Ипотекийн зээлээ хугацаа хожимдуулалгүй төлж буй 34 мянган зээлдэгчиддээ 2 хувийн хөнгөлөлт үзүүлж чадахгүй гурван сарыг барж буй эрх баригчид зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах стратеги батлахаа мэдэгдэв. УИХ-ын ээлжит бус чуулганаас уг стратегийг баталснаар зээлийн хүү нэг оронтой тоонд орно. Сэрдэггүй бол сайхан л зүүд.
Улсын нэгдсэн төсөв нь 4.8 их наяд төгрөгийн алдагдалтай, экспорт энэ оны долоон сарын байдлаар 800 орчим сая ам.доллараар буурсан, ам.доллар нь 2853 төгрөгтэй тэнцсэн, цаашаа ч өсөх прогнозтой, хадгаламжийнх нь хүү 12 хувь, зээлийн дундаж хүү 16 хувь байхад зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах боломж үнэндээ хязгаарлагдмал.
Арилжааны хэдэн банкиндаа хүч хэрэглэж богино хугацаанд зээлийн хүүг бууруулж, шоуддаггүй юм бол бодит хөрс нь бүрдээгүй байна гэж хэлж болно. Хэрвээ хөрс нь бүрдсэн юм бол яагаад УИХ-ын сонгуулийн өмнө парламентаар баталсан ипотекийн зээлээ цаг хугацаандаа төлж буй иргэдэд 2 хувийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх амлалтаа хэрэгжүүлэхгүй өнөөдрийг хүрэв.
Монголбанкны мэдээгээр 46115 иргэн ипотекийн зээлээ хойшлуулсан бол 34 мянган иргэн сар бүр тогтмол 8 хувийн зээлээ төлж байна. Нийт 80 мянга орчим иргэн ипотекийн зээлд хамрагдсанаас 40 хувь нь сар бүр тогтмол төлбөрөө төлж байна гэж хэлж болно. Тэдэнд гурван сарын хугацаанд 2 хувийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэхэд 7 тэрбум төгрөг шаардагдах тооцоог төв банк гаргасан.
Эх үүсвэрийг хаанаас гаргах вэ гэдэг дээр гацав уу, эсвэл амалснаасаа бултахаар шийдэв үү, судалгаа Засгийн газарт хүрсэн ч өнөөдрийг хүртэл хэрэгжсэнгүй, иргэд хүлээсээр…
Цар тахлын улмаас эдийн засаг хүндэрч, төсвийн орлого 1 их наяд төгрөгөөр тасарсан ч гэлээ хөнгөлөлт эдлүүлье гэвэл 7 тэрбум төгрөгийг зохицуулах боломжтой. Ахмад настны 6 сая хүртэлх төгрөгийн зээлийг тэглэхэд 680 орчим тэрбум төгрөг шаардагдаж, зохицуулалт хийсэн. Зах зээл рүү мөнгө гаргаагүй учраас хор уршиг нь бага туссан. Ипотекийн 2 хувийн хөнгөлөлт ч бэлнээр шууд иргэдийн гарт очихгүй учраас эргээд эдийн засагт хүргэх хор хохирол нь бага. Шаардагдах эх үүсвэрийн хэмжээ ч ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэсэнтэй харьцуулахад 10 орчим хувьтай л тэнцэнэ. Ийм байтал энэ зохицуулалтыг хийчиж чадаагүй нь зээлийг нэг оронтой тоонд оруулах яриа нь эрх баригчдын хувьд орон нутгийн сонгууль угтсан синдром байх вий гэдэг хардлага дагуулж буй.
Учир нь зээлийн хүүг зах зээлийнх нь жамаар бууруулъя гэвэл ам.долларын төгрөгтэй харилцах ханшийг бууруулах арга хэмжээ авахаас ажлаа эхлэх ёстой. Үүний тулд хөрөнгө оруулалтыг татаж, экспортын орлогоо нэмэгдүүлэх шаардлагатай.
Хэрвээ энэ арга хэмжээг хэрэгжүүлэхгүй бол УИХ-ын сонгуулийн өмнө шатахууны үнийг литр тутамд нь 150 төгрөгөөр буулгаад наадмын дараа буцаад өссөн шиг түр зуурын арга хэмжээ болоод л өнгөрнө.
Зээлийн хүүг бууруулах асуудал яригдахад улстөрчид банкууд л хамаг юмны эзэн суусантай холбодог. Гэвч агуулгаараа зээлийн хүүг бууруулах асуудал дан ганц банкуудаас хамаардаг зүйл биш. Тэр тусмаа УИХ-аар стратеги баталчихаар хэрэгждэг асуудал огт биш. Гадаад, дотоод олон хүчин зүйлээс хамаарч зээлийн хүү тогтдог учраас бүх талуудын оролцоог хангах ёстой болдог.
Эдийн засагчид зээлийн хүүнд хамгийн том нөлөө үзүүлж байгаа зүйл нь банкны эх үүсвэрийн өртөг бөгөөд гадаад валютын ханш, инфляцаас шууд хамаардаг гэж үздэг.
Иймээс эрх баригчид аа, зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авах нь орон нутгийн сонгууль угтсан шоу биш юм бол эхлээд ипотекийн зээлээ 2 хувиар бууруулан 6 хувь болгож, 34 мянган зээлдэгчдээ хөнгөлөлт эдлүүл.
Эдийн засгийн нөхцөлөө сайжруулаагүй, ипотекийн зээлээ 2 хувиар бууруулж, гурван сарын хөнгөлөлт үзүүлж чадахгүй хэрнээ зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах тухай ярих нь итгэл үнэмшил төрүүлэхгүй байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ