Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж иргэд өнөөдөр /2020.08.17/ жагслаа. Тэдний ярьж буйгаар Зөрчлийн хуулийн торгууль амьдралд нь хүндээр нөлөөлж, туйлдуулж байгаа гэдгийг хэлж байв. Иймд торгуулийн дээд, доод хязгаарыг тогтоох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлж, шаардлага хүлээж авахгүй тохиолдолд өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдлээ.
Энэ үеэр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны иргэн С.МИШГЭЭ:
-Бид яагаад Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцээд байгаа вэ гэвэл тус хуульд зөвшөөрөлтэй худалдаа эрхэлдэг газар зөвшөөрөлгүйгээр худалдаа эрхэлбэл 50 нэгжээр төгрөгөөр торгоно гэж заажээ. Гэтэл энэ 50 мянган төгрөгийг яагаад 10-50 нэгж болгож болохгүй байгаа юм бэ. Ар гэрээ авч явж, амьдрахын тулд нэг улавч оймс зараад 50 мянган төгрөгөөр торуулна гэдэг дэндүү харамсалтай. Алхам тутамд биднийг цагдаа нар хянадаг. Тэднийг ажлаа хийж байгааг бид буруутгахгүй. Гэхдээ амьдралд нийцэхгүй хөрсөн дээр буугаагүй энэ хуулийн золиос цагдаа нар болсон шүү. Тиймээс энэхүү хуулийг баталсан УИХ-ын гишүүдэд хуулийн заалтаа эргэж харж ард иргэдийнхээ дуу хоолойг сонсохыг шаардаж байна. Х.Нямбаатар гишүүн намрын ээлжит чуулганаар Зөрчлийн тухай хуулийг заавал хэлэлцэх ёстой. Хоёрдугаарт Зөрчлийн тухай хуулиар иргэдээсээ санал авах хэрэгтэй” гэв. Тэрбээр өмнө нь Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж хоёр ч удаа нүцгэн жагсаал хийж байжээ. Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж байгаа шалтгаан нь ард иргэдийн амьдралд огтхон ч нийцэхгүй байна гэв. Мөн Зөрчлийн тухай хууль нь иргэн, цагдаагийн хооронд үл ойлголцох байдал үүсгэж байгааг онцолсон юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ