Австралийн Шинэ Өмнөд Уэльст амарч явсан эмэгтэй рүү цагаан акул дайрсанд баатарлаг нөхөр нь санаанд оромгүй эр зориг гарган түүнийг аварсан байна. Тодруулбал, Шантелле Дойл нэртэй бүсгүй нөхөр Марк Рапли болон гурван настай хүүтэйгээ хамт наймдугаар сарын 15-нд Шелли далайн эрэгт очин тавцангаар гулгаж байжээ. Гэтэл бүсгүй рүү гэнэт цагаан акул дайрч, баруун хөлнөөс нь зуусан байна. Энэ үед Марк цагаан акулын нуруун дээр үсрэн гарч, цохисон аж. Тийнхүү хамаг хүчээрээ акулын нуруу руу хэд хэдэн удаа цохиход акул Шантеллийн хөлийг тавиад зугтсан гэнэ.
Аврагчид хэргийн газарт яаравчлан ирэхэд Марк эхнэрээ аль хэдийн эрэг дээр гаргаж ирсэн байжээ. Шантеллийн баруун гуя ноцтой бэртэж, их цус алдсан ч цаг алдалгүй эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн тул аминд нь халгүй өнгөрчээ. Тэрбээр удалгүй мэс засалд орох бөгөөд баруун хөл нь эдгэх эсэхийг эмч нар одоохондоо хэлж мэдэхгүй байгаа гэнэ.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ