Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Амарсайханаас дараах тодруулгыг хийлээ.
-Та нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчилснээр нийслэлд ямар өөрчлөлт авчрах боломжтой гэж харж байна вэ?
-Энэ хууль орон нутгийн хөгжилтэй шууд холбоотой. Хамгийн түрүүнд орон нутгийн удирдах байгууллагуудын үйл ажиллагаанд Засгийн газрын оролцоо ямар байх вэ гэдэг нь тодорхой болно. Хоёрдугаарт, ер нь орон нутгийн засаг захиргааны болон төрийн төв байгууллагуудын уялдаа холбоо, эрх мэдлийн зааг нь ямар байх вэ гэдгийг ойлгомжтойгоор хуульчлах юм. Гуравдугаарт, засаглал хоорондын харилцаа ямар байх, хэрхэн хэрэгжүүлэх талаар хуулийн төсөлд тусгасан. Эдгээрийг шинэчилснээр ажил, чиг үүрэг нь тодорхой болж, энэ хэрээр орон нутгийн нийгэм, эдийн засгийн асуудлуудыг дорвитой шийдвэрлэх, иргэдийнхээ оролцоог хангах, нутаг дэвсгэр дээрээ дэг журам тогтоохоос авхуулаад оршин суугчдын аюулгүй байдал, амьдрах орчин, хот төлөвлөлт, хог гээд олон ажлыг зохицуулахад хэн ямар үүрэгтэй оролцох вэ гэдгийг ойлгомжтой болгож чадна. Тиймээс энэ хуулийн төслийн агуулгыг өнгөц харж, илээд өнгөрч болохгүй. Тэр дундаа орон нутаг удирдаж байсан, аймаг, нийслэлийн Засаг дарга байсан гишүүд идэвхтэй ажиллах ёстой.
-Төвлөрлийг сааруулахад чиглэсэн ямар зохицуулалт тусгав?
-Эдийн засаг, нийгмийн харилцаа нь ямар байх вэ. Энэ асуултад бид хууль, тогтолцоо талаас нь хариулах гээд байдаг. Гэхдээ эдийн засгийн үр дагавар, иргэдийн амьдралд яаж нөлөөлөх вэ гэдэг үүднээс төвлөрлийг сааруулах талаар ярих ёстой. Ингэхийн тулд дүүрэг, нийслэл ямар эрх мэдэл, үүрэгтэй байх вэ гэдгийг ярих учиртай. Одоо бол сум, аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын эрх мэдэлд ямар ч ялгаа алга. Жишээ нь, Улаанбаатарт хамгийн хүндрэлтэй асуудлуудын нэг нь газар олгох. Гэтэл дүүргийн болон нийслэлийн Засаг даргаас гадна яам газар олгодог. Цаашлаад нийслэлийн Засаг даргын Тамгын газар хот төлөвлөлтийн нэг бодлоготой байхад дүүргийн удирдлага үүнээс нь эсрэгээр ажиллаж, газрыг давхцуулан өгдөг. Улмаар хот төлөвлөлт битгий хэл, хог цэвэрлэх болон тохижилтын ажлаа ч хийж чаддаггүй. Эндээс л төвлөрөл, ажилгүйдэл, ядуурал бий болдог. Тиймээс тухайн шатны Засаг дарга, ИТХ-ын эрх, үүргийг хязгаарлах талаар энд зайлшгүй хөндөгдөнө. Өмчөө захиран зарцуулах эрхтэй гэдэг ч Засаг даргын мэдлийн төсөв нь хүрэлцдэггүй, үнэт цаас гаргаж, санхүүгийн асуудлуудаа шийдвэрлэх эрхийг нь Төсвийн тухай хуулиар хориглочихсон. Энэ мэт олон асуудлыг уг хуульд тодорхой тусгаж, орон нутгийн шат шатанд эрх, үүргийнхээ хэмжээнд л ажиллах боломж бүрдэнэ.
Холбоотой мэдээ