Путины дараагийн “бай” Беларусь

Хуучирсан мэдээ: 2020.08.17-нд нийтлэгдсэн

Путины дараагийн “бай” Беларусь

Путины дараагийн “бай” Беларусь

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины бүрэн эрхийн хугацаа 2024 онд дуусгавар болно. Гэвч тэрбээр саяхан Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах замаар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг тэглэх буюу цаашид үргэлжлүүлэн Орос улсыг удирдах замаа зассан. Харин үүнээс өмнө маш олон хүн түүнийг Орос, Беларусийг нэгтгэх замаар засаглалаа 2024 оноос хойш сунгаж, дараа нь түүнийг удирдаж, Холбооны улс гэгчийг байгуулна гэж таамаглаж байв. Ийнхүү Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр өөрийн эрх мэдлийг цаашид хадгалах нь тодорхой болоод буй ч Путины хувьд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан энэ улс дараачийн хамгийн том “бай” хэвээр байгаа юм.

Орос, Беларусийн харилцаа холбоог гүнзгийрүүлэх тухай яриа шинэ зүйл биш. Сүүлийн үед Москвагийн зүгээс эрчим хүчний үнээ нэмэх зэргээр Минскт дарамт шахалт үзүүлэх нь ихэссэн. Хоёр улсын Ерөнхийлөгч нар 2019 оны арванхоёрдугаар сард уулзсан боловч уулзалт үр дүн муутай өндөрлөсөн. Үүнээс өмнө 2014 онд, Лукашенко Москва Крымийг өөртөө нэгтгэх үйл явцыг дэмжээгүйгээс хоёр улсын харилцаа хөндийрсөн. Түүнчлэн тэрбээр Беларусьт цэргийн баазаа байгуулах Оросын саналыг хүлээж аваагүй нь асуудлыг бүр л даамжруулсан.

Далайд гарцгүй, геополитикийн хувьд Москвагаас хараат байсан ч Беларусь улс Путиний анклусыг эсэргүүцсээр байв. Беларусийн Ерөнхийлөгч Лукашенко "Хэрэв Орос бидний тусгаар тогтнолд заналхийлвэл дэлхийн хамтын нийгэмлэг хэрхэн хариу өгөхийг та бүгд мэднэ. Дайн болох болно. Барууны улсууд ба НАТО үүнийг зүгээр хараад суухгүй” өнгөрөгч онд ярьж байв.

Хэдий тэр өрнөдийн орнуудтай тийм ч ойр дотно харилцаатай биш ч түүний энэ үг үр дүнгээ өгсөн. Тухайн үеийн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон 2019 оны наймдугаар сард Лукашенкотой уулзаж, Беларусийн тусгаар тогтнолыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Үүнээс нэг сарын дараа АНУ арав гаруй жилийн хугацаанд анх удаа Минск хотод элчин сайдаа томилохоор тохиролцсон юм.

Лукашенко геополитикийн цар хүрээгээ тэлэхийг оролдож, Польш боло Литваас эрчим хүчний цорын ганц нийлүүлэгч болох Орос улсаас татгалзахад нь туслахыг хүчс, НАТО-ын цэргийн сургуулилтад оролцох хүсэлтээ илэрхийлж, ЕХ-той хамтын ажиллагаа, визний асуудлаар уулзалтуудыг хийж, Хятадад дэд бүтцийн бүтээн байгуулалтын давуу эрх олгож, Бээжинтэй санхүүгийн харилцаа холбоогоо бэхжүүлсэн.

Ийнхүү Оросын түрэмгийллийг эсэргүүцэх болсон Лукашенко саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгуульд зургаа дахь удаагаа улиран сонгогдов. Тэрбээр 80 гаруй хувийн саналаар өрсөлдөг Светлана Тихановскаяг ялсан ч улс орон даяар түүнийг эсэргүүцсэн жагсаал цуглаан, эмх замбараагүй байдал үүсээд байна. Хэдэн өдөр үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын үеэр олон мянган хүн баривчлагдаж, сүүлдээ байдал хяналтаас гарч эхлээд байна.

Энэ удаагийн эсэргүүцлийн жагсаал нь 9,5 сая хүн амтай тус улсын хувьд өмнө нь байгаагүй өргөн хэмжээний жагсаал болж байгаа ба Лукашенко өөрийн “том хөрш”-өөсөө тусламж хүсэхээс өөр аргагүй байдалд хүргэжээ.

Тэрбээр улс эх оронд нь болж буй хурцадмал байдлыг намжаахад туслахыг ОХУ-ын Ерөнхийлөгч Путинаас хүсч, Путин ч нааштай хариулт хэлсэн байна. Мөн Лукашенко улс оронд нь хувьсгал гарвал Путины дэглэмд бас аюул нүүрлэхийг анхааруулсан үг дайжээ. Ийнхүү Путинаас тусламж хүссэн нь байдлыг улам ч муутгаж, ард иргэдийн зэвүүцлийг хүргэж болзошгүй байна.

Харин Путины хувьд геополитик, стратегийн хувьд чухал бас нэг хөрш улсынхаа төрийн эрхийг жагсагчдад алдахыг хүсэхгүй нь тодорхой. Магадгүй энэ жагсаал цуглаан түүний хувьд боломж ч байж мэдэх юм. Москвагийн тэлэлтийн бодлого нь Зөвлөлтийн үеийнх шиг том биш байж болох ч хэрэгжсээр байгаа. Гэхдээ нөөцийн хэт ачаалал нь Оросыг гүн хямрал эсвэл бүр сүйрэлд хүргэж болзошгүй гэж судлаач, шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: ATLANTICCOUNCIL

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
БурууБуруу
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж