УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй УИХ-аар хэлэлцэж буй эдийн засгийн болон уул уурхайн чухал сэдвүүдийг онцолж ярилцлаа.
-УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, уг ордыг гацаанаас гаргах асуудлыг хэлэлцэх байсан ч харамсалтай нь дахин завсарлага авч хойшлууллаа. Энэ ордыг явуулах сонирхол яагаад байхгүй байна вэ?
-Хүн бүхний хөндөж ярихгүй байгаа тэр өнцгөөс ярилцлагаа эхэлье гэж бодлоо. УИХ-д хууль байгаа учраас стратегийн гэж нэрлэгддэг ордуудыг татаж авч хэлэлцээд байгаа юм. Түүхийг харахаар, уул уурхайн аливаа нэг ордын асуудлыг хэлэлцэхээр дандаа улстөржилт гарсан байдаг. Эсвэл популистууд буюу хуурамч эх орончид төрөн гардаг. Ард түмнийг түүндээ татан оруулж байгаа. Бид тэгвэл яах ёстой вэ гэдэг асуулт эндээс урган гарна. Монгол Улсад гүйцэтгэх засаглал байгаа юм бол эдгээр ордуудыг Засгийн газрынхаа мэдэлд бүрэн өг. УИХ-аар уул уурхайн асуудлыг хэлэлцэхээ болъё. Засгийн газар нь хуулиа оруулж ирээд хэлэлцэг. Оюутолгой, Тавантолгой, Гацуурт зэрэг стратегийн ордуудыг янз янзын намуудаас бүрдсэн 76 хүн дунд оруулаад тавьчихаар өөрийн эрхгүй улстөржилт бий болгоод байгаа юм. Тэр 76 нь ард түмний сонголтоор суудаг. Нэг хэсэг нь сонгогчдоо таалагдах гэж оролддог, нөгөө хэсэг нь баатар болох гэж үздэг. Зарим нь оновчтой зүйл ярьдаг л байх. Гэхдээ мэргэжлийн хүмүүс ажиллах ёстой юм. Тооцоо судалгаа гаргадаг яамны мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтнууд, соёлын талаас нь судалгаа хийдэг хүмүүс бүгд Засгийн газрын харьяа агентлаг, яамдад байгаа. Засгийн газар өөрөө бие дааж хэлэлцээд шийдвэр гаргадаг эрхзүйн орчин нэн тэргүүнд үүсгэх хэрэгтэй болсон байна. Тэгэхгүй бол уул уурхайг тойрсон асуудлаас дандаа баатар төрнө. Байнга урвагчид гарч ирнэ. Тухайлбал, Гацууртын ордыг хэлэлцэх үеэр гар утас руу мессеж ирж байгаа. Ард түмнийхээ төлөө бай гэх мэтээр янз янзын байдлаар улс төр хийдэг. Гэтэл би хувьдаа мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт, эрдэм шинжилгээний судалгааны байгууллагын эрдэмтдийн хамтарсан шийдвэрийг чухалчилна. Гүйцэтгэх засаглалаас шийдвэр гаргаад судалгаа шинжилгээ хийлгээд болно гэж үзсэн бол явуулах л ёстой. Харин дараа нь асуудал үүсвэл болно, бүтнэ гэж шийдвэр гаргасан Ерөнхий сайдтайгаа УИХ хариуцлага ярих ёстой юм. Тухайн орд газрын үйл явц, хэдэн төгрөгийн ашиг олох, хажууд нь ямар булш бунхан байгаа вэ гэдэг нь Гүйцэтгэх засаглалын бүрэн мэдлийн асуудал. Энд улстөржилт хэрэггүй. Тэрнээс биш С.Дэмбэрэл энэ бүхнийг төгс мэдэхгүй шүү дээ. Би эндээс гарах арга замыг л хэлж байна. Аль ч улсын парламент “А” гэдэг обьектыг парламентаараа шийдээд байдаггүй. Шийдлээ гэхэд манайх шиг ийм улстөржилт гардаггүй. Уул уурхайн баялагт суурилсан эдийн засагтай улс орнуудад уул уурхайн тодорхой обьектийг УИХ-аараа яриад эхлэхээр дандаа улстөржилт бий болдог. Тэгэхээр нөгөө эдийн засгийн, соёлын асуудал нь бүдгэрдэг. Тэндээс популистууд төрж гардаг. Хуулиа л өөрчлөх ёстой юм.
-Засгийн газар дангаараа шийдээд явахаар биднээс асуусангүй гээд эргээд асуудал үүсгэж байгаа шүү дээ?
-Хуульдаа тийм байгаа юм. Хуулиа өөрчил гэж хэлээд байгаа нь ийм учиртай. Хуульдаа эдгээр ордуудыг стратегийн орд гэнэ. ДНБ-ий тэдэн хувийг эзэлж байна гээд тусгаад өгчихсөн. Хууль гэдэг мөнхийн юм биш. УИХ ард түмний төлөөллийн институци. Тэгэхээр тодорхой эдийн засгийн обьект эсвэл тогтвортой хөгжил талаас нь ярьвал эдийн засаг, байгаль орчин, соёл холилдсон иж бүрэн хандлагаар шинэчлэх ёстой асуудлыг хэлэлцээд байх мэргэжлийн институци биш. Мэргэжлийн байлаа гээд төгс мэдэх нь юу л бол. Цэвдэг судлалын асуудлаар доктор хамгаалсан хүмүүс байгаа л байх. Би тийм биш. Бизнесийн төслүүдийг Их хурал татаж авч хэлэлцдэг, түүнд нь улс төрийн өнгө аяс ордог асуудлыг үндсээрээ буруу гэж үздэг.
-Ерөнхий сайдыг огцруулах төсөл өргөн барьсан асуудал том ордын асуудлаас л бий боллоо. Улстөржилт үү, эсвэл тооцоо судалгаатай гэрээг дүгнэсэн болоод гишүүд ийм зүйл яриад байна уу?
-Засгийн газар тогтвортой ажиллах ёстой гэдэг байр суурийг би тодорхой илэрхийлсэн. Та тэр Оюутолгойн гэрээг бүрэн эхээр нь уншсан уу.
-Үгүй.
-Би ч гэсэн уншаагүй. Хоёулаа уншаагүй юм байна. Би хууль тогтоогч. Засгийн газар мэдээж бусад байгууллагын судалгааг аваад, өөрийн эрх мэдлийн хүрээнд гэрээ байгуулах эрхээ эдэлдэг. Тэд гэрээ байгуулах үндэслэл нотолгоогоо хэлнэ. Нөгөө талд огцруулна гэсэн хүмүүс өөрсдийн үндэслэл нотолгоог хэлнэ. Тэр дунд л УИХ-ын гишүүд аль нь илүү миний дотоод итгэл үнэмшилд нөлөөлж байна вэ гэдгийг хэлээд явна. Түүнээс биш их ажлын хажуугаар хэдэн зуун хуудас гэрээг унших сонирхол байхгүй. Шаардлагагүй гэж бодож байгаа. Мэргэжлийн хүмүүс хийдэг ажлаа хийг. Энд би улс төрийн шийдвэрийг гаргана. Улс төрийн шийдвэр гаргахдаа нухацтай хандана. Сайд болгоныг огцруулах нь утгагүй болсон гэсэн Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарчихсан байгаа. Эдийн засаг, нийгэм, соёлын асуудлаар Засгийн газрын төвшинд аль нэг яам, сайдын гаргасан шийдвэр болон яамдынхаа асуудлыг Ерөнхий сайд нь, аль нэг сайдыг огцруулна гэвэл УИХ ярина. Тийм учраас Оюутолгойн гэрээтэй холбоотой, огцруулах үндэслэлд байгаа 2037 он хүртэл ашиг авч чадахгүй байгаа асуудлыг бодитой, судалгаатай ярих ёстой юм. Дэлхий даяар мөрдөгдөж буй Тогтвортой уул уурхайн зарчим гэж байдаг. Тэр зарчимд тогтвортой хөгжил гэдэг нь өнөө болон ирээдүйн эрх ашгийн балансыг тогтвортой барих гээд тусгачихсан. Монгол Улсын эрдэс баялгийн талаар 2030 он хүртэл баримтлах бодлогын баримт бичиг баталсан. Тэгвэл 2037 онд ашиг авна гэж байгаа бол магадгүй өнөөдөр УИХ-аар хэлэлцэж буй Ирээдүйн тэтгэврийн нөөц сандаа хуримтлуулах юм байлгүй. Ирээдүй талдаа л мөнгө үлдээж байна гэсэн үг. Юуных нь буруу байгаа юм. Оруулж ирсэн үндэслэлээс би ийм дүгнэлт хийлээ. Би Оюутолгойг судалдаг хүн биш. Ер нь гэрээ бол хоёр талын эрх ашиг. Тиймдээ ч хоёр талын эрх ашгийг зөв хангаж уу гэдгийг ярих эрх нь Засгийн газарт бий. Шаардлагатай л бол УИХ руу татдаг шүү дээ. Огцруулах үндэслэлийг би улс төрийн алхам гэж харж байгаа.
-Та бид хоёрын ярианд дурьдагдсан Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн ач холбогдлыг манай уншигчдад тайлбарлаж өгөхгүй юу. Энэ санд мөнгө хуримтлуулснаар ипотекийн зээлийн санхүүжилтийг бий болгоно гэж яриад байгаа шүү дээ.
-Өнөөдөр явж байгаа бол та төлж байна гэсэн эв нэгдлийн зарчим буюу өнөөгийн бидний төлж байгаа мөнгө өнөөдөр тэтгэвэрт гарч байгаа хүмүүст зориулагдаад явж байгаа. Биднийг тэтгэвэрт гарах үед хуримтлал хэрэгтэй болно. Тиймээс хуримтлалын тогтолцоонд бүрэн буюу хэсэгчилсэн байдлаар шилжихийн тулд олон реформын арга хэмжээг хийх хэрэгтэй. Тэдгээрийн нэг нь энэ хууль. Арилжааны банкуудад Төв банк моргейжийн зээл олгох эрх олгож улмаар 70 гаруй мянган өрхөд найман хувийн хүүтэй зээл олгосон байгаа. Олон улсад хэрэгждэг моргейжийн тогтолцоог хөгжүүлж, институцийн хувьд Монголбанк, арилжааны банк, Сангийн яам, даатгалын компани, төр хувийн хэвшлийн оролцоотой байгуулагдсан МИК /Монголын ипотекийн корпораци/ оролцоод зээлдэгчийн болон зээлдүүлэгчийн талаас ашигтай байх тогтолцоог бий болгосон гэж үздэг. Цаашдаа олон янзаар энэ тогтолцоог хөгжүүлэх гэж байна. Бага, дунд орлоготой иргэдээ дэмжих түрээсийн орон сууцны үйлчилгээ явуулах гээд явж байгаа. Нөгөө талд дундаж болон дундаас дээш орлоготой иргэдээ дэмжихээр орон сууцны зээлээс наймаас тав болгож бууруулах тухай ярьж эхэллээ. Улстөржилт их байна. Хуулийг хэрэгжүүлэхэд Сангийн яам, Монголбанкны оролцоо ямар байх вэ гэдгийг цаашид яриад явна. Моргейжийн санхүүжилтийг хийхэд эрсдэл ямар байх, эрсдэлээс хамгаалах механизм юу байх гэсэн ерөнхий ойлголтуудаа шийдэх ёстой. Хууль батлагдсаны дараа Засгийн газар болон Төв банк хамтарч гаргах журамдаа миний ярьж байгаа болон иргэдийн санаа зовж байгаа олон асуудлыг тусгаад явах байх. Макро эдийн засгийн бодлого буюу Төсөв, Мөнгөний бодлого, Тэтгэврийн шинэчлэлийн бодлогын хүрээнд асуудлаа шийдээд явах болов уу.
-Ипотекийн зээлийг санхүүжүүлэхийн тулд Төв банк мөнгө хэвлэнэ гэсэн хардлага үгүй болох нь ээ дээ, хууль батлагдчихвал?
-Банк мөнгө хэвлэж болдоггүй юм уу. Их хэмжээгээр хэвлэнэ гэдэг мэдээлэл нь хаана байгаа юм. Үндэслэлтэй ярих ёстой. Гэхдээ Төв банк юуг хийж болохгүй вэ гэхээр, хэт их цаасан мөнгө хэвлэж, эдийн засагт эргэлдэж байгаа мөнгөний тоог хэмжээ, бараа үйлчилгээний тоо хэмжээ хоёр хоорондоо зөрсөн үед инфляцийг өдөөгч нэг хүчин зүйл болдог. Гэхдээ Монгол Улсын хуулиар Төв банк төгрөгийн тогтвортой байдал буюу инфляцийг нэг оронтой тоонд барих бодлогоо өөрөө хариуцдаг болсон.
-Зээлийн хүүг тав хүртэл бууруулах тухайд та хувьдаа ямар дүгнэлт хийж сууна?
-Болно. ДНБ гэж та бид ярьдаг. Монгол Улсын эдийн засаг тэдэн хувь өслөө. Аж үйлдвэр тэдэн хувийг хангалаа, нөгөөх нь ингэж буурлаа гэж ярьдаг. Энэ бол нэг нүд. Нөгөө нүд маань зардал, хэрэглээ талаас нь харах ёстой. Засгийн газрын хэрэглээ, хуримтлал, хөрөнгө оруулалт, экспорт, импорт нь ямар байгаа юм гэдгийг зайлшгүй хардаг хоёр дахь нүд байх ёстой юм. Эдийн засгийн өсөлт буурахад иргэдийн орлого буурч хэрэглээ хумигдана. Энэ үед хэрэглээ болон хуримтлалыг дэмжих хэрэгтэй. Хуримтлал гэдэг нь орон байр. Хуримтлалтай болгох бодлого хэрэгжүүлж ирсэн нь ипотекийн зээлээр орон сууцжуулах бодлого. Цаашлаад хүмүүсийг хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай болно. Тэгэхээр найман хувийн зээлийг тав болгож бууруулахаар гурван хувийн зөрүү нь тухайн өрхөд хэрэглээгээ нэмэгдүүлэх мөнгө болж очно. Хэрэглээ нэмэгдэхээр борлуулалт өснө. Ингэснээр эдийн засгийн идэвхжил хангагдах юм. Том дүр зургаар харах ёстой. 20 жилийн хүүтэй зээлийн жил болгон эдийн засагт орох мөнгөн дүнг харах нь бас чухал. Олон улсад амжилттай хэрэгжээд ирсэн тогтолцоо шүү дээ. Олон улсад эрсдэл нь юу байхыг тооцдог хэдэн үзүүлэлт байдаг юм байна. Тухайн авч байгаа зээл, байшингийн өртгийг харьцуулдаг. Өөрөөр хэлбэл, авч байгаа зээл болон иргэний орлогыг харьцуулна. Зээл авсан бол өр болно. Тэгвэл энэ хүн өрөө төлөх чадвар нь ямар байна гээд зээл ба өрийн харьцааг гаргадаг. Бүр нарийвчлаад зээлийн үйлчилгээ буюу зээлийн хүү, үндсэн өр хоёрын татварыг нь хасаад үндсэн орлоготой нь харьцуулдаг. Эдгээр ерөнхий гурван үзүүлэлт олон улсад чухал байдаг юм байна. Гэх мэтээр олон хүчин зүйл нөлөөлдөг. Ганц нэгхэн хууль гараад болчихгүй. Цаашдаа ипотекийн зээлийн эрхзүйн орчныг боловсронгуй болгох олон хууль журам батлагдана.
-Хүүг нь бууруулах гэхээс илүү барилгын хөөсөрсөн үнийг нь буулгах ёстой гэдэг л дээ?
-Барилгын үнэ ханшийг ярихын тулд хоёулаа дахиад л тоо ярина. Барилгын үнийн индексийг зарладаг болсон. Тэдэн хувийн өсөлттэй байна, цаашдаа ингэж буурна гэдгийг “Тэнхлэг зууч” компани Төв банкны захиалгаар хийдэг. Барилгын үнэ цаашдаа өсөхгүй гэдэг мэдээлэл өгч байна лээ. Харгалзах ёстой хүчин зүйл мөн үү гэвэл мөн. Одоо эдийн засгийн идэвхжил муутай учраас барилгын компаниуд үнээ өсгөхгүй. Моргейжийн зээлийн бодлого өөрөө барилгын компаниудаа дэмжсэн бодлого учраас эрэлт, нийлүүлэлтийн хэт зөрүү гараагүй тохиолдолд үнийг хэт өсгөхгүй нь тодорхой. Зарим нэг нийтлэлчид, улстөрчдийн ярьж бичээд байгаа шиг Төв банк мөнгө хэвлээд л шийдчихдэг, эсвэл үнэ хэт хөөсрөөд алга болдог юм биш. Аливаа зүйлийг судалгаа тооцоотой ярих ёстой. Тэр шийдвэр гарчихвал үнэ тэгж хөөсрөнө, мөнгө хэвлэнэ гэх мэтээр Ностердамс шиг яриад баймааргүй байгаа юм.
-Та нэр бүхий хэдэн гишүүдтэй хамтраад эдийн засгийн нөхцөл байдал, авах арга хэмжээ, шийдлийн талаар мэдээлэл хийдэг болсон. 2016 оны эхний улирлын эдийн засгийн нөхцөл байдал ямар байна. Ам.долларын ханш эрчимтэй өсч 2500-д хүрэх нь гэж дүгнээд эхэллээ?
-Улс төрийн намууд долоо хоног бүрийн даваа, лхагва гарагт мэдээлэл хийдэг. Тэгэхээр нь эдийн засгийн цаг хийе гэж бодсон. Ард иргэдэд хэвлэл мэдээллээр дамжуулж эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх зорилгоор УИХ-д суугаа эдийн засаг сонирхдог хэдэн нөхөдтэйгээ нийлж эхлүүлсэн юм. Анхны хурлаа хийчихсэн. Удахгүй дараагийн хурлаа хийнэ. Статистик мэдээлэл гарсны дараа дүгнэлт хийгээд, та бид хоёрын ярианд дурьдагдсан моргейжийн зээл, барилгын үнэ ханш, ам.долларын ханш гэх мэт анхаарал татсан сэдвүүдийг онцолж мэдээлнэ. 14 хоногт нэг удаа хийдэг болно. Одоо ам.долларын ханш 2010 төгрөгтэй тэнцэж байгаа. Энэ нь ханшийн нэрлэсэн өсөлт. Инфляци 2.9 байна. Хөдөлгөөнийг харж байдаг байгууллага байгаа л даа. Ханшийн өсөлт нь өөрөө дам яриа, хов живээс их шалтгаалдаг. Улстөрчдийн мэдэмхийрч хэлсэн дүгнэлтээс бий болсон буруу хүлээлтээс болж хөдөлдөг. Дээр нь тодорхой сезон буюу улирлын байдлаас болж хөдөлнө. Нөгөө талаар дамын тоглогчид их байдаг. Ганц “Найман шарга” ч биш. Хүмүүс өөрсдөө ямар зан үйл гаргах вэ гэдгээс их хамаардаг учраас валютын ханшийг тэд болно гэж Монголбанк хэлдэггүй. Хэдээр тооцсон юм гээд улстөрчид асуудаг даа. Гэхдээ яг тэд эд гэсэн хариултыг Төв банк өгдөггүй. Манайд гаднаас орж ирдэг хөрөнгө оруулалт алга байна. Цаашдаа жолоодлогоос гартлаа өсөхгүй. Төр гэж нэг юм байна. УИХ бас байгаа. Ханшийг тогтвортой байлгах талаар ганц Монголбанк ч ажиллах юм биш. СЗХ, Сангийн яам, Засгийн газар гээд олон байгууллагууд санал солилцоно.
-УИХ-аар баасан гарагт шатахууны үнийг бууруулах талаар мэдээлэл сонслоо. Үнэ бууруулах талаар та ямар байр суурьтай байна?
-Аливаа зах зээлд байгаа барааны үнэ хэд байхыг би хэлж чадахгүй. Бүгд нийлж байгаад зах зээлийн үнийг тодорхойлдог. Гурилын үнэ, бензиний үнийг харьцуулдаг. Тэдэн кг гурилын үнээр нэг литр бензин худалдаж авч байна. Тэгвэл шатахууны үнэ тэд байх ёстой гэж зүтгэдэг. Энэ бол эдийн засаг биш. Нефтийн зах зээлд хэт их зохицуулалтад байна уу гэдэг энгийн асуулт гарч ирэх ёстой. Бид онцгой албан татварыг бууруулж байсан бас нэмж байсан. Энэ зах зээлд чөлөөт өрсөлдөөн байна уу. Засгийн газар болон холбогдох яам үнэ тогтоож байна уу, тогтоосноор ямар ашигтай юм, төсөвт орох орлого нь хэд байх, валютын ханшийн нөлөөлөл, шатахуун импортлогч компаниудын оруулж ирж байгаа үнэ хэд байна гэх мэтээр эдгээрийн тооцоо, үндэслэл дээр ганцхан шийдвэр гаргах ёстой. Шатахууны зах зээлд аль болох олон нийлүүлэгч бий болго. Засгийн газар хүч түрж биш дэлхийн зах зээлд 28 ам.доллар болчихоод байхад танайх бууруулсан уу гэдэг өрсөлдөөнийг бий болгох ёстой. Чөлөөт өрсөлдөөн манайд дутагдаж байгаа. Гурил дээр ч ялгаагүй. Зах зээлийг чөлөөтэй тавиад өгөхөөр аль үйлчилгээ хэрэглэгчид тусч байгаа нь тодорхой болоод эхэлнэ. Мах, гурил, шатахуунд өрсөлдөөн л чухал байгаа юм. Засгийн газар үнэ тогтоож, өрсөлдөөнийг хязгаарлаад ирэхээр л хэрүүл маргаан гардаг гэдгийг намаржин болсон буудайны хэрүүлээс бид харсан.
-Засгийн газар бонд гаргах гэж байгаа юм байна. Дэмжиж байна уу?
-Зөв. Бонд гаргахаас өөр аргагүй. Дотооддоо бондыг богино болон урт хугацаатай гаргаж байгаа. Гэхдээ энэ нь хэт ихсээд байгаа юм. Гадаад зах зээлээс зээл авсан. Улс орон л юм чинь мөнгө босгох хэрэгтэй. Том том программуудаа хэрэгжүүлэх ёстой. Гаднаас хөрөнгө оруулалт татахаас өөр аргагүй. Өрөндөө дарагдаад байхгүйн тулд бодлогыг УИХ-аас батлаад өгчихсөн. Тиймээс хуулийн дагуу ажиллаж байгаа гэж ойлгож байна.
-Гэхдээ өмнөх бондуудынхаа хэрэгжилтийг хэлэлцэхгүй байна шүү дээ. Чингис бондын санхүүжилтэд шалгалт хийсэн дүнг хэлэлцэхгүй нэг жил гацаалаа?
-Эдийн засагт улс төр ороод ирэхээр л таг болдог юм. Хөгжлийн банк Засгийн газрын нэг институци. Хөгжлийн банкны асуудлыг УИХ-аар ярих ямар шаардлагатай байсан юм. Сангийн яамны харьяа, том төслүүдийг хэрэгжүүлэхээр байгуулсан газар. Хэт их улстөржилт ороод ирвэл унадаг. Засаг оролцохгүй, зах зээлийн зарчмаа дагаад, холбогдох хяналтыг Төв банк тавиад явдаг бол жамаараа л хөгжөөд явчихна. Ямар ч ажлын хэсэг, хяналт шалгалтын хэрэг байхгүй болно.
-Ярилцлагынхаа төгсгөлд улс төрийн ганц нэг асуулт асууя. ИЗНН-д МАХН нэгдэх санал ирүүлсэн үү?
-Нэгдэх биш. Та буруу ойлгосон байна. Бид нэгдэхгүй. Намын бүлгийн төвшинд танай хоёр хүнтэй хамтарч ажилламаар байна гэсэн. Миний хариулт маш энгийн. Бид өнөөдрийг хүртэл бүх бүлэгтээ хамтарч ажилласан. Зарим үед эвсэлд ороод ажиллаж байлаа. Заримдаа АН-тай хамтарч ажилладаг. Ардын намтай ч ялгаагүй. ИЗНН-ын хоёр гишүүний байр суурьтай тохирсон бодлого гаргаж ирсэн аль ч нам эвсэлтэй бид хамтраад л ажилладаг. Тэгэхээр сонгууль дөхөөд нэгдэж нийлэх гэсэн асуудал огт биш. Болж байсан процесс. Болсоор л байх болно.
-Тэгвэл АН-тай нэгдэх тухайд. Өнгөрсөн долоо хоногт товлосон ҮЗХ-ны хурлаар танайхтай нэгдэх тухай асуудлыг ярих байсан юм билээ?
-АН албан ёсоор манайд хандаагүй. Захидал занаа ирээгүй. Яриа хөөрөө өрнөсөн. Гэхдээ эцсийн эцэст манай намын шийдэх л асуудал. Бусад нам эвсэлтэй нэгдэх асуудлаар дүрмийн өөрчлөлт хийх байсан ч хурал нь хойшилсон юм билээ.
Б.ӨНӨРТОГТОХ
ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN
Холбоотой мэдээ