“Тэр ард түмнээ хуурсан”

Хуучирсан мэдээ: 2016.01.25-нд нийтлэгдсэн

“Тэр ард түмнээ хуурсан”

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоолын төслийг хэлэлцээд 100 хувийн саналаар дэмжжээ. Мөн УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын даргын ёс зүйд баймгүй үйлдэл гаргаж, хууль зөрчсөн хэмээн үзэж сайн дураараа албан тушаалаасаа огцрох ёстой гэсэн шаардлагыг тус бүлэг хүргүүлэхээр болсон аж. Энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: МАН-ын бүлэг 100 хувийн саналаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжинэ. Учир нь ард түмнийг хуурсан Ерөнхий сайд. Нэг ч төгрөгийн татвар нэмэхгүй гэсэн. Гэтэл татварын үнийг нэмсэн. Шатахууны үнэ буух боломжтой байсан ч Гаалийн татвар, ОАТ-ыг тус бүр нэмээд шатахууны үнийг бууруулах боломжгүй болгосон. Мөн 1 тэрбум төгрөгийн мах экспортолно гээд одоог хүртэл хэрэгжүүлээгүй. Иргэд, малчид хүлээлттэй байна. Хүүхдийн мөнгийг олгох асуудлыг 6 тэрбум төгрөг зарцуулан өрхийн судалгаа явуулсан. Эцэст нь 300 мянган хүүхдийн мөнгийг олгохгүй шийдвэр гаргаж ард иргэдийг бухимдуулсан. Эдийн засгийн өсөлт 2 хувь болж буурлаа. Валютын ханш түүхэндээ байхгүй рекорд тогтоож төгрөгийн ханшийг сулрууллаа. Улсын төсөвт гурван удаа тодотгол хийсэн зэрэг олон асуудлыг хөндөж болно. Өмнө нь өр зээл тавьсан байгаа. Гэтэл Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барих үед дахиад 850 сая ам.долларыг зээлэхээр хөөцөлдөж байсныг мэдлээ. Үнэхээр улс орноо өрийн ангалд живүүлж байна. Үндсэн хуулийн цэц нь авлига авдаг сайд нь өрөөндөө авлига авдаг болж байна. Ийм байгаа учраас Ерөнхий сайдыг огцруулах ёстой гэж үзлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа: УИХ-ын дарга хуралдаан удирдах үеэрээ хэтэрхий дарангуйлж ханддаг. УИХ-ын даргын ёс зүйд баймгүй үйлдлийг гаргаж байгаа. Жишээ нь, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын ирц бүрдэхгүй болонгуут онгоцон дотор явсан хүнийг тус байнгын хорооны гишүүнээс чөлөөлж, өөр гишүүнийг томилуулсан хууль бус үйлдэл хийсэн. Тавантолгойн асуудлыг өнөөдрийг хүртэл гацааж байгаа. Ипотекийн зээлийг Монголбанкны ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нэрийн өмнөөс ярьж, банкны хүү тогтоох тухай асуудлыг өөрөө хийж байгаа мэтээр олон түмэнд харуулж байна. Энэ бүхэн хэт дураараа авирлаж байгаа асуудал юм. УИХ-ын дарга эрх хэмжээнийхээ хүрээнд УИХ болоод бусад хуульд захирагдаж үйл ажиллагаа явуулах ёстой. Ингэж ажиллахдаа УИХ-д сонгогдсон гишүүдийн нам, эвслийг ялгаварлан гадуурхаж харьцах ёсгүй. Тийм учраас УИХ-ын даргын авир хэрээс хэтэрч байна гэж үзээд сайн дураараа албан тушаалаасаа огцрох шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлэхээр шийдсэн. Үүнийг энэ долоо хоногт багтааж УИХ-ын даргад хүргүүлнэ.

УИХ-дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр: Хүн амын 45 хувь буюу 1.4 сая иргэн Улаанбаатар хотод амьдарч байна. Тэдний төлөөлөл чамлалттай байна гэсэн асуудлыг УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй Ардчилсан намын гишүүд ярьж байгаа. Энэнтэй холбогдуулж зарим гишүүн санал гаргаж байгаа. Жагсаалтаар сонгогдсон гишүүдийн үндсэн ажил үүргийн хуваарь нь хэдийгээр улс орны хэмжээнд гэж байгаа боловч нийт хүн амаа хэрхэн төлөөлж ажиллаж байна вэ гэдэг ойлгомжгүй байгаа учраас жагсаалтын 28-ыг Улаанбаатар хотоо хариуцдаг байхаар зохицуулж болох юм гэж үзсэн. Энэ саналыг бүлэг барина.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: Мандаттай холбоотой асудлаар МАН нийслэлийн хэмжээнд 1000 иргэнийг оролцуулсан судалгаа хийлгэсэн. Аймгийн мандатыг цөөлж нийслэлд нэмэх асуудлыг та дэмжих үү гэхэд оролцогчдын 43 хувь нь алслагдсан бүс нутаг эзгүйрч тэр хэрээр үндэсний тусгаар тогтнолд аюул занал учирна гэж үзсэн.

Харин 23 хувь нь “Хотын мандатыг нэмэх нь зөв, хүн олон суурьшсан” гэж үзсэн бол 20 орчим хувь нь мандатыг тоог Улаанбаатар хотод нэмбэл хүн амын хэт их төвлөрлийг дагаад сөрөг үр дагавар бий болно гэсэн хариулт өгсөн байгаа. Тийм болохоор мандатын тооны цаана зах хязгаараа эзгүйдүүлэх, тэдний төлөөллийг багасгах боомилох бодлого явж байна гэж иргэд ярьж байгаа учраас бид үүнд анхаарна.

-Та бүхэн шатахууны үнэ буух ёстой гэсэн байр суурь илэрхийлж байгаа. Хэдэн төгрөгөөр буух боломжтой гэж байгаа юм бэ. Засгийн газарт хамтарч байхдаа та бүхэн шатахууны үнийг буулгах талаар шаардлага тавьж байсан юм уу?

-Засгийн газарт Ардын намыг орох үед буюу 2014 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр Уул уурхайн сайд Р.Жигждэд бенизны үнэ буух ёстой шүү, буулгаж чадахгүй бол хариуцлага тооцно шүү гэдэг асуудлыг тавьж ирсэн. Энэнийхээ дагуу байнга шаардлага тавьж ирсэн. Буухгүй байсан учраас 2015 оны есдүгээр сард Ерөнхий сайдад асуулга тавьсан, тэрний дагуу өнгөрсөн баасан гаригт мэдээлэл сонссон. Дээрх хугацаанд алслагдсан аймгуудад шатахууны үнэ тодорхой хэмжээгээр буурсан, асуулга хэлэлцэх үед шатахууны үнэ 100 орчим төгрөгөөр буурсан. Гэхдээ энэ үр дүн хангалттай биш. Хэрвээ Засгийн газар Онцгой албан татвар, Гаалийн албан татварыг их хэмжээгээр нэмэгдүүлээгүй бол өнөөдөр бензины үнэ 1000 төгрөг болох бололцоотой байгаа.

Хэдийгээр нэмчихсэн байгаа ч гэсэн цаашид татвараа нэмэхгүйгээр Засгийн газар сайн ажиллаад ард иргэдийнхээ төлөө байх юм бол бензины үнэ 1660 төгрөгөөс хамгийн ихдээ 400, хамгийн багадаа 250 төгрөгөөр буурах бололцоо бүрдсэн. Арга ухаанаа олохгүй байгаа бол бид ингээд буулга гэдэг арга замыг зааж өгөөд өмнөөс нь ажлыг нь хийж өгнө.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж