжээнээс шалтгаалаад их ус орж ирэхээр байвал гүүр барих, бага хэмжээний ус орж ирэх газарт хэдэн ширхэг усны хоолой байрлуулах вэ гэдгээс шалтгаалж гүүр, хоолойгоо төлөвлөж ажлын зургаа зуруулдаг.
Бид өнгөрсөн жил усны тооцоо судалгааг нягтлан шалгуулахын тулд усны судалгааны мэргэжлийн компаниар гурван удаа нарийвчилсан судалгаа хийлгэсэн. Энэ жил мөн дахин нягтлан баталгаажуулах ажил хийлгэсэн.
Усны тооцоо судалгааг тэд маш сайн хийсэн учраас өнөөдөр трассын дагуу 594 ус зайлуулах хоолой, 27 ширхэг гүүр төлөвлөгдөөд явж байна. Нийт 27 гүүр төлөвлөгдсөнөөс хамгийн урт нь 220 метр бол богино нь 37 метр. Дээрх гүүрүүдийг үндэсний 14 компани хийж гүйцэтгэж байна. Говийн ус Хангайн усыг бодвол хөрсөндөө шингэдэггүй. Бороо орлоо гэхэд богино хугацаанд гол болчих гээд байдаг талтай. Тиймээс ус зүйн тооцоо, судалгаан дээр маш сайн анхаарсан. Монголын ус зүйн чиглэлээр урдаа барьдаг зөвлөх инженерүүд санал, зөвлөмж, дүгнэлтээ өгч ажилласан.
-Төмөр зам яагаад үерийн усанд автчихав?
-Үерт автсан хэсэг бол төмөр замын гол трассын дагуух гүүр тойруулах зам буюу түр зам юм. Төмөр замын доод болон дээд бүтцийн барилга угсралтын ажил бүхэлдээ техникжсэн байдлаар явагддаг. Төмөр зам барих үндсэн технологи нь шинэ тавигдсан төмөр замаа ашиглан, дараагийн шинэ төмөр замаа тавьдаг. Тиймээс гүүр төлөвлөсөн хэсэгт “гүүр тойрох зам” буюу түр зам барьж, барилга угсралтын ажлыг үргэлжлүүлдэг. Бид түр зам дээр 1.5 метрийн диаметртэй ус зайлуулах хоолой төлөвлөсөн. Гэтэл саяны бороо хэт их ширүүн орсон учраас ус зайлуулах хоолой тэр их усыг нэвтрүүлж чадаагүй. Тиймээс бид даланд хашигдаж хуримтлагдсан их усыг албаар нэвтрүүлэхийн тулд зарим хэсгийг нь сэтэлсэн. Ийм л зүйл болсон.
Өнөөдрийг хүртэл ямар ч үндсэн далан сэтэрсэн угаагдсан зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна. Харин ч түр зам үерт автсан нь усны судалгаа сайн хийгдсэнийг, уг хэсэгт гүүр барих нь зөв байсныг нотолж өглөө.
-Одоогоор замын бүтээн байгуулалтын ажил ямар түвшинд явж байна вэ?
–Төсөл маань 2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр анх нээлтээ хийсэн. Түүнээс хойш өвлийн гурван сарыг хасаад үндсэндээ барилга угсралтын ажил есөн сарын хугацаанд үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар ус зайлуулах хоолойн барилга угсралтын ажил бүрэн дууссан. Гүүрийн барилга угсралтын ажил 69 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Далангийн ажил бүрэн дууссан. Зүүнбаян талаасаа 47 км далан дээр зам төмрөө угсарсан.
Мөн үргэлжлээд таван байршлаас жанжин штабын дөрвөн анги, "Улаанбаатар төмөр зам"-ын инженер техникийн ажилчид гараар дээд бүтцээ угсрах ажил эхэлсэн. Үерт автсан хэсэг бол Цогтцэций сумаас 373 дугаар км дээр төлөвлөгдсөн 151 метр урттай том гүүр. Маш их хэмжээний борооны үерийн ус орж ирнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нэг секундэд 100 метр куб ус орж ирнэ. Ийм их хэмжээний ус орж ирэх газарт гүүр төлөвлөдөг.
Уг нь төлөвлөгөө ёсоор бол есдүгээр сарын 1-ний өдөр гэхэд гүүрүүдийн бүтээн байгуулалт дуусах ёстой байсан. Гэтэл энэ жил бүх гүүр дээр 4-5 удаагийн их хэмжээний үерийн ус орж ирсэн учраас графикт хугацаанаасаа ажил сар гаруйгаар хойшоогоо сунаж байна.
Энд нэг зүйлийг онцлоход 27 төмөр бетон гүүрийн угсралтыг үндэсний 14 компани хийж гүйцэтгэж байна. Монголчууд өнөөдөр анх удаагаа төмөр бетон хүнд даацын гүүрийг өөрсдөө хийж, гүүрийн зургийг ч мөн монгол компани зурсан. Дараагийн удаа бид гадныхныг харахгүйгээр өөрсдөө бүтээн байгуулалтыг бүрэн хийх боломжтой гэдгийг харуулж байна. Зөвхөн рейс төмрөө ОХУ-аас авсан бол бусдыг нь дотооддоо үйлдвэрлэж байна. Тухайлбал, нийт 594 ус зайлуулах хоолойны 215 нь дугуй хэлбэртэй бөгөөд 1.5 метрийн диаметртэй, хоёр метрийн өндөртэй 2800 хоолойг дотооддоо үйлдвэрлэсэн.
Энэ төслийн онцлох нэгэн зүйл нь гэвэл бүгд үндэсний компаниуд, монгол инженер техникийн ажилчид өөрсдийн тоног төхөөрөмжөөрөө энэ том бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэж байна. Энэ бол маш том амжилт.
Ирэх арванхоёрдугаар сар гэхэд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ