Сурвалжлага: Хятад дэвтэр хямд, үзэг бал үнэтэй байна

Хуучирсан мэдээ: 2020.08.17-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Хятад дэвтэр хямд, үзэг бал үнэтэй байна

Сурвалжлага: Хятад дэвтэр хямд, үзэг бал үнэтэй байна

Дэлхийн 216 улсад тархаад буй  коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд Монгол Улс нэгдүгээр сараас эхлэн сургууль, цэцэрлэг, коллеж, их дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоосон билээ. Тэгвэл Улсын Онцгой комиссоос  есдүгээр  сарын 1-ний өдрөөс эхлэн боловсролын бүх шатны байгууллагын сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх  шийдвэрийг гаргасан. Ингэхдээ  нийслэлийн сургууль гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл, цахим хэлбэрээр орох юм.  Зуны амралтын гурван сартай нийлээд нийт найман сар гэртээ “хоригдсон” багачуудын хувьд хичээл орох нь яах аргагүй баярт мэдээ.  

Хичээлийн шинэ жил эхлэхэд ердөө 14 хоногийн хугацаа үлдсэн байна.  Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэл, хувцсыг бэлдэх гээд хаана л хямд үнэтэй бараа бүтээгдэхүүн байна, тэнд дугаарлах болжээ.  Ийн хичээлийн хэрэгслийн үнийн талаарх сурвалжлага бэлтгэхээр “Нарантуул” захыг зорьсон юм.  Захын гаднах сүүдрэвчинд жимс, жимсгэнэ, самар зарж зогсох хүмүүс худалдан авагчдыг урин дуудах нь “угтах үйлчилгээ” мэт.

Цааш зах руу орвол хүмүүсийн хөл хөдөлгөөн санасныг бодоход сийрэг байв. Захынхан гүйлгээ муутай байгаа бололтой орж ирсэн хүн болгоныг бараг л  тэврэх шахам угтан авч, бараагаа нэг бүрчлэн тайлбарлана.

Өнгөрсөн   жилийн өдийд хөл эргэх зайгүй хүмүүс бужигнаж байсан даа гэж бодсоор захын эхний эгнээнд байрлах  хичээлийн хэрэгсэл дэлгэн тавьсан лангууг зүглэв. 

Энд,

  • Монгол 12 хуудастай дэвтэр нэг ширхэг нь 250 төгрөг,
  • 24 хуудастай дэвтэр 400,
  • 32 хуудастай дэвтэр  500,
  • 48 хуудастай дэвтэр 650,
  • 60 хуудастай дэвтэр 750,
  • 96 хуудастай дэвтэр 1200 төгрөгөөр тус, тус зарагдаж байна.

Боодлоор нь буюу 25-30 ширхэгээр нь авбал дэвтэрийнхээ хуудаснаас хамааран 50-100 төгрөгөөр хямдрах аж. Харин  хятад дэвтэр 12 хуудастай нь 150, 24 хуудастай нь 340,32 хуудастай нь 440, 48 хуудастай нь 540, 60 хуудастай нь 640, 96 хуудастай нь 940 төгрөгөөр зарагдаж байна.  Үзэгний сав  гэхэд 2500-7000 төгрөгийн  хооронд байх бөгөөд өнгө, загвар, хэлбэр хийцийн хувьд янз бүр.  Үзгэн бал, тосон бал, баллуур гэх мэтчилэн жижиг хэрэгслүүдээс энгийн загвартайгаас илүү тод өнгө, янз бүрийн хэлбэртэй нь илүү сайн зарагддаг гэдгийг худалдагч онцолж байсан юм. Үнийн хувьд  баллуур 300-1000 төгрөг, хайч 1500-2000, үзгэн бал 300-1000, өнгийн цаас 800-1500,  өнгийн харандаа 1200-6400 төгрөг, баримлын шавар 2150-2600 төгрөг,  дэвтрийн гялгар хавтас бөөний үнээр 50 төгрөгөөр зарагдаж байна.

ТҮРЭЭСЭЭ ТӨЛӨХ НЬ БҮҮ ХЭЛ АМЬЖИРГААГАА ЗАЛГУУЛАХАД ХҮНД БАЙСАН ҮЕ БИЙ

Иргэдийн худалдан авалт хэр байгааг худалдагч эмэгтэйгээс  лавлахад “Өнгөрсөн жил гуравхан сар хичээл орсон болохоор хүүхдүүдийн хичээлийн хэрэгсэл нь  дуусаагүй байх. Учир нь хүмүүсийн худалдан авалт хэдэн дэвтэрнээс цаашлахгүй байна. Гэхдээ маш цөөхнөөр авч байна. Өмнө нь бол хичээлийн хэрэгслийг бөөнд нь бэлддэг байсан. Лангуун дээр монгол, хятад хоёр дэвтэр зэрэгцээд өрөөстэй байхад аль хямдханыг нь буюу хятад дэвтэр, хэдэн ширхэг үзгэн балтай авч байна.  Монгол дэвтэрээ авах гэхээр үнийг нь дийлэхгүй байна гэдэг.

Чиний өмнөхөн ирсэн эмэгтэй гурван  хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг 74 мянган төгрөгт бэлдсэн. Үүнээс 40 мянган төгрөгт дэвтэр, үлдсэнд нь жижиг сажиг зүйл авлаа. Бал гэхэд хүүхэд бүртээ нэг ширхэг бал, дунд нь нэг хайрцаг запас авах жишээтэй.

Энэ жилийн хувьд коронавирусийн улмаас эдийн засаг хямраад хаа, хаанаа л хэцүү байх шиг байна. Бидний хувьд ч ялгаагүй. Түрээсээ төлөх нь бүү хэл амьжиргаагаа залгуулахад хүнд байсан үе бий.  Өнгөрсөн тавдугаар сард хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгож эхэлснээр наймаа сэргэж  орлого гэх гавих зүйлгүй ч түрээсээ төлж дөнгөхтэй болсон” гэлээ.

 ТҮР ЛАНГУУНУУД ДЭВТЭРНИЙ ҮНЭ БУУЛГАЖ ЗАРААД БАЛ, ӨНГИЙН ХАРАНДАА ДЭЭР ҮНЭ НЭМЖ ЗАРДАГ

Цааш явбал дэвтэрний үнэ  бүр хямд байх аж. Тухайлбал, монгол 12 хуудастай дэвтэр 200, 24 хуудастай дэвтэр 350, 32 хуудастай дэвтэр 450, 48 хуудастай дэвтэр 550, 60 хуудастай дэвтэр 650, 96 хуудастай дэвтэр 1000 төгрөгөөр зарагдаж байна.

Лангууны худалдагчаас дэвтэрний үнэ хямдхан байгаа шалтгааныг асуухад  “Үйлчлүүлэгчдийг татах арга” хэмээн тайлбарлав. 

“Нарантуул” захад 4-5 лангуу жилийн дөрвөн улиралд тогтмол бичиг хэрэг зардаг бөгөөд тэд сезоны үеэ түр лангуунуудад алдсан гэдгээ ч учирласан юм. Тэдний төлөөлөл хэлэхдээ  “Би  эгчтэйгээ хамт бичиг хэрэг зараад дөрвөн жил болж байна. Наймаачдын хэлдгээр одоо бол сезоны үе. Гэтэл бусад лангуунууд сезоны  үед дэвтэр, бал зараад орлого хуваачхаад байх юм.

Ямар бал хамгийн нарийн гардаг вэ гэдгийг  мэдэхгүй өмд, цамц зардаг худалдагчид миний 1500 төгрөгөөр зардаг өнгийн харандааг 2000 төгрөгөөр зарах жишээний.

Хүмүүс жижиг барааны үнэ асуудаггүй. Байнга дэвтэрний үнэ асуудаг учраас тэрэн дээр нь “тоглолт” хийдэг. Тиймээс иргэд  дэвтэр ном гэлтгүй юм авахдаа  сайн явж судалж байж авах хэрэгтэй.  Зарим нэг овсгоотой хүмүүс үнийн судалгаа хийж харьцуулж байгаад  авдаг л юм. Гэхдээ тийм хүн ховор доо. Ихэнх хүмүүс захын хаалгаар орж ирээд эхний лангуунаас л юмнуудаа авч харагддаг” гэв.

Харин өөр нэг худалдагчийн хэлснээр “Сезоны үед гэнэт гарч ирсэн  худалдагч нар бидний зарж байгаа дэвтэрний үнийг 100-150 төгрөгөөр доош унагаад үзгэн бал, харандаа болон бусад туслах хэрэгслүүдийн үнийг нэмж зардаг. Тухайлбал, би 12 хуудастай монгол  дэвтэрийг нэг ширхэгийг нь 225 төгрөгөөр зарж байхад  тэд 180-200 төгрөгөөр зардаг. 24 хуудастай дэвтэрийг  400 төгрөгөөр зарж байхад тэд 300-340 төгрөгөөр зарж байна. Би энд  тогтмол бичиг хэрэг зардаг учраас байнгын үйлчлүүлэгчид бий. Тэглээ гээд түр гарч ирсэн лангуунууд шиг жижиг туслах хэрэгслүүд дээр үнэ нэмж зардаггүй ”гэлээ.

Худалдагчаа энэ цүнх хэд вэ, доош нь жоохон ярих уу?

Тэдэд ав. Хамгийн хямд өгч байна шүү. Түүнээс доош бууруулахгүй… гэх мэтчилэн худалдагч иргэд хоёрын хоорондох яриа ийнхүү эхэлнэ. Лангуун дээр өрөөстэй цүнхнүүд өнгө загвар, зориулалтын хувьд түмэн янз. Охин хүүхдийн цүнх мэдээж ягаан өнгө илүү давамгайлсан байх агаад “Disney” баатруудын зурагтай. Харин хөвгүүдийн цүнх хар хөх өнгөтэй, машины зурагтай байх нь түгээмэл. Үнийн хувьд загвар, цүнхний том жижгээс хамаараад 25000-45000 төгрөгийн хооронд байсан бол ахлах ангийн хүүхдүүдийн цүнх гэвэл арьсан үүргэвч давамгайлж, худалдаанд ихээр гарсан харагдана. Үнийн хувьд 50000 төгрөгөөс эхэлнэ. Ийнхүү “Нарантуул” захаар хийсэн жижиг хэмжээний судалгаа  маань өндөрлөхөд нар ч мөн адил буусан байлаа. Тэгсэн хэдий ч “Нарантуул” зах руу зүглэх хүмүүсийн цуваа тасрахгүй үргэлжилсээр л…

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж