ОХУ: Коронавирусийн эсрэг “Спутник 5” вакциныг үйлдвэрлэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.08.16-нд нийтлэгдсэн

ОХУ: Коронавирусийн эсрэг “Спутник 5” вакциныг үйлдвэрлэж эхэллээ

ОХУ: Коронавирусийн эсрэг “Спутник 5” вакциныг үйлдвэрлэж эхэллээ

ОХУ-ын Эрүүл мэндийн яам өчигдөр/2020.08.15/ коронавирусийн эсрэг дэлхийн хамгийн анхны вакциныг бөөнөөр үйлдвэрлэж эхэлснийг зарлалаа. Тус вакциныг 1957 онд Москвагийн хөөргөж байсан алдарт хиймэл дагуул “Спутник 5”-ын нэрээр нэрлэжээ.

Харин вакцин бүтээсэн Гамалэя үндэсний судалгааны төв вакциндаа албан ёсоор “Гам-КОВИД-Вак” хэмээх нэр өгчээ. Шинэ вакцин хоёр тунтай бөгөөд тус хоёр тунг иргэд гурван долоо хоногийн зайтай дахин тариулснаар дархлаа тогтох гэнэ. Вакцин бүтээх ажлыг ОХУ-ын бие даасан хөрөнгийн сангийн захирал Кирилл Дмитриев санхүүжүүлжээ.  Тэрбээр Москвад 20 өөр орноос тэрбум гаруй вакцины захиалга ирсэн гэдгийг онцолсон байна.

ОХУ тус вакциныхаа туршилтын хоёрдугаар үеийг зургаа, долдугаар сард дуусгасан хэмээн мэдэгдэж, нэгэнт туршсан зүйлийг дахин туршиж хамгийн сүүлийн буюу гуравдугаар шатыг гүйцэтгэх шаардлагагүй хэмээн үзсэнээ зарлаж буй юм.

Эргэн сануулбал ДЭМБ-ын зүгээс шинэ бүтээгдэж буй вакциныг хүн дээр гурван шатны туршилт хийхийг шаарддаг билээ. Тухайлбал, эхний шатанд сайн дурын 100-аас ихгүй хүн оролцож туршилтын вакциныг тариулах ба үр дүнг нь хоёрдугаар шатанд нарийвчлан судлах аж. Түүний дараа вакциныг дахин 1000-аас дээш хүнд тарин туршиж байж албан ёсоор баталгаажуулах ёстой юм.

"Спутник 5" вакциныг ард иргэдэд 2021 оны нэгдүгээр сараас тарьж эхлэх тул гуравдугаар шатыг гүйцээх 4-5 сарын хугацаа бий хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Мөн зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар ОХУ вакциныхаа эхний шатын туршилтыг ердөө 38-хан хүн дээр хийсэн нь үр дүнтэй гэж үзэхэд хэцүү гэнэ.

Барууны орнуудын үзэж байгаагаар бол ОХУ вакцин бүтээх уралдаанд түрүүлэхийн тулд хэт яарч, эрсдэлийг дутуу үнэлсэн аж. Мөн эхний ээлжинд багш, эмнэлгийн ажилчид гэх мэт шаардлагатай хүмүүсийг л дархлаажуулна хэмээн ОХУ мэдэгдсэнийг барууны эрүүл мэндийн мэргэжилтнүүд ихээр шүүмжилж байна.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долоо хоногт вакцинаа албан ёсоор бүртгүүлэхдээ ийнхүү богино хугацаанд бүтээсэн шалтгаанаа өмнөх олон эмчилгээ, дархлаажуулалтын ажил, судалгаануудаас хуримтлагдсан асар их мэдээлэл, туршлагын үндсэн дээр коронавирусийн вакцин бараг бэлэн байсан хэмээн тайлбарласан юм.

ОХУ-д өдгөө коронавирусийн халдвар авсан 917 884 хүн бүртгэгдсэнээс 15 617 хүн нас барсан байна. Харин дэлхийд халдвар авсан нийт 21 601 847 хүн бүртгэгдсэний 768 667 нь нас барсан байна.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ЗөвЗөв
16
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж