Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Др.Сергей Диордицаг хүлээн авч уулзаж, "COVID-19"-ийн цар тахлын халдварын дэлхий дахины нөхцөл болон вакцин хөгжүүлэлтийн явц байдлын талаар дэлгэрэнгүй ярилцжээ. Уулзалтын үеэр суурин төлөөлөгч Др.С.Диордица "Covid-19"-ийн эсрэг вакцины дэмжлэг авах улсуудын жагсаалтыг ДЭМБ баталсан бөгөөд үүнд Монгол Улс багтсаныг мэгдэгдэв.
Тэрбээр “Шинэ өвчний эсрэг вакцин гаргах үйл явц олон жил зарцуулдаг нарийн төвөгтэй ажил хэдий ч шинэ төрлийн коронавирусийн вакцины хувьд маш богино хугацаанд гаргаж авахаар дэлхийн олон улс орон шаргуу ажиллаж, урьдчилсан байдлаар нааштай үр дүн гарч байна” гэв. Түүний мэдээлснээр, наймдугаар сарын 10-ны байдлаар дэлхийн улс орнуудад нийт 160 гаруй вакцин хөгжүүлж байгаагаас 28-д нь эмнэл зүйн шатны судалгаа хийж буй бол 139 нэрийн вакцин эмнэл зүйн өмнөх шатны судалгааны үедээ байгаа аж.
Эмнэл зүйн шатны судалгаа хийж байгаа вакцинуудаас зургаа нь сүүлчийн шатны буюу гуравдугаар шатны туршилт судалгаагаа хийж буй юм байна. Үүнд, Их Британийн Оксфордын их сургууль, "Астра Зенека" компанийн хамтран гаргаж буй вакцин, БНХАУ-ын биотехнологийн компаниудын 3 вакцин, АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захиалгаар "Модерна" компанийн хөгжүүлж байгаа вакцин, тэрчлэн АНУ болон ХБНГУ-ын хамтарсан вакцин хамрагдаж байгаа аж. Эдгээрээс гадна АНУ, БНХАУ, Австрали, Канад, Энэтхэг, Их Британи, ХБНГУ, Япон, ОХУ, БНСУ зэрэг улсын хөгжүүлж буй 20 гаруй нэрийн вакцины хувьд эмнэлзүйн 1 болон 2 дахь шатны туршилт судалгаа хийж буй юм байна.
Др.Сергей Диордица "ДЭМБ-д байгаа мэдээллээр ОХУ-ын Гамалейн нэрэмжит эрдэм шинжилгээний хүрээлэнгийн вакцин нь эмнэлзүйн туршилтаа зургадугаар сард эхлүүлж, нэг болон хоёр дахь шатны туршилтаа хийсэн байна. Уг вакцины хувьд цаашид ОХУ түүнчлэн Ойрх Дорнод болон Латин Америкийн зарим улсад үргэлжлүүлэн турших тухай мэдээллийг уг вакцины талаарх Оросын эх сурвалжаас авсан" гэжээ.
Эмнэл зүйн гурав дахь шатны туршилт судалгаа дуусч, хүний биед дархлаа тогтоох чадвар болон аюулгүй байдлыг бүрэн хангасныг тогтоох хүртэл олон дамжлагаар шалгагддаг байна.
ДЭМБ-ын хувьд вакцинд зөвшөөрөл олгох үйл явц маш нарийн бөгөөд туршилт судалгаа хэрхэн хийсэн талаарх дэлгэрэнгүй протоколыг хянаж нягталсны үндсэн дээр чанар, аюулгүй байдлын урьдчилсан гэрчилгээг олгож, мөн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргасны дараа ч тогтмол хянаж байдаг аж.
ДЭМБ-аас "COVID-19"-ийн халдварын эсрэг аюулгүй, үр дүнтэй эм, вакцин, оношлуур зэрэг эрүүл мэндийн шинэ технологийн туршилт судалгааг хөхиүлэн дэмжиж, цаашид дэлхийн улс орнуудад тэгш хүртээмжтэй байлгах тусгай механизмыг бий болгон ажиллаж буй. Үүний нэг нь "Вакцин дархлаажуулалтын глобал альянс" буюу GAVI байгууллагатай хамтран вакцин бүтээх ажлыг урагшлуулж, вакцин бэлэн болоход дэлхий нийтэд хүртээмжтэй байлгах зорилгоор COVAX Facility гэж нэрлэх механизм бий болгожээ.
Монгол Улсын хувьд уг механизмд нэгдэн орох хүсэл сонирхлоо илэрхийлсэн бөгөөд COVAX Facility-ийн Захирлуудын зөвлөлийн хурлаас эхний ээлжинд тус механизмын хүрээнд дэмжлэг авах улсуудын жагсаалтыг баталсан бөгөөд үүнд манай улс багтсан байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ