Долдугаар сарын 5-ны өдрөөс эхэлсэн шинэчилсэн бүртгэлийн ажил улс даяар 10 гаруй хувьтай байгаа. Шинэчилсэн бүртгэлд иргэн бүр иргэний үнэмлэхээс гадна төрсний гэрчилгээтэй ирэхийг шаардаж байгаагаас Улсын бүртгэлээс лавлагаа авах гэсэн хүмүүсийн дараалал эрс нэмэгдсэн. Урьд нь өдөрт 200-300 хүнд үйлчилдэг байсан уг газрынхан одоо өдөртөө 1500 орчим хүний лавлагаа гаргаж өгөх гэж ачаалал ихтэй ажиллаж байна. Үүрийн таван жингээр очиж дугаарлан байж арайхийн лавлагаа гаргуулж байгааг зарим хүмүүс соргогоор ашиглах болжээ. Улсын бүртгэлийн газраас олгож буй дарааллын хуудсыг өглөө эрт очиж авчихаад ширхэг тутмыг нь 2000-5000 төгрөгөөр наймаалах нэгэн шинэ төрлийн бизнес тус газрын ойр орчимд дэлгэрээд байгаа ажээ. Өдөржин дараалалд зогсож, уурлаж бухимдаж зогсохын оронд бэлэн дугаар худалдан авах сонирхолтой хүн цөөнгүй байгаа нь уг хууль бус үйлдлийг улам дэвэргэж байна.
Д.Цэцэн