Холимог тулааны аварга Хабиб Нурмагомедов Москвад хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “шинэ Хабиб” хэмээн нэрлэгдээд буй Шведийн тамирчин Хамзат Чимаевын талаарх санал бодлоо хуваалцжээ.
Өдгөө 31 настай Нурмагомедов Шведийн тулаанчийн чадвартайг тэмдэглээд, Чимаевыг өөртэй нь олонтаа харьцуулж байгаад нэг их гайхахгүй байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр "Бид хоёулаа нэг бүсээс ирсэн. Би Дагестанд төрсөн, тэр Чеченийх. Тэр бас тулалддаг. Би одоо түүнд заалнаас гарахгүй байхыг зөвлөх байна. Тэр маш хүчтэй өрсөлдөгчидтэй тулах болно. Камер, олны анхааралд өртөх, энэ бүхэн чамайг сатааруулж болзошгүй юм. Анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй" гэжээ.
Хамзат Чимаев холимог тулааны UFC холбооны шинэ дээд амжилт тогтоогоод буй юм. Шведийн нэрийн өмнөөс тэмцээнд оролцдог тэрбээр 10-хан хоногийн дотор хоёр өөр өөр жинд тулаан хийхдээ өрсөлдөгчдөө хугацаанаас нь өмнө буулган авчээ.
Чимаев Чеченьд төрсөн бөгөөд 16 настайдаа Шведэд очсон байна. Тэрбээр найман тулаан хийж, найман ялалт байгуулсан амжилттай. Сүүлийн хоёрхон долоо хоногийн хугацаанд шинэ од Чимаевыг инстаграмм хуудаст 300 мянга гаруй хүн дагах болжээ.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ