Ардчилсан намын гишүүн М.Чимэддоржтой ярилцлаа. Тэрбээр намын даргад өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдээд байгаа. Түүнтэй АН-ын шинэчлэлийн талаар яриа өрнүүллээ.
-Хоёр ч сонгуульд дараалан ялагдчихсан учраас АН-ын гишүүд бүх шатандаа яагаад ялагдав гэдгийг дор бүрнээ бодож, ярьж байна. Таны хувьд ямар дүгнэлт хийж байна вэ?
-Энэ удаагийн ялагдалд хэд хэдэн зүйл нөлөөлсөн гэж хувьдаа дүгнэж байгаа. АН-ын өмнөх удирдлагууд ялангуяа парламентад АН-ыг төлөөлж байсан хүмүүс намынхаа үнэт зүйлсээс хэдэнтээ ухарсан нь нийгмийн итгэлийг алдах суурь хүчин зүйл болсон. Тодруулж хэлбэл, хүний эрхийг хамгаалах чиглэлд мөн Үндсэн хуулийн суурь зарчмуудыг хангахад тэд АН-ын байр суурийг бүрэн дүүрэн илэрхийлж чадаагүй. Дараагийн шалтгаан нь УИХ-ын сонгуульд манай намын нэр дэвшүүлэлтийн үйл явц нийгэмд үнэхээр таалагдаагүй. Үндсэндээ ардчиллын суурь зарчмуудад үл нийцэх мөнгөний шалгуур тавьсан. Нэр дэвшигч бүрт 100 сая болон 60 сая төгрөгийн босго тавьсан нь шударга ёсонд нийцэхгүй. Мөн АН-ын гишүүнээр дөнгөж элссэн хүнийг сонгуульд нэр дэвшүүлсэн нь АН-ын дотоод засаглал хуурмаг байсныг төдий хэрээр тод харуулсан. Гуравдугаарт, сонгууль шударга явагдсан уу гэдэгт АН-аас үл хамаарах асуудал яригдана. Аливаа ардчилсан сонгууль наад зах нь хоёр шалгуурыг хангасан байх ёстой. Нэгдүгээрт, сонгууль чөлөөтэй явагдах зарчмыг 2020 оны УИХ-ын сонгуулиар зөрчсөн. Сонгуулийн сурталчилгааны үеэр хэчнээн нэр дэвшигч баривчлагдав гэдгийг бүгд мэдэж байгаа. Энэ бол чөлөөт бус сонгууль болсны зөвхөн нүдэнд харагдсан ил хэлбэр нь. Гэтэл цаана нь чөлөөт сонголтыг үгүйсгэсэн үйлдэл яаж явагдсаныг хэн ч хэлж мэдэхгүй. Ардчилсан сонгуулийг хангах хоёр дахь зарчим болох шударга, тэгш өрсөлдөх боломж мөн энэ удаагийн сонгуульд хангагдаагүй. МАН-аас бусад улс төрийн намууд тэгш мэдээллээр хангагдаагүй. Нэр дэвшигчдэд сонгогчдынхоо нэрсийн жагсаалттай танилцах боломж олгоогүй гэсэн үг.
Сонгууль шударга болсон эсэхийг зөвхөн хар машины тооллогыг гараар тоолох байдлаар шийдэж байгаа боловч энэ нь сонгууль шударга болсон эсэхэд бүрэн дүүрэн хариулт өгөх угаасаа боломжгүй.
Бүртгэлийн байгууллага сонгогчдын нэрсийн жагсаалт, мөн шилжилт хөдөлгөөнийг ил тод байлгах энэ шалгуураа хангаагүй. Үүнээс гадна сонгуулиар анхаарал татсан нэг зүйл бол сонгуулийн сурталчилгааны туршид цагдаа, хүчний байгууллагууд илт нэг талыг барьж ажилласан нь ардчилсан сонгуулийн эсрэг үйлдэл байлаа. Цаашид Монгол Улсад чөлөөт, шударга ардчилсан сонгууль болно гэхэд маш том эргэлзээ дагуулж байна. Сонгуульд ялагдсан дөрөв дахь шалтгааныг АН-ын дотоод эв нэгдэлтэй холбоно. Намын шийдвэр гаргах түвшнийхэн гишүүдийнхээ эв нэгдлийг хангах чиглэлд маш сул ажилласан.Ийм дөрвөн шалтгаан АН-ыг ялагдалд хүргэсэн гэж боддог.
-АН-ын удирдлагууд намынхаа үнэт зүйлээсээ ухарсан гэж юуг хэлж байгаагаа тодруулахгүй юу?
-Хамгийн эхний үйл явц нь УИХ дахь АН бүлэггүй болсон. Бүлэггүй болсноор УИХ-аар хэлэлцсэн томоохон хуулиудад завсарлага авах боломжгүй буюу улс төрийн байр сууриа алдсан. Одоо ч гэсэн зарим хуулийг эргэж харахад оройтоогүй. Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулиар ҮАБЗ-ийн шийдвэрээр шүүгч нарыг чөлөөлдөг болох ийм хууль баталсан нь Монгол Улсад хүний эрхийн байдлыг доройтуулсан. Цаашид Монгол Улс бие даасан шүүхтэй байх уу, үгүй юу гэдгийн өмнө тулж ирээд байна. Энэ хуулийг засах тал дээр АН-аас сонгогдсон шинэ гишүүд хууль санаачлах ёстой. Ингэж байж ардчиллын үнэт зүйлсийг хамгаална. Гэтэл АН-ын өнгөрсөн парламентын гишүүд дорвитой ажиллаж чадаагүй. АН-ын байр сууриа алдсан дараагийн ухралт бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах үеэр АН-ын гишүүд чуулганы хуралдааныг хаяж гарсан явдал. Энэ бол үнэхээр байж боломгүй үйлдэл байсан.
Шулуухан хэлэхэд, АН-ын сонгогчдын урмыг хугалсан.
1992 оны шинэ Үндсэн хууль бол өнөөгийн АН-ыг үүсгэн байгуулсан улс төрийн хүчнүүдийн тэмцлийн үр дүнд бий болсон хүн төрөлхтний ололт, амжилтыг өөртөө шингээсэн баримт бичиг. Гэтэл өнгөрсөн дөрвөн жил Үндсэн хуулийн эсрэг магадгүй гаднын улсын оролцоотой ч байж болзошгүй хүчтэй дайралтууд гарч байхад яагаад Үндсэн хуулиа хамгаалаагүй вэ гэдэг том асуулт манай намд тавигдлаа. АН-ын тухайн үеийн удирдлагууд үнэт зүйлсээ хамгаалахад үүргээ гүйцэтгэж чадаагүй гэдэгт шүүмжлэлтэй хандаж байгаа.
-Өнөөдрийн нөхцөл байдлаас харахад, АН-ын хувьд хамгийн тулгамдсан хамгийн чухал асуудал нь юу байна вэ. Дүрмийн шинэчлэлт үү эсвэл даргын сунгаа юу?
-Бид хуулиар зохицуулагдаагүй харилцааг дүрмээрээ зохицуулах гэж оролдоод байгаа. Ардчилал хөгжиж, тогтсон бусад оронд намын дотоод засаглалыг Улс төрийн намын хуулиар нь зохицуулдаг. Тухайлбал, намын даргаа хэрхэн сонгох, нэр дэвшигчийг яаж тодруулах зэрэг намын дотоод бүх асуудал нь хуулиараа маш тодорхой. Ингэж байж тухайн намын дарга дураараа авирлахгүй гэсэн үг. Манайд эсрэгээрээ хуульгүй, тодорхой бус байх нь илүү ашигтай учраас Улс төрийн намын тухай хууль урагш явдаггүй. АН өнгөрсөн шинэчлэлтийнхээ хүрээнд хуулиар зохицуулах харилцаануудыг намын дүрмээр зохицуулах гэж оролдсон нь учир дутагдалтайг ойлголоо. Хуулиар зохицуулсан харилцаанд буруутай үйлдэл хийсэн этгээд ял шийтгэл хүлээдэг бол дүрмээр зохицуулагдахаар суларчихдаг. Улмаар дураараа авирлах боломжийг олгоод байгааг сонгуулийн хоёр ч ялагдлын дараа АН-ын гишүүд ухамсарласан байх. Шинээр хийгдэх дүрмийн шинэчлэлт 2016 оны өөрчлөлтөөс илүү чамбай болж дүрмээ дагаж мөрдөх тал дээр ахиц гарна гэж найдаж байгаа.
"НАМЫН ДАРГА ЭРХ МЭДЭЛТЭЙ БАЙДГИЙН ШАЛТГААН ДҮРЭМ НЬ СУЛ БАЙГААГИЙНХ"
-Бүх гишүүдээсээ намын даргаа сонгодог байх дүрмийн заалтаа эргэж харахаар болсон гэсэн үү?
-2016 оноос өмнөх найман жилийн алдаа, оноо дээрээ дүгнэлт гаргаад АН-ын даргыг нийт гишүүдээсээ сонгох нь зөв юм байна гээд дүрэмдээ өөрчлөлт оруулсан. Гэтэл энэ нь бас сонгодог хувилбар биш юм байна. Нөгөө талаасаа манай нийгэмд нийцэх цаг хугацаа нь биш байна. Манай улсын нэг иргэнд ногдох ДНБ маш бага. Дөнгөж 4000 ам.доллар байгаа нь мөнгөний хүчин зүйлст автах нь өндөр. Өнгөрсөн хугацаанд намын дотоод сонгуулиар мөнгө тараах явдал гарсан нь нууц биш.
Гэлээ гээд намын даргаа Их хурлаас сонгох нь зөв гэж үзэж болохгүй. Хэдий хэр цөөхөн хүн шийдвэр гаргана төдий хэрээр үндэсний олигархууд тэр намыг эзэлдэг гэдгийг ардчилал өндөр хөгжсөн орнууд баталчихсан. Тэгэхээр бид намын даргыг яаж тодруулах уу гэдэгт дундын хувилбарыг олох нь нэн тэргүүний зорилт болж байна.
Сонгуулийн хууль өөрчлөгдөхөөс өмнө 76 жижиг тойргийн хүрээнд АН дүрмээ хийчихсэн байтал Сонгуулийн хуулиар тойрог томсгож өөрчлөгдсөн нь дүрмийн заалтуудаа огт хэрэглээгүй. Энэ нь том алдаа болсныг эргэж харах шаардлагатай. Ер нь намын дарга эрх мэдэл өндөртэй байдгийн шалтгаан дүрэм нь сул байгаагийнх. Энэ тохиолдолд намын даргатайгаа ойр хүмүүс сонгуульд нэр дэвших эрхтэй болдог. Хэрэв намын дүрмээрээ нэр дэвшигчээ ингэж тодруулна гээд тодорхой заачихвал намын даргад хэн ч тал засах шаардлагагүй. Одоо үүнийг өөрчлөх ёстой. 2016 онд алдсан дөрөв дэх том алдаа бол бид намын дүрмээ шинэчлэхээс өмнө даргаа сонгосон явдал. Тиймээс энэ удаад дүрмээ шинэчлээд дараа нь намын даргаа тодруулъя гэдэг байр суурин дээр байгаа.
Хэрэв дүрэм шинэчлэхээс өмнө намын даргаа сонгочихвол дарга болсон хүн өөртөө ашигтай дүрмийг боловсруулна. 2016 онд яг л энэ жишгээр явсан С.Эрдэнэ дарга намын дарга болсныхоо дараа ажлын хэсгийн өмнө нь бэлтгэчихсэн байсан дүрмийн төслөөс шал өөр төслийг намын Их хурлаар батлуулсан. Өөрт нь ашигтай энэ дүрмээрээ АН-ын Хяналтын байгууллага, Үндсэн дүрмийн хороо, дотоод сонгуулийн хороонд өөрийнхөө хүмүүсийг бүрдүүлсэн нь хүссэн үедээ сонгуульт гишүүнийг огцруулдаг, хариуцлага тооцдог болсон. Цаашдаа энэ асуудлыг дүрмийнхээ хүрээнд анхаарч авч үзэх шаардлагатай.
-Уг нь шинэчлэлийнхээ дараа АН илүү хүчирхэг, хариуцлага хүлээх чадвартай институц болж чадна мэдэгдэж байсан. Ер нь энэ шинэчлэлд ололттой тал байгаагүй юм гэж үү?
-Бүх зүйлийг харлуулж болохгүй. Өнгөрсөн 2016-2020 оны хооронд АН-ын үзэл баримтлал маш тодорхой болсон. Өөрөөр хэлбэл АН улс төрийн үзэл баримтлалынхаа хувьд баруун төвийн, чөлөөт эдийн засгийг дэмждэг, хүний эрхийг дээдэлдэг, цомхон чадварлаг төрийг бий болгохын төлөө ажиллана гээд тодорхой болгочихсон.
"АН-ЫН ИРЭХ ШИНЭЧЛЭЛИЙН ХАМГИЙН ГОЛ ЗОРИЛГО СОНГОГЧДЫН ИТГЭЛИЙГ БУЦААЖ ОЛЖ АВАХ"
– АН хоёр дахь шинэчлэлтийн ажлаа юунаас эхлүүлэх гэж байна?
-Бидний хийх хамгийн эхний ажил бол ил тод байх. Зөвхөн гишүүддээ бус нийгэмд АН-ын бүх үйл ажиллагаа ил тод байж тэдний дэмжлэгийг авна, итгэл хүлээнэ. Саяны сонгуулиар нэр дэвшигчийн зардлын дээд хязгаарыг хуулиар тогтоосон боловч нэг нэр дэвшигч гэхэд дунджаар 2 тэрбум төгрөгийн зардал гаргасан судалгаа байна. Ийм өндөр сонгуулийн зардалтай байхад ардчилсан нам дахиад л энэ их хэмжээний сонгуулийн зардал гаргах хүмүүсийг нэр дэвшүүлүүлнэ гэвэл бид нар яагаад ч гаргаж чадахгүй. Тэгэхээр намын дүрмийнхээ дагуу зөв хүмүүсээ ингэж сонгоно, манай санхүүжилт ийм гээд бүгд ил тод байж чадсанаар бидэнд сонгогчид итгэнэ. Хэрэв нэг хэсэг нь мөнгө төлөөд сонгуульд нэр дэвшдэг энэ хэвээрээ байвал итгэлийг хэзээ ч олж чадахгүй. АН-ын ирэх шинэчлэлийн хамгийн гол зорилгыг сонгогчдын итгэлийг буцааж олж авахад чиглэгдэнэ гэж би хувьдаа харж байгаа. Энэ нь мэдээж амаргүй ажил. Бодит үнэн бол АН сонгогчдынхоо итгэлийг алдсан.
Итгэлийг буцааж олж авсны дараа тэр итгэлийг дааж чадах хүмүүсээ гаргаж ирэх нь бидний мөн том сорилт байх болно. Ингэж чадваас 2024 оноос АН улс төрийн тавцанд өөрийн байр сууриа буцаад олж авч чадна.
-Одоо дахиад шинэчлэлтийн дараа АН өөрчлөгдөж чадах уу гэсэн эргэлзээ, тээнэглэлзээ гишүүдийнх нь дунд байгаа. Шууд асуухад, энэ ялагдлын дараа АН өөрчлөгдөж чадах уу?
-Улс төрийн нам бэхжихэд тодорхой цаг хугацаа, замнал шаардлагатай юм байна. Өнгөрсөн хугацааны шинэчлэлт үзэл баримтлал талдаа сайн байсан гэж дүгнэж болно. Одоогийн шинэчлэлтээр дүрмийнхээ алдааг засна. Үнэхээр л шинэчлэгдэж, дүрэм журам нь сайжирсан бол нүүр царай нь өөрчлөгдөж л таараа. Дүрмээ тодорхой болгочихвол АН-ыг удирдаад аваад явж чадах хүмүүсээ сонгож чадна гэдэгт би хувьдаа итгэлтэй байгаа. “Шинэчлэгдлээ ч нөгөө л хүмүүс нь байна” гэдэг нийгмийн шүүмжлэл үнэний ортой. Миний хувьд өнгөрсөн удирдлагууддаа шүүмжлэлтэй ханддаг байсан хүний нэг. Гэхдээ тэднийг албан тушаалтай байхад нь. Одоо араас нь муулаад эсвэл өнгөрснийг шүүмжлээд байх нь тийм ч зохистой биш.
–АН дарга хайж байгаа. Залуучууд нь ахмадуудаа хүчтэй үгүйсгэх боллоо. Ер нь танай намд лидер байна уу?
-Улс орон манлайлагчаар дутсан гэж бодохгүй байна. АН-ын хувьд ч ялгаагүй. Улс төрийн амьдралд залуу хүн эрч хүчтэй, зоригтой гэдэг бол нөгөө талд нас ахих хэрээр туршлага сууж, алдаа, оноогоо цэгнэдэг гээд аль алинд нь авах тал байгаа. Гэхдээ насыг чухалчлах нь тийм ч зөв зүйл биш. Яагаад гэвэл улс төрийн институтийн шийдвэр залуучуудыг эсвэл ахмадуудыг төлөөлдөг байх ёсгүй. Монгол Улсын нийт хүн ам, бүрэн эрхт байдлыг баталгаажуулахын төлөө гол шийдвэрүүд гардаг. Энэ шийдвэр гаргалтад хөгшин, залуу хүн байх нь чухал биш. Гагцхүү тухайн шийдвэр нь зөв байх ёстой. Бүх насны төлөөлөл, давхарга эрх тэгш өрсөлдөх бололцоо нь хангагдаж байж жинхэнэ утгаараа төлөөлөл бүрдэнэ.
Лидерийн тухайд манайд арай өөр ойлголттой байгаад байх шиг.
Бусад ардчилсан оронд лидер гэж хэнийг хэлдэг вэ гэхээр аливааг санаачилдаг, түүндээ дэмжлэг авч чаддаг, хэрэгжүүлж үр дүн гаргадаг хүмүүсийг лидер гэж хэлдэг. Нэг л зүйл тодорхой байх ёстой. Эрх мэдлийг луйвардаж эсвэл мөнгөөр худалдаж авч болохгүй. Үүнийг баримталж, дотроос нь шигшигдсэн гарсан хүмүүсийг лидерүүд хэмээн хүлээн зөвшөөрөх ёстой.
"АРДЧИЛАЛ ХАМГИЙН ЭМЗЭГ ЦЭГ ДЭЭРЭЭ ИРЭЭД БАЙНА"
–Таныг хувьд АН-ын даргад өрсөлдөө мэдэгдсэн.Энэ мэдэгдлийн цаад үндсэн шалтгаан нь юу вэ?
-Улс төрийн намын институтийг толгойлох эсвэл улс төрийн намаас парламентын сонгуульд сонгогдох нь улс төрийн амьдралын нэг хэсэг нь болохоос биш зорьж буй эцсийн цэг нь байх ёсгүй. Миний туйлын зорилго АН-ын дарга болох биш. Гэхдээ яагаад АН-ын даргад өрсөлдөж болохгүй гэж. Нэг хэсэг нь намайг нэр хүндээ өсгөх гэсэн эсвэл намын дарга болох амбицтай гээд янз бүрээр л харж байгаа байх. Бодит байдалд Монголын ардчилал өнгөрсөн 30 жилд байгаагүй хамгийн эмзэг цэг дээр ирээд байна. Ардчилсан тогтолцоонд бодит аюул занал бий болчихсон энэ үед надад хойш суух эрх байхгүй. Одоо л өөрчлөхгүй бол хоёр жилийн дараа оройтсон байх болно.Таван жилийн дараа гэхэд бүр оройтно.
Ялангуяа Монгол хаашаа явж байгааг АН-ын гишүүд зөв үнэлж, дүгнэж байгаа бол түүнийгээ илэрхийлэх цаг нь болсон.
Нөгөөтэйгүүр Ардчилсан үзэл баримтлал, Үндсэн хуулийн суурь зарчмуудаа хамгаалах нь АН-ын хийх ёстой ажил. Үүний төлөө АН дуу хоолой нь болохгүй юм бол Монголын нийгэмд өөр тулгуур байхгүй. Үгүй бол бид дарангуйллын ангал руу шууд унана. Үүнийг зөвхөн улс төрийн намуудын үйл ажиллагаа гэж харахгүй байна. Томоор нь харвал манай иргэний нийгмийн байгууллагууд жинхэнээсээ иргэний нийгмийн байгууллага шиг ажилламаар байна. Тэгж байж бид хамтын хүчээр дарангуйллаас ангижирч чадна. Товчхондоо одоо л бид улс төрийн аргаар тэмцэл хийж чадахгүй юм бол таван жилийн дараа гэхэд эргэлт буцалгүй үйл явц болно. Тийм учраас л би АН-ын даргад өрсөлдөхөөр шийдсэн.
–Та АН-ын даргаар сонгогдвол ямар өөрчлөлт, шинэчлэлтийг хийх вэ?
-Хэрэв би АН-ын даргаар сонгогдвол хамгийн түрүүнд намын бүлгийн төвлөрч ажиллах шаардлагатай гол ажлуудыг зохион байгуулж ажиллана. Нэгдүгээрт, АТГ-ыг татан буулгана. Энэ байгууллага Монгол Улсад шударга ёсыг тогтооход хамгийн их гай болж байна. АТГ гүйцэтгэх эрх мэдлээс гадуур мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. АТГ гүйцэтгэх засаглалын ажлыг хийдэг байж болохгүй. Энэ байгууллага өөрөө авлигын үүр уурхай болж хувирсан. Дараа нь шүүх эрх мэдлийн бие даасан байдлыг баталгаажуулахгүй бол улам дордох нь Хууль хүчний байгууллагад төрийн эрх мэдлийн хамгийн эмзэг хэсэг нь хадгалагдаж байдаг.
-АН-ын дотоод хуваагдал, талцал нь ялагдалд хүргэсэн гэдэгтэй та санал нийлж байгаагаа дээр яриандаа хэллээ. Танай нам нэгдмэл, цул байж чаддаггүйд ямар шалтгаан байна вэ?
-Энэ нь өөрөө улс төрийн шинжлэх ухаанаас гадна нийгмийн шинжлэх ухаанд ч яригддаг асуудал. Яагаад зарим байгууллага эв нэгдэлтэй, зарим нь эв нэгдэлгүй байна вэ. Эв нэгдэлтэй байлаа гэхэд тэр нь жинхэнэ эв нэгдэл мөн үү, гаднаа эв нэгдэлтэй мэт харагдах боловч дотроо хуурмаг байх нь олонтой. Нийгмийн шинжлэх ухаанд итгэлцлийг бэхжүүлдэг чухал зүйл бол ойлголцол гэж үздэг. Итгэлцэл гэнэт бий болчихгүй. Ойлголцол дээрээ тулгуурлаж хамтын үйлдэл гаргаж тэр нь үнэн байснаар итгэлцэл бий болно. МАН гадна талаасаа эв нэгдэлтэй харагддаг боловч дотроо ойлголцол, итгэлцэл байна уу гэвэл өөр. Улс төрийн институтийн хувьд ойлголцол, итгэлцэл нь хууль ёсны байх тухай яригдана. Жишээ нь 60 тэрбумын үед МАН эв нэгдэлтэй байсан уу гэвэл эвтэй байсан. Гэхдээ энэ нь хууль ёсноос гадуурх эв нэгдэл байсан. Ийм эв нэгдэл хэрэггүй.
Бид асуудлаа ширээнд дээр гаргаж тавиад ойлголцох нь чухал байгаа нь үнэн. Ардчилсан зарчмаар асуудлаа шийдэхдээ олонх нь цөөнхийнхөө эрх ашгийг хөндөхгүй байхад аяндаа итгэлцэл бий болно.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр АН-ыг эв нэгдэлгүй гэж харагдуулах сонирхол хэсэг бүлэг субъектэд бий. Манай намынхан дотроо уулзаад суухад бие биедээ хатуу үг хэллээ ч ойлголцож чаддаг. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилийг эс тооцвол.
-Намаасаа явсан зарим хүнийг урьсан гэх мэдээлэл гарсан. Энэ хэр үнэний ортой вэ?
-Зарчим нь АН-ын үүд хаалга нээлттэй байх ёстой. АН-ын гишүүн байх үгүй эсэхийг тухайн хүн өөрөө шийддэг байх тэр тогтолцоог бий болгох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр улс төрийн намын дэмжлэг үзүүлэхгүй байх ёстой субъектүүд нь тодорхой байх. Улс төрийн намын сонгодог томьёоллоор “Нэг үзэл баримтлал, итгэл үнэмшлийн дор сайн дураараа эвлэлдэн нэгдсэн хүмүүс” тухайн үзэл баримтлалынхаа эсрэг улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаа хүнтэй нэг дээвэр дор байж болохгүй. Бусдаар бол нээлттэй гэсэн санаа.
Нөгөөтэйгүүр бид сэтгэлгээгээ өөрчилмөөр байна. Хэн эрх мэдэлтэй нь асуудлыг шийддэг мэт ойлгож түүнийг дагадаг хүмүүс бол улстөрч биш. Өөрийн гэсэн үзэл бодолтой, түүнийгээ хамгаалдаг хүмүүс улс төрд илүү их оролцоосой гэж би хувьдаа хүсдэг.
"ЭХЛЭЭД ХЭВЛЭЛЭЭР ЯЛЛААД ДАРАА НЬ ШҮҮХЭЭР ЯЛЛАДАГ БОЛЛОО"
-Танай намын цөөнгүй гишүүд ял эдэлж байна. Хүний эрхийг дээдэлдэг гэх тодотголтой АН-ын хувьд тэдний төлөө яагаад дуугархгүй байна гэсэн хүлээлт нийгэмд байгаа?
-Тэр хүмүүс хуулийн хариуцлага хүлээх ёстой, гэм буруутай тохиолдолд улс төрийн намын нэрийн дор хаацайлж өмгөөлөх нь мэдээж буруу. Гэхдээ өнөөдрийн цаг хугацаанд АН эрт дуугарах ёстой байсан. Харамсалтай нь дуугараагүй. Хамгийн эхэнд Н.Номтойбаярыг сонгуулийн сурталчилгааны үеэр нь баривчлахад АН мөн л дуугараагүй. Зарим хүн МАН-ынхан бие биеэ шоронд хийх нь бидэнд хамаагүй гэж бодсон байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид дуугарах ёстой байсан. Яагаад гэвэл ардчилсан Монгол Улсад чөлөөтсонгууль явуулахын эсрэг, СЕХ нэр дэвшигчээр бүртгэчихсэн байтал баривчлахыг нь зөвшөөрч болохгүй асуудал. Н.Номтойбаярын араас дуугараагүй атлаа дараа нь баривчлагдсан хүмүүсийг өмгөөлж, хаацайлж дуугарах нь нийгэмд итгэл үнэмшил төрүүлэхгүй. Манайх, танайх гэж асуудалд хандсантай агаар нэг болно.
Гэхдээ хараат бус шударга шүүх ажиллаж байгаа гэдэгт эргэлзэж байгаа. Шүүгчийг ҮАБЗ-ийн шийдвэрээр чөлөөлдөг болсон нь шүүх эрх мэдлийн бие даасан байдал алдагдсан. Тухайн хүнийг анх ямар хэргээр шалгасан түүгээр нь шалга л даа. Гэтэл эхлээд өөр хэргээр шалгаснаа тэр нь батлагдахгүй бол явцын дунд нь өөр хэргээр ял оноодог байж болохгүй. Энэ байдал сая ажиглагдсан.
Мөн тухайн үед нь хуулиар хориглоогүй байсан асуудалд өнөөдөр ял өгч болохгүй. Жишээ нь С.Баярцогтын тухайд улстөрчийнхөө хувьд буруу зүйл хийсэн. Оюутолгойн төслийн гэрээг байгуулагдах хугацаанд хувьцааг худалдан авч үнийг нь өсөхөөр буцааж зарсан нь улстөрчийн хувьд байж болохгүй зүйл. Гэхдээ тухайн үед манай улсад хуулиар хориглоогүй байсан. Хуулийг буцааж хэрэглэдэг байдлыг хүлээн зөвшөөрвөл магадгүй өнөөдөр гэмт хэрэг биш зүйлийг хэдэн жилийн дараа гэмт хэрэг гэж авч үзэхээр болж байна. Энэ нь хуульт ёсныхоо суурь зарчмын эсрэг үйлдэл.
Гуравдугаарт, аливаа гэмт хэрэгт хүнийг яллагдагчаар татахдаа хууль ёсны хүрээнд цуглуулсан нотлох баримтад үндэслэх ёстой. Эхлээд хэвлэлээр яллаад дараа нь шүүхээр ялладаг явдал манайд бүр ужиг болох нь. Шүүхээс буруутай гэж тогтоох хүртэл хэнийг ч гэмт хэрэгтэн гэж үзэхгүй гэдэг хуультай биз дээ. Гэтэл өнөөдөр эхлээд хэвлэлээр ялладаг болж хувирлаа.
-Та бүхэн намынхаа удирдлагуудтай уулзалдсан уу?
-Намын дүрмээр өмнөх удирдлагууд огцорсон. АН-ын хамгийн том байгууллага болох Их хурлаар дүрмээ өөрчилснөөр дараа дараагийн шинэчлэлүүд, ажлууд хийгдэнэ. Орон нутгийн сонгуулийн дараа Их хурал арваннэгдүгээр сарын 16-нд болно. Тэр хүртэл намын үйл ажиллагаанд өмнөх удирдлагуудыг бага оролцоосой гэж хүсч байна. Яагаад гэвэл шинэчлэлтийг хуучин хүмүүс хийдэггүй юм.
Хоёрдугаарт, АН-ын шинэчлэлийн үйл явц өрнөж байх хугацаанд эрх баригч намыг хуулийн хулгай хийлгүүлэхгүй байх тал дээр АН давхар ажиллана. Хуулийн хулгай хийдэг хүмүүс нь дахиад сонгогдчихсон учраас араар юу ч хийж мэднэ. Тиймээс АН хяналтаа сулруулахгүй. Ойрын хугацаанд УИХ-аар хэлэлцэх Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар эрх мэдлийг хэт төвлөрүүлж нутгийн өөрөө удирдах ёсыг устгах хуулийн төслийг оруулж ирлээ. Нутгийн өөрөө удирдах ёс алга болсноор 1990 оноос өмнөх нэг нам улс орныг бүхэлд нь удирддаг босоо тогтолцоонд буцаж очно гэсэн үг. Энэ хуулийг алдаа, завхралыг засуулах тал дээр УИХ дахь АН-ын бүлэг ажиллана.
-Сүүлийн асуултыг танд нээлттэй үлдээе?
-Манай нийгэмд үнэн гэж байхгүй болжээ. Хуурамч дүр эсгэдэг байдал нийгмийн бүх түвшинд байна. Иргэний нийгмийн байгууллагын нэр барьж яамдуудтай гэрээ байгуулаад явдаг хүмүүс дарангуйллыг бий болгоход хамгийн их хувь нэмэр болж байгаа. Хэвлэлийнхэн ч гэсэн үнэхээр л жинхэнэ хэвлэл мэдээллийн байгууллага мөн юм бол олсон баримт, фактаа ил тавиад нийгмийнхээ дэмжлэгийг авдаг байх хэрэгтэй. Эсрэгээрээ улстөрчдөөс мөнгө аваад тэдний эрх ашгийн талд донгоддог хэвлэл мэдээлэл бол өнөөдрийн авлигжсан тогтолцоог бэхжүүлэхэд мөн хамгийн том хувь нэмрээ оруулж байна. Хуурамч маскуудаа авч хаяж байж л нийгэмд эрүүл саруул дуу хоолой нь болж чадна.
Холбоотой мэдээ