Мөсөн зам аюултайг сануулав

Хуучирсан мэдээ: 2016.01.25-нд нийтлэгдсэн

Мөсөн зам аюултайг сануулав

Өвөл цагт аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой цөөн газрын нэг нь Хөвсгөл нуур. Тиймээс өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд аюулгүй байдлыг нэгдүгээрт тавих шаардлага тулгардаг. Аялал жуулчлалын өвлийн арга хэмжээнүүд зохиогдож эхлэхтэй холбогдуулан Хөвсгөл нуурын мөсөн бүрхүүл, мөсний зузааны байдлыг мэргэжилтнүүд хянажээ.

Энэ сарын 7-ны өдөр Хөвсгөл нуурын баруун болон зүүн эргийн дагуу нийт 20 цэгт /цэг хоорондын зай 6-8 км / мөсийг цоолж хэмжилт хийхэд мөсний дундаж зузаан 45 см, Хатгал тосгоны ойролцоох зургаан цэгт /цэг хоорондын зай 3 км / хэмжилт хийхэд мөсний дундаж зузаан 47 см, мөсөнд хар, цагаан хил үүссэн, бутралт ихтэй байжээ. Нуурын хойд хэсэгт хийсэн хэмжилтээс үзэхэд Ханхаас Далбай хүртэлх нуурын зүүн хойд эрэг орчмын хэсэгт мөсний зузаан 44-50 см, баруун хойд эрэг орчмынх Зимъяаны эргээс Өлийн амны хойт хэсэг хүртэлх хэсэгт мөсний зузаан харьцангуй нимгэн 25-50 см-тэй байгаа ажээ. Дулаан уулын орчимд эргээс 200 метрт, Хачим орчимд эргээс 500 орчим метрт мөс төдий л зузаангүй болох нь ажиглагджээ.

Ус судлалын Хөвсгөл-Хатгал харуулын мэдээгээр Хөвсгөл нуурын мөсний зузаан арванхоёрдугаар сарын 20-нд 20 см, 31-нд 24 см, энэ оны нэгдүгээр сарын 10-нд 52 см, Хөвсгөл-Ханх харуулд арванхоёрдугаар сарын 31-нд 31 см, нэгдүгээр сарын 10-нд 55 см байжээ. Энэ нь олон жилийн дунджаас 5-8 см зузаан байна гэсэн үг аж.

Гэвч нуурын мөсний зузаан гүндээ 50 орчим см, зарим газарт 25 см, далд өрх, хар хил байх нөхцөлтэй байгаа нь тээврийн хэрэгсэл зорчиход мөсний зузаан аюулгүй хэмжээнд хүрээгүй, мөсөн замын найдвартай маршрутыг хэмжилтээр тогтоох шаардлагатай гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Ялангуяа, ачааны машин зорчихыг хориглох шаардлагатай байгааг онцгойлон санууллаа.

Зөвхөн Хөвсгөл далай гэлтгүй бусад нуур, голын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар болоод ОБЕГ-ынхан анхааруулсан юм.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж