Ерөнхий сайд “Монгол-Унгарын бизнес форум”-д оролцлоо

Хуучирсан мэдээ: 2016.01.25-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд “Монгол-Унгарын бизнес форум”-д оролцлоо

Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбаны Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Монгол-Унгарын бизнес форум” зохион байгуулагдлаа. Форумд хоёр улсын Ерөнхий сайд нар оролцож, үг хэлсэн юм.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлсэн үгэндээ газар зүйн байршлын хувьд Монгол Улс Европын холбоо, Унгар Улсаас хол оршдог ч ОХУ, БНХАУ гэсэн дэлхийн хоёр том зах зээлийн дунд оршдог. Энэ зах зээл рүү манай улсаар дамжуулан гарах боломж, таатай нөхцөл бизнес эрхлэгч та бүхэнд байна. Монгол Улс 60 сая гаруй малтай учраас мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолууран бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, экспортлох бүрэн боломжтой. Мөн байгалийн баялаг ихтэй, алт, зэс, нүүрсний нөөцөө дэвшилтэт технологи ашиглан боловсруулж, дотоод болон гадаад зах зээлийг хангах боломж бий гэдгийг онцоллоо. 

Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбаны албан ёсны айлчлалын хүрээнд хоёр орны Засгийн газар хооронд чухал баримт бичгүүдийг байгуулж, гарын үсэг зурсан. Монгол, Унгар хоёр улс ус, мах, ноолуур, эм зэрэг хөдөө аж ахуй, аж үйлдвэр, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах боломжтойгоос гадна соёл урлаг, кино урлагт ч хамтран ажиллах боломж нээлттэй байна гэлээ.

Монгол Улс татварын орчин харьцангуй тогтвортой, татварын хувь, хэмжээ багатай орнуудын нэг. Хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч, Хөрөнгө оруулалтын шинэ хуулийг сүүлийн хоёр жил хэрэгжүүлж байна гэдгийг Ерөнхий сайд онцлоод Монгол Улсад хөрөнгө оруулахыг уриаллаа. 

“Монгол-Унгарын бизнес форум”-д Монгол Улсын 200 гаруй бизнес эрхлэгч, Унгар Улсын 40 гаруй бизнес эрхлэгчид оролцлоо. Форумын төгсгөлд хоёр улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан юм.

ЭХ СУРВАЛЖ: WWW.ZASAG.MN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж