Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Сумын эрүүл мэндийн төвд 37 настай эрэгтэй, тарвага агнаж идсэн өгүүлэмжтэй, халуурах, ханиалгах, цусаар бөөлжих, суганы булчирхай цочих шинж тэмдэг илэрч, эмчлэгдэж байгаа гэнэ. Өвчтөний биеийн байдал хүнд, нэгдүгээр хавьтлын 22 хүнийг хяналтад авсан. Мэргэжлийн эмч нарын баг голомтод ажиллаж байна гэдгийг албаныхан мэдээллээ.
Ард иргэдийг тарвага агнахгүй, үхсэн болон нохой зууж ирсэн тарваганд хүрэхгүй байхыг анхааруулж байна. Эрүүл мэндийн яамнаас өмнө нь Ховд аймгийн төвд 42 настай эрэгтэй гэртээ хоёр тарвага худалдаж аваад өвчсөний улмаас халдвар авч, тарваган тахлын булчирхайн хэлбэр болох үжлээр хүндэрч наймдугаар сарын 11-ний шөнө нас барсан харамсалтай хэрэг гарсан тухай мэдээлсэн. Мэргэжлийн байгууллагууд сэрэмжлүүлэг хүргэсээр байгаа ч энэ он гарсаар тарваган тахлын дөрвөн тохиолдол батлагдсаны хоёр нь энджээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ