Ираны ерөнхийлөгч Европыг зорив

Хуучирсан мэдээ: 2016.01.25-нд нийтлэгдсэн

Ираны ерөнхийлөгч Европыг зорив

 

Ираны ерөнхийлөгч Хассан Роухани Франц, Итали  улсад албан ёсны айлчлал хийж байна. Европ дахь Ираны ерөнхийлөгчийн айлчлал тав хоног үргэлжлэх аж. Тэрбээр  Ром, Парист хийж буй урт айлчлалдаа газрын тос, байгалийн хийн сайд тэргүүтэй засгийн газрын албаныхан болон бизнесийн төлөөлөгчид нийлсэн 120 орчим хүний өргөн бүрэлдэхүүнтэй явжээ. Ираны эсрэг олон улсын хориг арга хэмжээ цуцлагдсанаар Тегеран дэлхийн худалдаа наймааны зах зээлд 10 жилийн дараа эргэн ирж байна. Түүний айлчлалын хүрээнд Иран Европын нисэх онгоц үйлдвэрлэгч “Airbus” компаниас 100 онгоц худалдаж авах гэрээ байгуулахаар яригдаж эхэлжээ.

 

Түүнчлэн Ираны ерөнхийлөгчийн Европ дахь айлчлал дипломат түвшинд ч ач холбогдол өндөртэй байна.  Иран нь Башар аль-Ассадын ойрын холбоотнуудын нэг бөгөөд Сирийн зөрчил мөргөлдөөнийг яриа хэлцлийн замаар шийдвэрлэхэд Хассан Роуханийн дэмжлэг их хэрэгтэй юм.

 

Франц улсын хувьд 1999 оноос хойш анх удаа Ираны төрийн тэргүүнийг хүлээн авах гэж байна. Хассан Роуханийн айлчлалын өмнө  өнгөрсөн есдүгээр сард Францын улс төр, бизнесийн төлөөлөгчид Тегеранд айлчилжээ. Хөдөө аж ахуй, бүтээн байгуулалт, аялал жуулчлалын 130 орчим фирм оролцсон энэ айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны үндсийг тавьсан аж.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ : REUTERS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж