NEWS агентлаг өнгөрч буй долоо хоногт Монголын улс төр, спорт, нийгмийн амьдралд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймолж байна.
УИХ-ын сонгуульд МАН дахин ялалт байгуулж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраа үргэлжлүүлэн удирдаж буй ч төрийн эрх мэдэл өөр улс төрийн хүчинд шилжсэн мэт томилгоог үргэлжлүүлэн хийсээр байна. Тухайлбал, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгон шалгаруулалтаар томилох ёстой ч Цар тахлын хуулиар далимдуулан, шууд томилгоо хийж буй юм.
Мөн агентлагийн газрын дарга нарын томилгоог ч ханцуй дотор хийсэн “панз” шиг чимээгүйхэн үргэлжлүүлсээр…
Засгийн газар өнгөрсөн лхагва /2020.08.12/ гаригийн хуралдаанаараа Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд даргаар П.Одонбаатарыг томиллоо.
- Пэлжээгийн Одонбаатар нь 1974 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. Цэргийн байгууллагад нийт 25 жил ажилласан, цэргийн хурандаа цолтой юм байна.
- Мэргэжил нь тодорхой бус. Тэрбээр 1996-1999 онд Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч,
- 1999-2001 онд Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст мөрдөн байцаагч,
- 2001-2015 онд Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, хэлтсийн орлогч дарга, хэлтсийн дарга,
- 2018-2019 онд Тагнуулын ерөнхий газрын албаны дарга,
- 2019 оноос Тагнуулын ерөнхий газрын Орон нутгийн газрын даргаар тус тус томилогдон ажиллаж байжээ.
Өмнө нь энэ албыг бригадын генерал Б.Доньжчимбуу хашиж байсан аж. Тэрбээр 1955 онд Хөвсгөл аймагт төрсөн, эрх зүйч мэргэжилтэй.
- 1980-1991 онд НАХЯ-ны УАБХЕГ-т төлөөлөгч, ахлах төлөөлөгч, тасаг, хэлтсийн дарга,
- 1991-1995 онд Монгол Улсаас ЗХУ, ОХУ-д суугаа Элчин сайдын яамны I нарийн бичгийн дарга, Консулын хэлтсийн дарга,
- 1995-1998 онд Засгийн газрын Гадаадын иргэдийн асуудал эрхлэх зөвлөлийн нарийн бичгийн дарга,
- 1998-2002 онд Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын дарга,
- 2002-2013 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт, Засгийн газрын референт, ахлах референт, хэлтэс, газрын дарга,
- 2013-2014 онд Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга,
- 2014-2016 онд Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын дарга,
- 2016 оны наймдугаар сарын 24-ний өдрөөс Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд даргаар томилогдон ажилласан. Гэхдээ энэ албанд удаагүй, Засгийн газар ТЕГ-ын дарга Б.Хурцыг чөлөөлсний дараа Б.Доньжчинбууг мөн “буулгажээ”.
Нэлээд удаан хугацаанд энэ алба эзэнгүй байсан бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга хүнээ томилуулсан гэдэг яриа байна.
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Насантогтохыг томилов
Засгийн газар лхагва гаригт /2020.08.12/ Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Насантогтохыг томилсон юм.
Тэрбээр 1997 онд Эрчим хүчний их сургуулийг ДЦС-ын инженер, 1999 онд ХБНГУ-ын Эрчим хүчний институт, 2008 онд ШУТИС-ийг магистрт тус, тус суралцан төгсчээ. Мөн 2015 онд “ESCPE” сургуульд Эрчим хүчний удирдлага чиглэлээр мэргэжил дээшүүлсэн, Монгол Улсын Эрчим хүчний зөвлөх инженер юм байна.
Ажлын гараагаа “Чойбалсангийн дулааны цахилгаан станц” ТӨҮГ-т машинистаас эхлүүлж, мастер, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д цехийн дарга, төслийн инженер, гүйцэтгэх захирал, “Монголын Эрчим хүчний холбоо” ТББ-д зөвлөх инженер, Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга зэрэг ажил, алба хашин, эрчим хүчний салбарт 22 жил ажиллажээ.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Я.Амаржаргалыг томилов
Засгийн газрын хуралдаанаас лхагва гаригт /2020.08.12/ Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Я.Амаржаргалыг томилов. Тэрбээр өмнө нь тус яамны Эмнэлгийн тусламжийн газрын даргаар ажилладаг байхдаа Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан.
Я.Амаржаргал нь Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. ОХУ-ын Томск хотын генетикийн хүрээлэн, ЭМШУҮИС-ийн докторантурт сурч 2012 онд анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Анагаах ухааны доктор (Ph.D) цолтой. 2000-2002 онд АНУ-ын Алабамын Их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд нийгмийн эрүүл мэнд, олон улсын эрүүл мэндийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. 2010 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийг төгссөн байна.
Эрүүл мэндийн яаманд 2005 оноос мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын орлогч дарга, газрын даргаар тус, тус ажиллажээ.
Тэрбээр 2019 оны аравдугаар сараас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байдаг юм.
МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг сонгов
Монголын Үндэсний Олоимпийн Хороо /МҮОХ/-ны гишүүдийн ээлжит бус хурал өнгөрсөн баасан гаригт /2020.08.14/ болж, ерөнхийлөгчөөрөө Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, "Бээжин-2008" Олимпийн аварга Н.Түвшинбаярыг сонголоо. Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 96,4 хувийн дэмжлэг хүлээсэн юм.
1984 оны зургадугаар сарын 1-нд төрсөн
- Булган аймгийн Эрдмийн Өргөө цогцолбор 2 дугаар сургууль
- 2002 онд, “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг 2006 онд багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн
- 2006 оноос улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан, олон улсын тэмцээнд 100 кг-ийн жинд барилдаж эхэлсэн
- 2008 онд Зуны олимпын 29 дүгээр наадмын алт,
- 2012 онд Зуны олимпын 30 дугаар наадмын мөнгө,
- 2017 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл,
- 2015 онд Багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, 2014 онд Азийн наадмын алт, 2014 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль хүртсэн.
- 2013 онд Улсын их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 6 давж, Монгол Улсын харцага цол, 2017 онд долоо давж, Монгол Улсын заан цол хүртсэн.
Мөн МҮОХ-ны дэд ерөнхийлөгчөөр Биеийн тамир, спортын газрын дарга асан Ч.Наранбаатар сонгогдов.
МҮОХ-ны дэд ерөнхийлөгчид Монголын волейолын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга асан Цэвэгмидийн Бат-Энх, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар 2004-2017 онд ажилласан Жүгдэрийн Отгонцагаан, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны дарга асан Галсанжамцын Пүрэв-Очир нар өрсөлдсөн ч санал хураах үеэр Ж.Отгонцагаан өөрийн хүсэлтээр нэрээ татсан юм.
Хуралд оролцсон 130 гишүүний 123 нь Ч.Наранбаатарыг дэмжжээ.
1954 оны арванхоёрдугаар сарын 27 нд төрсөн
- Нийслэлийн 5-р дунд сургууль
Монгол улсын багшийн их сургууль
Германы Залуучуудын дээд курс дүүргэсэн /БНАГУ/
1975 онд Хөнгөн атлетикийн өндрийн харайлтын төрлөөр Монгол улсын спортын мастер
1997 онд Боловсрол судлалын магистрын зэрэг
2012 онд Сурган хүмүүжүүлэх ухааны доктор /Ph.D/ цол - Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооны Ерөнхийлөгч
2002-2005 онуудад Нийслэлийн Биеийн тамир, спортын хорооны дарга - 2005-2012 онуудад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын даргаар тус тус ажилласан
- 1984 онд Монгол улсын Засгийн газрын жуух бичиг
2000 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
2003 онд Монгол улсын Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан
2005 онд Монгол улсын Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан
2008 онд Монгол улсын гавьяат дасгалжуулагч
Ихэр охид тусгаарлалтаас гарлаа
Истанбулаас-Улаанбаатарыг чиглэн тусгай үүргийн нислэг үйлдэж байсан МИАТ компанийн онгоцонд долдугаар сарын 9-нд мэндэлсэн ихэр охид ээжийнхээ хамтаар өнгөрсөн мягмар гаригт /2020.08.12/ Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гарлаа. Тэднийг сувилалд шилжүүлж байна.
Ихэр охид дутуу буюу долоон сартайдаа мэндэлсэн ч нэг сар гаруй хугацаанд жиндээ хүрчээ.
МИАТ компанийн хамт олон агаарын хөлөгтөө мэндэлсэн ихэр охидод 18 нас хүртлээ МИАТ компанийн онгоцоор үнэ төлбөргүй зорчих батламжийг энэ өдөр олгосон юм.
Ихэр охидод Энхцэлмэг, Энхжигүүр нэрийг аав, эгч хоёр нь өгчээ.
Монголын иргэний агаарын тээврийн түүхэнд олон улсын нислэгт ихэр хүүхэд мэндэлсэн тохиолдол анхных болж, тэмдэглэгдсэн бол дэлхий дахинд мөн ийм тохиолдол тун цөөхөн юм байна.
Дутуу төрсөн ихэр охидыг эх барьж авахад олон эмч гар сэтгэл нийлэн ажилласнаар эрсдлийгдаван туулж чадсан гэдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн газрын дарга Б.Батсүх хэлсэн юм.
Тэрбээр “би халдвартын эмч, анх удаа тусгай үүргийн нислэгт явсан нь долдугаар сарын 9-ний Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэг байлаа. Онгоц хөөрснөөс 30 минутын дараа төрөхийн өмнөх өвдөлт эхэлсэн. Тухайн үед онгоцны үйлчлэгч "хүний бие муудлаа" гэж дуудаад, очиход эхийн даралт өндөр 150/100-тай байсан. Охидын ээж долоон сар гаруйтай жирэмсэн, ихэр хүүхэд тээж байгаа гэдгээ хэлсэн.
Даралт бууруулах эм өгөөд байж байтал удалгүй ус нь гарсан. Онгоцонд тусгай өрөө байхгүй тул хоол бэлддэг өрөөнд оруулж, хоол цай зөөдөг ширээн дээр хэвтүүлсэн. Эхийн даралт их, хавантай, дутуу тээлттэй байсан нь хэвийн нөхцөлд ч эрсдэлтэй, хүнд төрөлт юм.
Нислэгийн багт би ганцаараа эмч байсан тул зорчигч дунд эмч хүн бий эсэхийг асуухад хүүхдийн эмч, Эх нялхсын сэхээний сувилагч, орон нутагт эмчээр ажиллаж байсан туршлагатай хүмүүс байж таарч, сайхан баг бүрдсэн.
Төрсний дараа эхийн даралт унасан, онгоц буухад гурван цаг дутуу байхад нярайн зүрх зогссон тул зүрхний массаж хийж, байнгын хүчилтөрөгчтэй явж байж ирсэн. Ганц, хоёр эмчид бол хүнд байх байсан. Олон хүний дэмжлэгтэйгээр эх, хүүхдүүдээ эсэн мэнд авчирсандаа баяртай байгаа. Мөн энэ хугацаанд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар маань ихэр охидод өдөр бүр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, хяналт тавьсанд баяртай байна” хэмээн талархлаа илэрхийлсэн юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ