ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины орлого 1.1 сая рубль буюу 15 мянган ам.доллараар нэмэгдэж, жилийн нийт орлого нь 9.7 сая рубль буюу 133 мянган ам.доллар болжээ.
Мөн тэрбээр хоёр байртай, нэгэнд нь л байнгын оршин суудаг. ОХУ-д үйлдвэрлэсэн хоёр ГАЗ-М21, Лада Нива гэх гурван машинтай, мөн ОХУ-д үйлдвэрлэсэн нэг машины чиргүүлтэй гэнэ.
Путины мэдүүлснээр түүний бүх хөрөнгө ОХУ-д байдаг аж. 2015 онд тэрбээр өөрийнхөө цалингийн хэмжээг мэддэггүй, “Ямартай ч АНУ-ын Ерөнхийлөгчийн 400 мянган ам.долларын цалингаас бага. Тэд миний цалинг өгөхөөр нь би зүгээр л шууд хадгаламжиндаа хийчихдэг” хэмээн ярьж байсан юм.
Хэдий ийнхүү мэдүүлсэн ч зарим эх сурвалжууд Путины цалинг бодож байснаас хамаагүй илүү, нийт хөрөнгө нь тэрбумаар тоологдоно хэмээдэг билээ. Жишээ нь 2017 онд Кремлийг шүүмжлэгч Билл Броудер Ерөнхийлөгчийн хөрөнгийг 200 тэрбум ам.доллартай дүйнэ хэмээн мэдээлж байсан юм. Броудер бол санхүүгийн байгууллагын менежер бөгөөд татвар төлөхөөс зайлсхийн АНУ-ын иргэншлээс татгалзсан нэгэн юм. Түүнээс гадна Броудерийг ОХУ-ын талаас татвараас зайлсхийсэн, хүний амь хөнөөсөн гэх мэт маш олон гэмт хэргээр эрэн сурвалжилдаг аж. Харин нөгөө талаас ОХУ-ын ажиглагчид Ерөнхийлөгч Путины хөрөнгө тийм ч их биш гэдэгт итгэдэг юм. Жишээ нь 2016 онд Леонид Бершидски Блумберг агентлагт Путиныг сүмийн хулгана шиг л ядуу хэмээн ярьж байсан юм.
Харин ОХУ-ын Ерөнхий сайд Михайл Мишустин орлогоо 18.2 сая рубль буюу 250 мянган ам.доллар хэмээн мэдүүлсэн байна. 2019 онд тэрбээр улсын татварын газрын дарга байж байгаад 2020 оны эхээр Ерөнхий сайд болсон билээ. Харин хуучин Ерөнхий сайд буюу Ерөнхийлөгч асан Дмитри Медведев орлогоо 11 сая рублиэс илүү хэмээсэн бол Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитри Песковын орлого 14.6 сая рубль гэнэ. Харин Песковын эхнэр Татиана Навка 235.9 сая рублиэс илүү орлоготой аж.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ