"Үндсэн хуулийн 6.2 заалт Төрийн болон орон нутгийн өмчийн хуулиар илүү тодорхой болно"

Хуучирсан мэдээ: 2020.08.17-нд нийтлэгдсэн

"Үндсэн хуулийн 6.2 заалт Төрийн болон орон нутгийн өмчийн хуулиар илүү тодорхой болно"

"Үндсэн хуулийн 6.2 заалт Төрийн болон орон нутгийн өмчийн хуулиар илүү тодорхой болно"

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2020.08.17/-ийн  хуралдаанаар үндсэн дөрвөн асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх  Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөл, 2020 оны улсын төсвийн тодотгол, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийг шинэчлэсэн найруулгыг тус тус хэлэлцээд гурван ажлын хэсгийг байгуулжээ.

Хэлэлцсэн эхний асуудал болох Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь Л.Энх-Амгалан гишүүнийг томилжээ. Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөлд мөн ажлын хэсэг байгуулж, УИХ–ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар тус ажлын хэсгийг ахлах юм байна.  2020 оны улсын төсөвт тодотгол хийхтэй холбогдлуулан мөн ажлын хэсэг байгуулж Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан ахалж ажиллана.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг өнгөрөгч дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын есөн гишүүн санаачлан боловсруулсан. Тус хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар нь УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ажиллаж байгаа” гэдгийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ.

Түүнчлэн бүлгийн хурлаар хэлэлцсэн нэг асуудал нь бүлгийн дэд даргыг шинээр томилжээ. Өмнө нь бүлгийн дэд даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Жавхлан  Төсвийн байнгын хорооны даргаар сонгогдсон тул түүнийг бүлгийн дэд даргаас чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүн С.Амарсайханыг дэд даргаар сонгожээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар тус хуулийн төслийн талаар хэлэхдээ “Энэхүү хууль нь орон нутгийн барих бага үндсэн хууль гэж хэлж болно. Хуулийн төсөлтэй холбоотой гарч байгаа нэг шүүмж бол орон нутгийн сонгууль болох гэж байхад энэ хууль гарах нь зохистой юм уу гэдэг асуудлыг тавьж байгаа. Хуулийн заалтуудыг 2020 оноос эхлэн дагаж мөрдөхөөр байгаа ч хуулийн төслийг ээлжит бус чуулган үеэр багтаан хэлэлцэхээр бүлэг санал нэгдсэн. Улс төрийн намын үүрэг оролцоо орон нутгийн удирдлагад ямар байх тухай асуудал нэлээд анхаарал татсан заалт болж төсөлд суусан. Улс төрийн намтай холбогдох зарим зохицуулалтыг намын тухайн хуулийг хүрээнд авч үзэх нь зүйтэй гэж үзсэн.  Хот тосгосны тухай хуульд гишүүд анхаарч байгаа. Тусад нь ажлын хэсэг байгуулна, төсөл нь бэлтгэгдэж байгаа. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөлд олон зарчмын зөрүүтэй санал гарч байгаа тул эцэслэгдсний дараа нь нэгдсэн мэдээлэл өгнө” гэв.

Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.


-УИХ-ын тухай хуульд хэсэгчилсэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг бүлэг хэлэлцсэн үү?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн санаачлах хууль, УИХ-ын гишүүдийн санаачлах хууль мөн Засгийн газрын санаачлах хууль гэдгийг хуулиар тогтоож өгсөн. Энэ дагуу Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан. Ойрын хугацаанд тус асуудлыг хэлэлцэнэ.

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг яаруу сандруу баталж байгаа нь хардлага дагуулж байна?

-Хамгийн гол үндэслэл нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуульд ганцхан хуулийн нэр биччихсэн. Тэр нь энэ оны эхний хагас жилд багтааж Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчлэсэн найруулгын төслийг батлах замаар Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийг баталж улсыэн болон орон нутгийн зэрэглэлтэй хотуудын асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан. Энэ дагуу л энэ хуулийг ойрын хугацаанд хэлэлцэх шаардлагатай байгаа юм. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баталсны дараа Хот тосгоны тухай хуулийг батална. Төсөл нь бэлтгэгдсэн. Уг нь орон нутгийн сонгуулийн өмнө Хот тосгоны тухай хуулийг баталчихвал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгагдсан заалтууд амь орох юм. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэхийг хичээсэн. Төсөв санхүү,бодлого хүчин, газар байгаль орчны эрх мэдлийг нь нэмэгдүүлж байгаа.

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөлд Засаг дарга хориг тавих талаар тусгагдсан байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-1992 онд батлагдсан хуулиас хойш Засаг дарга ИТХ-ынхаа шийдвэрт хориг тавьдаг заалт хэвээрээ байгаа. Энэ заалт хэрэглэгддэггүй болохоос биш өмнө ч байсан.

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар босоо удирдлагад шилжиж, нутгийн өөрөө удирдах ёсыг устгах нь гэдэг шүүмжлэл байгаа? 

-Босоо удирдлагад шилжээгүй. Ганцхан заалтыг шүүмжилж байгаа. Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс гээд Үндсэн хуульдаа заачихсан. Одоогийн хуулиар тухайн шатны  ИТХ-д тухайн шатны Засаг дарга нэр дэвшүүлж байгаа.  Тэгвэл шинэ хуулиар нэр дэвшүүлэлтэд Ерөнхий сайд юм уу тухайн шатны Засаг дарга санал гаргаж болохоор заалт орсон. Зөвхөн санал гаргах төдий.

-Үндсэн хуулийн 6.2-оор гаднын иргэдэд газар эзэмшүүлэх эрхзүйн орчин нь бүрдчихсэн юм уу?

-Өмнө нь байгалийн баялаг ард түмэн, төрийн мэдэлд байна гэснийг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төрийн, нийтийн өмч байна гэж өөрчилсөн. Төрийн өмч гэдэгт байшин, барилга орно. Төрийн, нийтийн өмчид байгалийн баялаг орно. Төрийн, нийтийн өмчийг лицензээр олгодог явдлыг больж Төрийн, нийтийн өмчийнх нь хуулиар захиаран зарцуулдаг болъё гэж үзсэн. Үндсэн хуулийн 6.2-ын хамгийн гол амин сүнс нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар гарах ёстой. Энэ хуульд яаж олгох уу гэдгийг тодорхой зааж өгнө. Энэ Лхагва гаригт Үндсэн хуулийн 6.2 тойрсон асуудлаар хэлэлүүлэг зохион байгуулна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж