Дэлхийн даамын холбоо /FMJD-ноос цахим хэлбэрээр зохион байгуулсан “Үндэстнүүдийн цом” тэмцээний эмэгтэйчүүдийн аварга багаар Монгол охид тодорчээ. Бүтэн хоёр сар үргэлжилсэн тэмцээний финалын тоглолт өчигдөр /2020.08.15/ шөнө Монголын цагаар 23.00 цагт болж, өндөрлөжээ.
Тэмцээний эхний шатанд 11 орны эмэгтэйчүүд тойргийн журмаар тоглосон байна. Монгол Улсын тамирчид Голланд, Суринам, Эстони, Бразил, Беларусийг хожин, Латви, Израиль, БНХАУ-тай тэнцэн, ОХУ, Украинд дийлдэн хэсгээсээ дөрөвдүгээр байрт шалгарчээ.
Тэмцээний шийдвэрлэх мөчид Э.Хүслэн, Б.Мөнхжин нар ялалт байгуулснаар 4:4 оноогоор тэнцэж, улмаар хоёр тоглолтын нийлбэрээр 9:7-оор хожин, анхны тэмцээний аваргаар тодорчээ. Даамын хүчирхэг гүрнүүдийг ээлж дараалан хожсон Монголын багийн талаар даамын мэргэжилтнүүд “Хэдийгээр өсвөр, залуу насны ангиллын тамирчдаас бүрдсэн ч тэд энэ тэмцээний хамгийн жигд бүрэлдэхүүнтэй баг байлаа. Монголд даамын сургалт өндөр түвшинд хүрчээ” гэх зэргээр дүгнэснийг багш дасгалжуулагч нар нь дуулгалаа.
Дэлхийн даамын холбооны мастер /ДДХМ/ Э.Хүслэнгийн хувьд өнгөрөгч 2019 онд Турк улсад болж буй 100 буудалт даамын ДАШТ-ний охидын 11-13 насны ангилалд 15 оноо /6 хожиж, 3 тэнцсэн/-гоор Дэлхийн аварга болж байсан удаатай. Тэрбээр Монгол Улсаас 100 буудалт даамын үндсэн төрөлд Дэлхийн аварга цолыг хүртсэн гурав дахь тамирчин болж байв.

Харин Б.Мөнхжингийн хувьд 14 насандаа насанд хүрэгчдийн Улсын аварга болсон бөгөөд Өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальтай тамирчин юм. Түүий ирэх Б.Анужин нь мөн энэ тэмцээнд амжилттай оролцсон ажээ.
Монголын багийн бүрэлдэхүүн
1. Баярын МИШЭЭЛ – Олон улсын их мастер, FMJD чансаа 2070
2. Энхболдын ХҮСЛЭН – Дэлхийн даамын холбооны мастер, 2070
3. Ганбаагийн ХЭРЛЭНМӨРӨН – Дэлхийн даамын холбооны мастер, 2041
4. Мөнхбаатарын НЯМЖАРГАЛ – Олон улсын их мастер, 2023
5. Баатархүүгийн МӨНХЖИН – Дэлхийн даамын холбооны мастер, 2020
6. Норовсүрэнгийн ЛХАГВАДОЛГОР – Дэлхийн даамын холбооны дэд мастер, 2005
7. Батдэлгэрийн НАНДИНЦЭЦЭГ – Дэлхийн даамын холбооны мастер, 2001
8. Баатархүүгийн АНУЖИН – Спортын мастер, 1989
А.СҮРЭН
Холбоотой мэдээ