Байр суурь: Зээлийн хүүг захиргаадаж болох уу?

Хуучирсан мэдээ: 2020.08.17-нд нийтлэгдсэн

Байр суурь: Зээлийн хүүг захиргаадаж болох уу?

Монгол Улсад банкны зээлийн хүү өндөр байгааг сүүлийн хориод жил бодлогын түвшинд ярьж хэлэлцсээр ирсэн. Өнөөдрийн байдлаар банкны зээлийн дундаж хүү өндөр хэвээр. Тодруулбал, арилжааны банкуудын зээлийн хүү жилийн 20+, ББСБ 30+, ломбард 60+, өдрийн зээл олгодог хувь хүмүүс 80+ хувьтай байна.


ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ХӨТӨЛБӨРҮҮДЭЭС ДОРВИТОЙ ҮР ДҮН ГАРСАНГҮЙ

Өнгөрсөн хугацаанд зээлийн хүүг бууруулах чиглэлээр тусгай хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлсэн хэдий ч мэдэгдэхүйц үр дүн гараагүйг эдийн засагчид онцолдог. Тухайлбал, “Зээлийн хүү буурах зах зээлийн орчныг бүрдүүлэх хөтөлбөр”-ийг 2011 онд, “Зээлийн хүү буурах зах зээлийн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн 2014-2016 онд хэрэгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг 2014 онд Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан тушаалаар батлан хэрэгжүүлсэн. Харамсалтай нь эдгээр хөтөлбөрийн хэрэгжилт тааруу, эдийн засгийн суурь асуудлыг шийдвэрлэхэд чиглээгүй байснаас дорвитой үр дүн гараагүй байна. Ялангуяа хэрэгжүүлсэн макро бодлогын уялдаа сул байсан, бодлогын хэрэгжилт нь анх тавьсан зорилттой нийцтэй бус үр дүнд хүргэжээ.

Зээлийн хүүг бууруулах чиглэлээр өмнө нь боловсруулсан хөтөлбөр, Монголбанкнаас баримталж ирсэн бодлого, чиглэл нь зээлийн хүүний түвшинг захиргаадалтын аргаар бус, харин эдийн засаг, санхүү, хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх замаар бууруулах нь зохистой гэж үзэж ирсэн. Захиргаадалтын аргаар хүүг бууруулах нь зах зээл, эдийн засагт нэмэлт гажуудал бий болгох эрсдэлтэй. Иймд Төв банкнаас зах зээлийн зарчмын хүрээнд “Зээлийн хүүг бууруулах стратеги 2018-2023” баримт бичгийг боловсруулсан. Энэхүү стратегийг амжилттай хэрэгжүүлснээр зээлийн хүү буурах макро орчин бүрдэж, бодлогын хүүний шилжих суваг эрчимжиж, банкны эрсдэл даах чадвар, үр ашиг, засаглал сайжирч, зээлийн хүүний түвшин мэдэгдэхүйц буурна гэж үзжээ.

Эдийн засагч Д.Жаргалсайханы мэдээлснээр, зээлийн хүүгийн хязгаарыг захиргаадан тогтоох нь мөнгө хүүлэхийг үндсэнд нь зогсоодог ч зах зээлийн бус аргаар чөлөөт өрсөлдөөнийг хязгаарладаг гэж үздэг байна. УИХ-аас тун удахгүй зээлийн хүүг нэг оронтой тоонд хүргэх тогтоол гаргах ажээ. Хүүг захиргаадан тогтоох боломжтой эсэх, ямар үр дүнд хүргэх талаар эдийн засагчид өөр өөрсдийн байр суурийг илэрхийлсээр байна.

Эдийн засагч Д.Ангар, Б.Дөлгөөн нар зээлийн хүүг бууруулах боломж бий эсэх талаар дараахь байр суурийг илэрхийллээ.

Д.АНГАР: ӨНӨӨДӨР МОНГОЛ УЛС МААНЬ БҮХЭЛДЭЭ ХҮҮЛЭЛТЭД НЭРВЭГДСЭН

-Таны бодлоор зээлийн хүүг хэдэн хувь хүртэл хэрхэн бууруулж болох вэ?

Зээлийн хүү гэдэг нь нэг төрлийн бүтээгдэхүүн юм. Гэхдээ маш онцлог бүтээгдэхүүн. Бэлтгэн нийлүүлж буй тал нь маш цөөхөн байдаг бол хэрэглэгч тал нь маш олон. Тиймээс энэхүү бүтээгдэхүүнийг төрөөс зохицуулахгүй бол зохиомол хомсдол үүсгэх, зээлдүүлэгч талд маш их давуу байдал үүсэх, монополь бий болох зэрэг сөрөг үр дагавар гардаг. Тиймээс зээлийн хүүг улс орнуудын төрөөс хатуу зохицуулдаг. Жишээ нь, ардчилал, зах зээлийн эдийн засгийн түүчээ болсон АНУ-ын Нью-Йорк мужид зээлийн хүүгийн дээд хязгаарыг жилийн 8% гэж хуульчлан тогтоож өгдөг. Үүний хүрээнд банк, банк бус зэрэг санхүүгийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулна. Тэрнээс биш Америкийн банкууд нь хэзээ ч зээлийн хүүгээ өөрөө тогтоодоггүй. Зээлдэгчдэд зээлийн хүүгээ тулгадаггүй. Зээлийн хүүгийн дээд хэмжээ болон бусад зохицуулалтыг нь төрөөс тогтооно. Америк гэлтгүй Европ, Азийн бараг бүх улсад зээлийн хүүг төрөөс хатуу зохицуулдаг. Харамсалтай нь Монголын хууль эрх зүйн орчинд зээлийн хүүг тогтоох бүх эрхийг зөвхөн зээлдүүлэгч талд өгснөөр маш том гажуудал үүсч, үр дүнд нь Монгол Улс маань хүүлэлтийн маш том системд орсон байна. Өнөөдөр Монгол Улс маань бүхэлдээ хүүлэлтэд нэрвэгдсэн байдалтай байна. Үйлдвэрлэл бүрэн дампуурсан. Хятадын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд л цаанаасаа зээлийн хямд эх үүсвэртэй тул тэсэн үлдэж, монгол эзэнтэй үйлдвэрүүд дампууран хаалгаа барьж байна. Энэхүү байдлыг засах ёстой. Зээлийн хүүгийн зохицуулалтад төр зайлшгүй оролцох ёстой.

-Банкуудын зээлийн хүүг жилийн 12 хувиас хэтрүүлэхгүй байх боломж бий юү?

-Банкны зээлийн хувьд дээд хүүг нь жилийн 12 хувьд тогтоох бүрэн боломжтой. Үүнээс ч илүү буулгах бүх нөхцөл бүрдсэн. Банкны хүүг буулгавал банк бус, ломбардын хүү дагаад бууна. Зээлийн хүүгийн хувьд хамгийн буруу жишгийг анхлан тогтоож буй банкны хүү юм шүү дээ. Үүнийг эхлээд засах ёстой. Ер нь үйлдвэрлэлийн шинж чанартай төслүүдийг жилийн 5-8 хувь хүүтэй зээлээр санхүүжүүлдэг олон улсын нийтлэг зарчим бий. Гэхдээ Монголд зээлийн хүүг буулгахад нэг асуудал бий. Зээлийн хүүг буулгахын тулд хадгаламжийн хүүг буулгах шаардлагатай. Гэтэл томоохон хадгаламж эзэмшигч нар УИХ-д сууж бгаа. УИХ-ын ихэнхи гишүүд эхнэр, хүүхдүүдийнхээ нэр дээр банк бус, ломбард ажиллуулдаг. Тэд үүнийг зөвшөөрөх эсэх нь маргаантай. Асуудлыг эхлээд лав унагах болов уу. Монголбанкны хэдэн хурган даргаар Монголд зээлийн хүүг захиргаадан тогтоож болохгүй, төр оролцон буулгах боломжгүй зэргээр ярилцлага өгүүлнэ. Дараа нь хэдэн эдийн засагчдаар зээлийн хүүг төр оролцон буулгавал бараг Монгол Улс сүйрэх ухааны байр суурь нийтлүүлнэ. Ийм маягаар л зээлийн хүүг зохистой болгох шаардлагаас үе үеийн УИХ зориудаар зугтсаар ирсэн юм. Одоо ингэж болохгүй ээ. УИХ-ын гишүүд хувийн явцуу эрх ашгаа урьтал болгохыг түр зогсоож, нийтийн эрх ашгийн төлөө кнопоо дарах нь цаг ирсэн.


 Б.ДӨЛГӨӨН: УИХ-ААС ХУУЛЬ БАТАЛЖ, ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООЖ БОЛОХГҮЙ

-УИХ-аас зээлийн хүүг бууруулах тогтоол гарах гэж байна. Энэ хэр зөв шийдвэр болох бол?

-Юуны түрүүнд зээлийн хүүг ямар аргаар бууруулж болохгүй вэ гэдгийг хэлье. УИХ-аас хууль баталж, зээлийн хүүг тэд болгоно гэж тогтоож болохгүй. Ингэвэл өнөөдөр ажиллаж байгаа зах зээлийн механизм эвдэгдэж, улмаар тооцоолох боломжгүй олон хэлбэрээр гажуудах болно.

-Та зээлийн хүүг хэдэн хувь болгон бууруулах боломжтой гэж бодож байна вэ?

-Хэд хүртэл бууруулж болох нь зээлийн хүү тогтоход нөлөөлж буй хүчин зүйлсийн алинд анхаарч ажиллахаас хамаарна. Өнөөдөр зээлийн хүүний түвшний 60 гаруй хувийг эх үүсвэрийн зардал, үлдсэн 40 хувийг банкны дотоод зардал, хууль журмын шаардлага биелүүлэхтэй холбоотой хүчин зүйлсийн зардал эзэлж байна.

40 хувь дээр анхааръя гэвэл банкны үйл ажиллагааны үр ашгийг нэмэх, шаардлагын хэмжээг бууруулах замаар эх үүсвэрийг эргэлдүүлэх гээд олон зүйл байж болно. Харин эх үүсвэр талдаа гэвэл шууд инфляци, төгрөгийн ханшны уналт орж ирэх болов уу.

2016 оны 8 сарын 1с 2020 оны 8 сарын 1-ны хооронд ам.доллар төгрөгийн ханш жилийн 9.3 хувьтай өссөн байна. Үүний шалтгааныг нэг зүйлээр биш, манай эдийн засгийн олон болохгүй байгаа зүйлээр л тайлбарлана. Ингэхээр хамгийн багатай ийм хадгаламжийн хүүтэй байж байж л төгрөг тогтоно. Энэ бүгдийг богино хугацаанд хийх боломжгүй. Тэгэхээр зах зээлийн ажиллаж буй механизмыг эвдэхгүй гэвэл зээлийн хүү ойрын хугацаанд хоёр оронтой тоонд л байх болов уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж