“Эцэг эхчүүд хүүхдийнхээ үйлдийг анхаарах хэрэгтэй” | News.MN

“Эцэг эхчүүд хүүхдийнхээ үйлдийг анхаарах хэрэгтэй”

“Эцэг эхчүүд хүүхдийнхээ үйлдийг анхаарах хэрэгтэй”

“Эцэг эхчүүд хүүхдийнхээ үйлдийг анхаарах хэрэгтэй”

Одоо цагт хүүхэд уйлагнаад, ээж ааваасаа салахгүй, гэрийн ажил хийлгэхгүй үед зурагт эсвэл гар утас үзүүлээд, хэдэн цагаар ч хамаагүй томоотой суулгах нь энгийн үзэгдэл болсон. Гэвч ингэж их зурагт үзэх нь хүүхдэд тун сөрөг нөлөөтэйг эрдэмтэн судлаачид анхааруулж, зөвлөсөөр буй.

Тэр тусмаа 0-2 насны хүүхдэд зурагт үзүүлэх нь маш аюултай гэсэн судалгаа ч байдаг. Дэлхий нийтээр хөл хорио тогтоож буй энэ үед “Таны хүүхэд гэртээ өдрийг хэрхэн өнгөрүүлж байна вэ”, “Хүүхдийнхээ нас, сэтгэн бодох чадвар, өсөлт хөгжилд нийцсэн телевизийн контет үзүүлдэг үү” гэсэн асуултад хариултад авахаар “Хүүхэд ба зурагт үзэлт” сэдвээр МУБИС-ийн Сэтгэл судлал, заах арга зүйн тэнхимийн доктор, дэд профессор Ц.Баярмаатай ярилцлаа.


Компьютер, гар утас хэтрүүлэн тоглох, зурагт үзэх нь хүүхдийн хэл ярианы хөгжилд сөрөг нөлөөтэйг судлаачид анхааруулдаг. Гэвч эцэг, эхчүүд энэ аюулаас хүүхдээ хамгаалж, төдийлөн анхаарал тавьж чадахгүй байна. Таны хувьд “Хүүхэд ба зурагт үзэлт” судалгаагаа хэрхэн хийх болсон тухайгаа ярихгүй юу?

-Хүүхдийн хүмүүжил төлөвшил, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн талаар эрдэмтэн судлаачид олон талаас нь өргөн хүрээнд судалсан байдаг. Мэдээж гэр бүлийн орчин болон үе тэнгийнхний нөлөө их байгаа хэдий ч өнөө үед мэдээллийн хэрэгслээр гарч байгаа нэвтрүүлэг, хүүхэлдэйн кино голлох байр суурийг эзэлж байгааг онцлон тэмдэглэсэн.

Мичиганы их сургуулийн судлаач Каула Боис, Брад Баштан нарын судалгаанд 2-5 насны хүүхэд долоо хоногт дунджаар 32 цаг хүүхэлдэйн кино үзэж байна гэсэн үзүүлэлт байдаг. Гэтэл Монгол Улсад “Максима Консалтинг” судалгааны компанийн 2018 оны Телевиз үзэлтийн судалгааны мэдээллээр Улаанбаатар хотод нэг хүүхэд өдөрт дунджаар гурван цаг 16 минутыг зурагтын өмнө өнгөрүүлж байна гэсэн судалгааны дүн гарсан байдаг.

Тиймээс энэ судалгаанд үндэслэн дүн шинжилгээ хийх, ажиглалт, ярилцлагын аргыг ашиглан судалгаагаа хийсэн. Ингэхдээ сургуулийн өмнөх ба сургуулийн бага насны хүүхдүүд зурагтын өмнө өнгөрөөх  хугацааг он оноор харьцуулж, телевизийн сувгаар гарч байгаа гадаад ба дотоод контентын эзлэх хувийг гарган, хүүхдийн зан үйл, хүмүүжилд нөлөөлж буй байдлыг ажиглан, ярилцсан.

-Дэлхийн зарим улсад 0-3 насны хүүхдэд огт зурагт үзүүлэхгүй байх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлдэг юм билээ. Ер нь хүүхэд дунджаар хэдэн минут гар утас, зурагт, компьютер үзэх ёстой юм бэ?

– Хүүхдийн зурагт болон утас, таблет үзэх цагийг дараах байдлаар тогтоосон байдаг.

  • 0-3 настай хүүхдэд зурагт, утас үзүүлэхээс аль болох зайлсхий
  • 4 настай хүүхэд өдөрт 15-20 минут
  • 5 настай хүүхэд 35-40 минут
  • 6-7 настай хүүхэд өдөрт 15 минутаас нэг цаг хүртэл гэж тогтоосон. “Максима консалтинг” сургалт, судалгааны компаниас судлаачийн хүсэлтээр сургуулийн өмнөх ба сургуулийн бага насны хүүхдийн зурагтийн өмнө өнгөрөөж байгаа цагийг ойролцоогоор авч үзсэн.

 Зурагт үзэж байгаа нас ба хугацаа

        Нас 

4-5нас

 

6-11нас

Он
 2016157 мин175 мин
2017145 мин187 мин
2018191 мин204 мин
2019203 мин249 мин

Хүүхдийн зурагтын өмнө өнгөрөөж байгаа цаг тогтоосон баримжаат хугацаанаас их байгаа нь харагдаж байна.

-Сүүлийн жилүүдэд телевизүүдээр цуврал хүүхэлдэйн кино ихээр гарах болсон. Судалгаагаар хүүхдэд зориулсан контент хэр нэмэгдсэн байна вэ?

-Миний  хувьд судалгаандаа  2016, 2017, 2018, 2019 оны “Максима Консалтинг” судалгааны компанийн хийсэн телевиз үзэлтийн тайлан,  мэдээллийг хянан бүртгэх бүртгэлийн баазад суурилсан гэдгийг хэлье. Хүүхдэд зориулсан контент 2016 оны долдугаар сараас 2017 оны зургадугаар сар хүртэл нийт гарч байгаа нэвтрүүлэгүүдийн 6.2 хувийг эзэлж байсан. Гэтэл 2018 оны долдугаар сараас 2019 оны зургадугаарр сар хүртэл энэ хувь 6.9 хувь болж өссөн байсан.

Эндээс харахад, монголын телевизүүд хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, контентын эзлэх хувийг нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллаж байгаа ч  агуулгын хувьд тийм ч хангалттай биш байна. Өөрөөр хэлбэл, хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшилд нийцэхгүй байна гэсэн үг. Жишээлбэл, “Пороро”, “Тобот”, “Монкарт” зэрэг гадаадын  олон ангит хүүхэлдэйн киноны эзлэх хувь 2016 онд 44.16 хувь, 2017 онд 54.60 хувь, 2019 онд 59.01 хувь болж жил ирэх ирэх тусам нэмэгдэж байна.

Нэг талаасаа дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн алхах, гадаад хэл сурах, зарим талаараа хүмүүсийн харилцааны талаар ойлголттой болж байгаа мэт. Нөгөө талаасаа гадаадыг шүтэх, монголын зан заншил,өв соёл, монгол эх орноороо бахархах, монгол хүмүүсийн хоорондын харилцаа, хүмүүжлийн тал дээр сөрөг нөлөөлөл үзүүлж болох юм.

Телевизүүд хүүхдэд зориулсан  нэвтрүүлгээ нэмэгдүүлэхийн тулд гадаадаас шууд хүүхэлдэйн кино орчуулан хүргэж байгаа байдал 2016-2017 онд 64.1 хувь,  2017-2018 онд 68.2 хувь, 2018-2019 онд 73.7 хувь болж нэмэгдсэн байсан. Хүүхдэд зориулсан контент жил ирэх тусам тооны хувьд ихэсч байгаа хэдий ч агуулгын хувьд хүүхэлдэйн олон ангит кино ихэссэн байгааг харж болно.

-Зарим хүүхдүүд хэлд анх орохдоо телевизийн реклам, гадаад хүүхэлдэйн киноны баатрын нэр хэлэх нь бий. Хүссэн хүсээгүй хүүхдүүдийн хөгжилд нөлөөлж байна шүү дээ?

-Сэтгэл судлалд тодорхой цаг хугацаанд, дарааллын дагуу үзүүлж байгаа үйлдэл хүнд хоногшин үлддэг. Ийнхүү хоногшин үлдсэн үйлдэл нь гаргаж байгаа зан үйлдэл, үг ярианд илэрдэг гэж тайлбарласан байдаг. Иймээс бид цаашдаа  өдөр тутам зурагтаар гарч байгаа нэвтрүүлэгүүдийг бага насны хүүхэд үзснээр ямар хүмүүжил, ямар зан чанар, дадал чадварыг суулгаж байгаад бид анхааран нарийвчилан судлах үе нь иржээ.

Гадаадын олон ангит хүүхэлдэйн кино телевизүүдээр монгол орчуулгатайгаар ямар нэг хяналт, шалгуургүйгээр гаргаж байгаа нь хүүхдийн төлөвшилд их сөргөөр нөлөөлж байна. Зарим нэг  гадаадын олон ангит хүүхэлдэй кино нь хүүхдийн зан төлөв, харилцаа, амьдралын асуудалд эерэгээр хандаж хэрхэн шийдвэрлэхийг тусгаж өгдөг ч монголын соёл өв уламжлал, зан заншил, эх оронч үзлийг багасгаж байгаа нь ажиглалт судалгааны явцад  харагдсан. Үнэн хэрэгтээ хүүхэд тэр олон ангит хүүхэлдэйн киноноос юу сурч байна вэ.

Хүүхдүүд гадаа тоглохдоо хүүхэлдэйн киноны баатруудад хувилж тоглох, тэдний үг хэллэгийг дуурайн хэлэх, хэрэв өөр хүүхэд тухайн хүүхэлдэйн киног үзээгүй бол хэрхэн ямар үйлдэл гаргадгийг болон үг хэллэгийг заан өгч байгаа байдал ихээхэн ажиглагдсан. Хүүхэд сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлж байгаа байдалд хүүхэлдэйн киноны баатруудын үг хэллэг, үйл хөдлөлийн дуурайж байсан.

 -Эцэг эхчүүдэд хандаж ямар зөвлөгөөг өгөх вэ?

-Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний нэгдүгээрт, эцэг эхчүүд хандлагаа өөрчлөх нь маш чухал. Гэр бүлийн харилцааны үнэ цэнийг мэдэрч байж, хүүхдэдээ анхаарал тавих нь нэмэгдэнэ. Эцэг эхчүүд хүүхдэдээ цаг зав гаргаж байна гээд хичээлийг нь хийлгэж, загнахыг хэлэхгүй. Хамт тоглож байна гээд үймүүлж, уйлалдахыг хэлэхгүй. Зүгээр л хүүхдээ сонс. Таны хүүхэд ямар үед ямар үйлдэл гаргаж байгаа ажиглаж, анхаарах хэрэгтэй.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж